Их хэмжээний ус хэрэгтэй учир Төгрөг нуур орчмыг сонгосон

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Их хэмжээний ус хэрэгтэй учир Төгрөг нуур орчмыг сонгосон

“Liberty Partners” компанийн ажиллаж буй “Ай-Си-Эм” компанийн Төгрөг нуур орчим хэрэгжүүлэх нүүрс шингэрүүлэн бензин гаргах үйлдвэрийн төслийн Германы технологийн тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганбатаас тодрууллаа.

Юуны өмнө Герман улсын ямар компанийн технологи болохыг танилцуулахгүй юу?

Манай компанийн ажиллаж буй төсөл нь Германы “ThyssenKrupp” Концернийн  технологийн салбар компани болох Uhde-ийн PRENFLO Gasification технологиор хийгдэж байгаа юм. Шингэрүүлэх хэсэг нь Америкийн ExxonMobil-ийн MTG технологи. Uhde компани нь Германы  Дортмунд хотод төвтэй. “ThyssenKrupp” ” Концерн нь 180 мянган ажилчинтай, жилд нийт 43 тэрбум еврогийн хөрөнгийн эргэлттэй. “Uhde” компани нь энэхүү хийжүүлэлтийн технологиор 2000 гаруй үйлдвэрийг барьж байгуулсан ба нийт 57 жил уг салбарт үйл ажиллагаа явуулсан арвин туршлагатай.

Ямар учраас энэ компанийн технологийг сонгох болов?

“ThyssenKrupp”-ийн Uhde компани нь газ үйлдвэрлэх процесс хүртэл болоод Exonmobil-ийн MTG дээр мөн давхар баталгаа гаргаж өгнө хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл түүхий нүүрс үйлдвэрлэлээр ороод эцсийн бүтээгдэхүүн бензин болон гарч ирэх хүртэл бүрэн баталгааг өгөх юм. Хятадад нүүрс шингэрүүлэх төслийн үйлдвэрүүд ч бас бий. Тус улсын “Шиньхуа” компани тоног төхөөрөмж, технологиудын зарим хэсгийг өөр олон газраас цуглуулан үйлдвэр байгуулахыг оролдсон ч эхний 1-2 оролдлого нь амжилтгүй болсон. “ThyssenKrupp”-ийн хувьд анхнаас нь төгсгөл хүртэл технологийн баталгаа өгөх нөхцөлөөр санал тавьсан юм. Энэхүү саналаа мөн Монголын Засгийн газарт тавьсан байгаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ–д хийсэн айлчлалаар хоёр тал Санамж бичигт гарын үсэг зурсан.

Нүүрс шингэрүүлэн бензинээс гадна дизель түлш ч үйлдвэрлэх боломжтой. Танай компани яагаад бензин гаргах үйлдвэрийг сонгосон бэ?

Бид бензин гаргах технологийг анхнаасаа санхүү талаас нь тооцолсон. Монголын эдийн засаг уул уурхайн салбар дээр суурилсан учир цаашид дизель түлшний хэрэгцээ өсөх нь мэдээж. Өнөөдрийн байдлаар манай улс нийт нэг сая тонн орчим түлш импортоор авч байна. 2020 он гэхэд нийт хэрэглээ дөрвөн сая тонн орчим болж өсөх хандлагатай.

Манай  компанийн хувьд энэ төс­лийн  нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор дөрвөн тэрбум евро гэж дээд хязгаарыг нь тавьсан. ТЭЗҮ-ээр германчуудын гаргасан тооцоогоор нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь 1.7 тэрбум еврогийн өртөгтэй. Европын барилгын чанар стандарт болон үнэ дээр тулгуурласан тооцоо юм. Энэ үнийн дүнг 30 хувиар нэмэх, хасах магадлалтай. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн дэргэд нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Хэрэв эдгээр нь хэрэгжвэл анхны 1.7 тэрбум еврогийн зардал болон магадлашгүй зардал нэмэгдээд дөрвөн тэрбум орчим еврогийн хөрөнгө оруулалт бүхий цогцолбор болох юм. Монголын зах зээлд дизель түлш дээр тулгуурлан дөрвөн тэрбум еврог босгож чадахгүй.  Учир нь дотоодын худалдан авах компаниудын боломж олон тэрбумын эргэлттэй биш болохоор цэвэр санхүүжилт талаас нь зээлийг босгоход боломжгүй болоод байгаа юм.

