Төслийг хэрэгжүүлэх технологийн судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
Монгол улсын эдийн засаг маш эрчимтэй хөгжиж байна. Ойрын таван жилд хэд дахин нэмэгдэх хандлагатай. Гэтэл нөгөө талаасаа эдийн засаг нь 100 хувь импортын түлшээс хамаардаг учир хэтэрхий эмзэг байгаа нь маш том эрсдэл юм. Эдийн засгийн хөгжлийг зогсоох, бүр нураах ч аюултай. Тийм учраас дотооддоо шингэн түлш үйлдвэрлэх нь зайлшгүй чухал гэж МАК үзсэн. Манай улсад маш их хэмжээний нүүрсний эх үүсвэр байна. МАК нь үндэсний томоохон аж ахуйн нэгж бөгөөд нүүрсний салбартаа ч тэргүүлэгч компани. Тийм учраас бид нүүрсийг гүн боловсруулж, шингэн түлш гаргаж авах энэ төслийг хэрэгжүүлэхээр зориг шулуудан ажиллаж байна. 2004 оноос хойш нүүрс шингэрүүлэх, шатдаг занараас түлш үйлдвэрлэх чиглэлийн технологийн судалгаануудыг хийж ирсэн.
Танай компани аль улсын, ямар технологийг сонгоод байна вэ?
Үйлдвэр маань том хэмжээнийх. Жилд 400 мянган тонн бензин үйлдвэрлэнэ. Дэргэдээ цахилгаан станцтай. Энэ нь өөрөө асар том бүтээн байгуулалт учир нэг улсын технологиор барьж болохгүй. Зургаан сая тоннын ил уурхай, үйлдвэрийн талбай хүртэл конвейрийн тээврийн систем, нүүрсийг бэлтгэн хатаах байгууламжуудтай. Цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэр нь дотроо жижиг үйлдвэрүүдээс бүрдэх бүхэл бүтэн цогцолбор юм. Аж үйлдвэрийн төслийн үндсэн тоног төхөөрөмж болон технологийн сонголтоо хийчихсэн. Герман, АНУ, Дани болон бусад орнуудын технологиуд байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд Герман улсын бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана. Технологийн сонголтыг бид үндсэндээ хийгээд дууссан. Одоогоор гол технологи нийлүүлэгчидтэйгээ анхан шатны зарим яриа хэлэлцээрийг хийгээд явж байна.
Үйлдвэр нүүрсний уурхайгаа түшиглэх нь гарцаагүй. Уурхайгаас гадна өөр ямар нөхцөлүүдийг харгалзаж, үйлдвэрийнхээ байршлыг тогтоосон бэ?
Байршлын хувьд маш олон хувилбарыг авч үзээд эцсийн байдлаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэхээр шийдвэрлэсэн. Сонгосон гол шалгуур нь мэдээж нүүрсний нөөц. Гэхдээ нүүрсний нөөцөөс илүүтэйгээр дэд бүтцийн тааламжтай нөхцөлийг харгалзан үзсэн. Энэ том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц нэн тэргүүнд шаардлагатай. Адуунчулууны орд нь хойшоо төмөр замаар ОХУ-ын Транссибирийн төмөр замтай холбогддог, БНХАУ-ын хилтэй ойр байрладаг. Хэрлэн голын гүний ус хангалттай сайн. Нүүрс химийн үйлдвэрлэл нь усны эх үүсвэр байхгүй бол бүтэхгүй.
Дорнодын төмөр зам Монголын төвийн төмөр замтай холбогдох төрийн бодлого гараад ажил нь хийгдэж байгаа. Тэгэхээр үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнээ төвийн бүс рүү тээвэрлэхэд хялбар болно гэсэн үг. Дорнодын зүүн бүсийн эрчим хүчний системийг төвийн цахилгаан дамжуулах шугамтай холбох төрийн бодлого ч бий. Тиймээс дэд бүтцийн хувьд их таатай болж байгаа юм. Цаашилбал Монгол улс зүүн хойд Азийн бүс нутагт оршдог. Зүүн хойд Ази гэдэг нь Япон, Солонгос, Хятад болон ОХУ юм. Япон, Солонгос, Хятад нь дэлхийн газрын тосны 1/5-ийг хэрэглэдэг. Энэ хэрэглээнд түлш, эрчим хүч, химийн бүтээгдэхүүн багтах бөгөөд асар том зах зээл юм. Эдгээр оронтой эдийн засгийн интеграцид орсноор Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн нөхцөл бүрдэнэ.
Энэ утгаараа нүүрс химийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, эхний ээлжинд зөвхөн бензин үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Хэтийн төлөвөөр өндөр үнэтэй, хуванцар химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нефть химийн хэрэглээ ихтэй зүүн хойд бүсийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэж харж байгаа. Монгол улс бүсчилсэн хөгжлийн бодлого баримталдаг. Бүсчилсэн хөгжил бол Дорнод аймаг, зүүн бүсийн гол тулгуур хот бол Чойбалсан яах аргагүй мөн. Хүн ам ихтэй, дэд бүтэц харьцангуй сайтай газар. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн суурь бааз хөгжсөн. Ийм газарт төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын хөгжлийн бодлоготой уялдаж, урт хугацаанд амжилттай хэрэгжинэ гэж үзэж байгаа.
Бензинээс гадна дайвар ямар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх вэ? Тэдгээр дайвар бүтээгдэхүүний зах зээл манай улсад бий юу?
Бензинээс гадна LPG буюу шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэнэ. Манай улсад үйлчилгээ, ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг баллонтой хий юм. Монголын өнөөгийн хэрэглээнээс арав дахин их хэмжээний бүтээгдэхүүн гарна. Энэ нь маш өргөн хэрэглээтэй бөгөөд зөвхөн Оросоос өндөр үнээр худалдан авдаг бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл манайд хэрэглээ, зах зээл нь бий гэсэн үг.
Ямар учир бензин гаргах технологийг сонгосон юм бэ?
Бензин гаргаж авахын тулд нүүрснээс метилийн спирт үйлдвэрлэдэг. Дараа нь метилийн спиртийг бензин болгон хувиргадаг. Метилийн спирт нь химийн өндөр үнэтэй, маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түүхий эд, завсрын бүтээгдэхүүн юм. Бид юуны өмнө зөвхөн бензин үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлнэ. Хэтдээ нүүрс хийжүүлэх болон метилийн спиртийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөнө. Илүү алсыг харсан урт хугацааны химийн үйлдвэрийг хөгжүүлээд Зүүн хойд Азийн өндөр хэрэглээтэй улсуудад нийлүүлнэ гэж энэ төслөө сонгож авсан юм.
Дизель түлш үйлдвэрлэх технологи нь их нарийн, хөрөнгө оруулалт нь нэлээд өндөр байдаг. Бидний хувьд аль болох ганц түүхий эд нүүрснээс ганц, аль эсвэл цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа юм. Ингэсний ач холбогдол нь нэгдүгээрт, технологийн хувьд энгийн, ажиллуулахад хялбар байна. Цөөн төрлийн бүтээгдэхүүн гарах учир химийн янз бүрийн бодис хэрэглээ нь ч бага байх юм. Химийн бодис бага хэрэглэх нь мэдээж байгаль орчинд ээлтэй.
Ер нь энэ цогцолборыг барьж байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах бол? Санхүүжилтийг хаанаас, хэрхэн босгох вэ?
Санхүүжилтийн хувьд урьдчилсан дүнгээр хоёр тэрбум ам.доллар орчим хөрөнгө шаардагдана. Зураг төслийг дэлхийн хамгийн том инженерингийн компанийн нэг хийж байгаа. Зураг төслийн ажил энэ оны дундуур дууссаны дараа санхүүжилтийг ямар компани, аль эсвэл төртэй ямар байдлаар хамтарч болохоо ярилцана. Одоогоор санхүүжилт ярихад арай эрт байна. Ер нь санхүүжилтыг хамгийн том асуудал гэж бодохгүй байгаа. Хамгийн том асуудал бол боловсон хүчин. Сүүлийн үед манай компани Цагаан суваргын үйлдвэр болон Цементийн үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлээд явж байна. Эдгээр ажлыг харж байхад хамгийн гол нь мэргэшсэн сайн баг байгаад зөв технологийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй төслүүд байх юм бол санхүүжилтийг эрж, хайж, гуйж явах биш харин бизнес хийж яваа хүмүүс өөрсдөө ханддаг. Ийм боломж ч өргөн байна.
Боловсон хүчин, мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэж байна вэ?
Хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. АНУ, Герман, ОХУ, Солонгос, Япон зэрэг оронд оюутан сургаж байгаа. Дотоодын их, дээд сургуулиудтай тодорхой түвшинд хамтарч ажиллаж байна. Оюутнууд бэлдэхээс гадна заримтай нь судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Мэргэжлийн сургуулиудаар МАК-ийн мэргэжилтнүүд хичээл заах, зарим төрлийн дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажилд авах зэргээр хамтарч ажилладаг. Мөн нүүрс, химийн салбарт амжилттай ажиллаж байгаа Хятадын үйлдвэрүүдэд хүмүүсээ дадлагажуулан сургаж байна.
Ингэхэд энэ төслийн цаана хэчнээн ажлын байр бий болох вэ?
Нийт 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Их нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд хэрэгтэй учир зөвхөн компаниас гадна төрийн бодлогоор боловсон хүчнээ сайтар бэлтгэх шаардлагатай байгаа юм. Зөвхөн МАК ч биш, миний төсөөлж байгаагаар манай улсад одоогоор 10-20 мянган нарийн мэргэжлийн инженерүүд хэрэгтэй. Том төслүүд яригдаад л байдаг, гэтэл ажиллах боловсон хүчин нь бэлэн биш байна.
Хугацааны хувьд үйлдвэр хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй вэ? Төсөл одоогоор ямар шатандаа явагдаж байна вэ?
Энэ сард уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн хоёр жилд Адуунчулууны уурхайд их хэмжээний бэлтгэл ажлуудыг хийлээ. Эрэл хайгуулын ажлаас гадна нүүрс химийн технологи нь нарийн учир нүүрсний шинж чанарыг ордын хэмжээнд метр тутамд нь өрөмдөж шинжилсэн. Эдгээр нэмэлт ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Усны судалгаа, газрын фото зураг, геотехникийн хөрсний суурийн судалгааны ажлуудыг мөн хийж гүйцэтгэсэн. Одоо салбар оффисоо байгуулаад, тодорхой хэмжээний техник тоног төхөөрөмжөө татаад эхэлсэн. Мөн ажилчдын тосгоны байр сууцны бэлтгэлийг хийж байна. 2013 онд үйлдвэрийн үндсэн зураг төслийг бүрэн дуусгаад барих гэрээний ажлыг эхлүүлнэ. 2015 онд цахилгаан станцын эхний хэсэг, 2016 онд хоёр дахь хэсэг баригдаж, 2017 онд шатахууны үйлдвэр ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа.
Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний үнэ ямар байх бол?
Нэг литр бензин 1200 төгрөгийн үнэтэй гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэхдээ эдийн засгийн үнэлгээг дахин нарийвчилж гаргана.