-Ямар учраас нүүрсний үнэ нэмэгдсэн бэ?
-Үнэ нь нэмэгдээд бараг 14 хонож байна. Учир нь Налайхын нүүрсний амууд хаагдчихсан. Товчоогоор биднийг оруулахгүй байгаа. Бид нөөцөлсөн нүүрсээ зарж байгаа. Тиймээс үнийг нь нэмсэн юм. Эхэн үедээ бид 1500 төгрөгөөр зарж байсан. Иргэд үнэтэй байна гээд байхаар 200 төгрөгөөр хямдруулсан.
-Та бүхэн нүүрсээ хуучин үнээр нь л авсан биз дээ?
-Тийм л дээ, хуучин үнээрээ л худалдаж авсан. Намар болтол нүүрсний ам нээгдэхгүй юм чинь бид үнээ нэмэхээс өөр аргагүй. Бидэнд мөнгө хэрэгтэй байна.
-Уутлаад зарахад нэг машинаас хэр ашиг унадаг вэ?
-Өндөрлөгөөтэй Porter машинтай нүүрсийг 220 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм. Шатахууны зардал нь 30 мянган төгрөг байдаг. Баянзүрхийн товчоогоор орж ирэхэд патент гээд 10 мянган төгрөгийн татвар төлдөг. Тэр патентаараа нэг сар явах эрхтэй байдаг. Өндөрлөгөөтэй нүүрс ачлаа гээд товчоон дээр цагдаа нарт 5-аас 10 мянган төгрөгөөр торгуулна. Эцэст нь Porter машинаас 70-аад мянган төгрөгийн цэвэр ашиг унадаг. Харин сүүлийн өдрүүдэд нүүрсний үнээ нэмсэнээр овоо ашигтай байгаа.