Тиймээс бид үйлдвэрлэх бензин бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг Хятадын зах зээлд борлуулна. Тус улсын худалдаж авах компаниуд нь томоохон, улсын байгууллагууд учир жилийн эргэлт нь хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Тиймээс банкууд зээл олгоход хамаагүй итгэл найдвартай байна гэж бид харж байна. Төслийн санхүүжилтээр хамгийн эрсдэл үүрэх хэсэг нь банкууд юм. Банкны зүгээс дөрвөн тэрбум евро гэж тооцоолж үзэхэд гурван тэрбумыг нь зээлээр өгч, үлдсэн нэг тэрбум еврог нь гадна дотны бусад хөрөнгө оруулагч нарыг татаж бид өөрсдөө босгох ёстой. Зээлийн 60 хувь буюу гурван тэрбум евро нь үндсэндээ технологио нийлүүлэх компанийн судалгаа, туршлага, үйл ажиллагаа болон бидэнтэй урт хугацааны гэрээ байгуулсан эсэх дээр тулгуурлан олгогдох юм. Энэ технологийг манай компани сүүлийн таван жилийн хугацаанд судалж байна.

Энэ технологийг манай улсад нутагшуулахад хүндрэлтэй асуудал бий юү?
 

Технологийн талаас нь авч үзэх юм бол бэрхшээл байхгүй. ТЭЗҮ хийхдээ “ThyssenKrupp” нь манай нүүрсийг шинжлээд тохиромжтой эсэхийг нь судалж үзсэн. Манай эрчим хүчний нүүрсний хувьд боловсруулалгүй Хятад, Япон, Солонгос болон Орос руу экспортлоход тээврийн зардал нь өндөр учир ашиггүй.  Дотоодын цахилгаан станцад ашиглахгүй бол өөр борлуулах боломж одоогоор үгүй. Тийм учраас Монголд нүүрс шингэрүүлэн  түлш гаргах үйлдвэр байгуулах юм бол дотооддоо эрчим хүчний нүүрсний эрэлтийг бий болгож чадна.

Нүүрс шингэрүүлэн түлш гаргахад ус нэлээд шаардагддаг?

Энэ үйлдвэрт маш их хэмжээний ус хэрэгтэй учир Төгрөг нуурын орчмын газрыг сонгоод байгаа. Нэг сая тонн бензин үйлдвэрлэхэд дөрвөн сая гаруй тонн нүүрсний орц усны хувьд харьцаа нь 1/7 гэсэн байдаг. Төгрөг нуур нь гүний ус сайтай. Бидний ТЭЗҮ-ээр усыг цэвэршүүлэн дахин ашиглахаар төлөвлөсөн байгаа.

Энэ технологийг ашиглан бензинээс гадна ямар дайвар бүтээгдэхүүнүүд гарах вэ? Тэдгээр нь юунд, хэрхэн ашиглагдах юм?

Бензин, LPG буюу шингэн газ, уур болон хүхэр зэрэг үндсэн дөрвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Бензин нь мэдээж дотоодын хэрэглээнд болон тодорхой хэсэг нь экспортод гарна.  Шингэн газын хувьд ахуйн хэрэглээнд ашигласнаар хотыг утаагүй болгох бололцоо үүснэ. Уурын хувьд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн дэргэд цогц болгон барихаар төлөвлөж буй цахилгаан станцыг ажиллуулахад ашиглах юм.  Хэрэв цахилгаан станц барих шаардлагагүй гэж үзвэл уурыг ашиглан хүлэмж байгуулах боломжтой.  Хүхэр  нь тээвэрлэлт хийхэд тодорхой хэмжээнд аюултай, түүнийг хэрхэх вэ зэрэг асуудал өмнө нь тулгарч байсан. Харин сүүлийн үед бидний олж мэдсэнээр Францын “Арева” компани төслийнхөө хүрээнд Сайншандын ойролцоо бордооны үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрт хүхрийг хэрэглэх бололцоотой болж байгаа юм. Хэрэв шаардлагатай хүхрийг Монголоос худалдаж авах боломжгүй бол Хятадаас импортоор оруулж ирэхээр тус компани  төлөвлөж байгаа юм билээ.

Энэхүү үйлдвэрээс гарах бензин дотоодын зах зээлд ямар үнээр борлуулагдах тооцоо байгаа вэ?

Санхүүгийн загварчилсан тооцоог  хийж үзэхэд үйлдвэрлэлийн ашиг, зарлагаа барих  өртөг нь нэг тонн нь 440 евро буюу ойролцоогоор 570 орчим ам.доллар байгаа юм. Өнөөгийн зарагдаж байгаа дизель ба  АИ 95 нь литр тутамдаа 1300 ам.долларын үнэтэй гэж үзэхэд борлуулалтын үнэ компанидаа нэлээд ашигтай бөгөөд хэрэглэгчдийн хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хямд байх юм. Тодруулбал өнөөгийнхөөс хоёр дахин хямд үнэтэй гэсэн үг.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж