
ҮЗХ, МАХН Бага чуулган, ИЗНН Үндэсний хорооны хурлаа хийж, нэг ёсондоо
сонгуулийн шинийн 1-нд зүг, мөрөө гаргах замын зургаа бэлэн болгов.
Ирэх сонгууль шударга болно гэхээсээ илүүтэй эрх баригч намын урьдчилан
дэглэсэн сценараар явагдах нь нэгэнт тодорхой болсон. МАН нэг талаас
нарийн бичгийн дарга Л.Амарсанаагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын
даргаар томилж, цахим үнэмлэх, санал тоолох машины асуудлыг гацааж,
нөгөө талаас өөрийн хүчтэй өрсөлдөгч МАХН-МҮАН-ын холбооноос
болгоомжилж, тyc холбооны дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх арга
сүвэгчлэн, барьж хорьсон нь ирэх сонгуулийн өнгийг ийнхүү тодотгож
байгаа юм.
МАН-ын Задрал-Сонгуулийн хямрал
МАН-ын энэ удаагийн Бага хурал сонгууль дөхсөнөөс гадна Ч.Улаан,
Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарын намаасаа гарсан гишүүдийн гэнэтийн
бэлэгтэй хуралдсанаараа онцлог. Ц.Даваасүрэн ч бүлгээсээ гарав. МАН
түүнийг намаасаа гараагүй байхад Бага хурлын гишүүнээс хассан. Хэдийгээр
МАН мөрийн хөтөлбөрөөс өөр зүйл ярихгүй хэмээн зар тараасан ч
тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүйгээр 2012 оны сонгуульд оролцох зам мөрөө
тодорхойлно гэж юу байхав.
Тусгаар тогтнолын ордон нэртэй ард түмнээс тусгаар тогтносон тус намын
төв байранд болсон Бага хурлаар намынхаа задралыг үл тоосон дүр эсгэсэн ч
нэгэнт эхэлсэн үйл явдал сонгуулийн хямрал дагуулах вий гэхээс ихэд
болгоомжилжээ. Тиймээс сонгууль угтан "МАХН хүчтэй өрсөлдөгч биш" гэсэн
мессэжийг тараах, Улс төрийн холбоонд нэгдсэн МҮАН зэрэг бусад улс
төрийн хүчний нэр дэвших магадлалтай лидерүүдийн эсрэг сурталчилгаа
явуулахад санал нэгдсэн гэнэ. Ялангуяа сүүлийн үед үүсээд буй
Н.Энхбаярыг баривчилсантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдоржийн асуудал улс орны хэмжээнд намын нэр хүндийг унагасан
гэдгийг МАН-ынхан мэдэрсэн бололтой. Учир нь Бага хурлын болон УИХ дахь
бүлгийн гишүүдээ хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзаж "Н.Энхбаярыг
баривчлах нь зөв байсан, хүний эрх болоод ямар ч хуулийг зөрчөөгүй"
гэсэн утгатай "тархи угаасан" ухуулга, сурталчилгаа хийхийг үүрэгдсэн
байна.
Үүнээс өмнө буюу Н.Энхбаярыг баривчилсаны дараахнаас МАН-ын УИХ дахь
бүлгийн гишүүд тойрогтоо ажиллах нэрээр иргэдтэй уулзаж, ийм утгатай
яриа таниулга явуулж байна гэсэн мэдээлэл хөдөө, орон нутгаас ирэх
болсон нь тус намын Бага хурлаар ийнхүү батлагдлаа.
Н.Алтанхуягийн тавьсан босго АН-ыг сөхрүүлэх вий
Сонгуулийн асуудал хэлэлцэх ёстой ҮЗХ-ны хурал нь хөрөнгө, мөнгөний
хуйвалдаан болж өндөрлөснийг тус намын гишүүд жиг, жуг хийж байна. АН
ардчиллаас, ирэх сонгуульд ялалт байгуулахаас, эмэгтэйчүүдээ дэмжихээс
тус тус ухарсан. Н.Алтанхуягийн эхлүүлсэн мөнгөний тулаан АН-ыг
сөхрүүлэх вий гэцгээж байна, тэд.
АН-аас 2012 оны сонгуульд УИХ дахь бүлгийн 27 гишүүнээс гадна намын
удирдлагууд, санхүүжүүлэгчид, намын даргын тойрон хүрээлэгчид нэр
дэвшихээр зэхэж буй. Намын даргын хувиар Н.Алтанхуяг УИХ дахь 27 гишүүн
болон бүлэглэл, фракцуудад хүссэн тойргийг нь өгчээ. Үүний зэрэгцээ
мөнгөтэй эрхмүүдийг нэр дэвшүүлэхийн тулд тэрээр юу хийхээс ч буцахгүй
байгаа сурагтай.
Тухайлбал, танил талаа дэвшүүлэхийн тулд НИТХ-д нэр дэвшүүлэх журмыг
шинэчлэх нэрээр намын анхан шатны байгууллагаас хэдэн ч хүнийг нэр
дэвшүүлж болох заалт хавчуулж, эрхийг нь ҮЗХ-нд шилжүүлсэн байна.
Ингэхдээ нэр дэвшихээр очиж байгаа эрхмүүдээс тус бүр 100 сая төгрөг
хураахыг 21 аймгийн АН-ын хорооны дарга нарт үүрэгджээ. Н.Алтанхуягийн
гаргасан энэ журам нэр дэвшихийг горилж буй залуучууд, эмэгтэйчүүдэд
хатуу босго тавьжээ.
Тухайлбал, нэр дэвшигч эмэгтэйчүүд л гэхэд намдаа 50 саяыг төлөөд
зогсохгүй хөдөө орон нутаг дахь анхан шатны байгууллагаас эрх авахын
тулд дахин 100 саяыг төлөх болж байна. Залуучууд ч мөн адил. Түүнээс
гадна АН 28-ын жагсаалтад нэр дэвшүүлэхдээ том улс төр буюу УИХ-ын
сонгуульд хэдэн удаа дэвшиж, итгэл хүлээсэн, жижиг улс төр буюу нам
доторх сонгуульт ажил, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд хэдэн удаа сонгогдсон,
иргэний нийгэм дэх оролцоо ямар байв гэдгийг огтхон ч харгалзахгүй.
Нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байна гэсэн хуулийн
заалт ч нэмэргүй. Тухайлбал, парламентад таван удаа сонгогдсон
Р.Гончигдорж нэгдүгээрт жагсахгүй. Эхлээд намын удирдлагууд, дараа нь
тэдний тойрон хүрээлэгчид, тэдний араас мөнгөтэй эрхмүүд хэтэвчнийхээ
нимгэн, зузаанаар байршина. Ер нь 28-ын жагсаалтад АН-аас эмэгтэй нэр
дэвшигч багтах эсэх нь эргэлзээтэй болж байх шиг.
Сөрөг хүчний үүргийг хог дээр хаяж, эрх баригч намтай өвөр, Түрийдээ
орж, дөрвөн жил намынхаа нэр хүндийг унагасан Н.Алтанхуяг нэг номерийн
лидер гээд 28-ын нэгдүгээрт жагсана. АН ийнхүү сонгууль угтсан мөнгөний
"цомнол" дэглэж, Н.Алтанхуяг дарга нь ирэх сонгуульд ялна хэмээн "Шинэ
баян" шиг цээжээ дэлдэж явна.
Н.Энхбаярын байгуулсан МАХН-МҮАН-ын Улс төрийн холбоо гуравдагч хүчний
орон зайд гарч ирж, хүмүүсийн дэмжлэгийг авч хот, хөдөөд хөлтэй болсон
нь МАН-ыг айлгаж байна.
Парламентад суудалтай хоёр том нам 2008 оны сонгуулийн дараа хамтарсан
Засгийн газар гэх нэг ам бүлд багтаж асуудлыг нэг амаар ярьж,
хариуцлага, хяналт шалгалт, улс орны болон ард иргэдийн эрх ашиг
орхигдсон нь гуравдагч хүчний орон зайг үүсгэсэн.
Ардчилсан нам засагг орсноор энэ байр, суурийг илэрхийлэх эрх УИХ дахь
цөөнхийн төлөөлөл ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон эвслийн тэргүүн Д.Энхбат,
бие даагч 3.Алтай нарт шилжсэн ч тэд улс төрийн тоглолт хийж чадаагүй.
Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг 60:40-ийн харьцаагаар хувааж авсан хоёр
намын шударга бус үйлдэл, долдугаар сарын 1-нд хүний эрх зөрчигдөж,
таван иргэн амь насаа алдсан байхад таван сайдын суудлаар тохиролцсон
явдал, Оюутолгой, Тавантолгой дахь баялгийн шударга бус хуваарилалт,
сонгуулийн амлалтыг нь ард түмний өмнөөс нэхэх асуудлыг МАХН парламентын
гаднах улс төрийн хүчнүүдтэй хамтран нийгэмд гаргаж тавьсан нь ийнхүү
нэмэх оноо цуглуулж нэр хунд нь өссөн гэж болно.
Үндэсний эрх ашгаар нэгдэх МАХН-МҮАН-ын холбоонд эхний ээлжинд иргэд
нэгдэж байсан бол ТББ, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудаар эгнээгээ
тэлж, хамтран ажиллаж байгаа. 2012 оны сонгуулийн хэд хэдэн урьдчилсан
судалгаагаар тус холбоо ялалт байгуулах магадлалтай гэсэн үзүүлэлт
гарсан.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьж, хорьсон нь наанаа "Өргөө" зочид буудал,
хэвлэх үйлдвэрийн байрны хувьчлалтай холбоотой мэт боловч цаанаа улс
төрийн шинж чанартай хэмээн олон нийтийн үзэж буй учир энэ. Гэхдээ
Н.Энх-баярыг барьж хорьсноор түүнийг тойрсон нэгдлийг сулруулсангүй.
Харин ч хурцалж, эгнээг нь өргөтгөж байх шиг. Сонгуулийн өмнө УИХ-ын нэр
бүхий гурван гишүүнээр бүл нэмэв.
ИЗНН эрх баригчидтай "эвсэнэ"
ИЗНН их улс төрийн дундуур сиймхий харж, хожоо харсан байр, суурийг
чухалчлав бололтой. Ирэх сонгуульд аль нэг намтай эвсэхгүй дангаар
оролцохоо Үндэсний хорооны хурлаасаа мэдэгдэв. Иргэний Зориг нам
анхнаасаа бие даасан улс төрийн хүчний бус аль нэгэн намын хамжлага
байдлаар улс төр хийж ирсэн.
Сонгууль болохоор аль нэг нам, эвслийн суганд очиж наалдаад ганц нэгэн
суудал чангаадаг. Парламентад цөөнхийг төлөөлдөг ч сөрөг хүчний дуу
хоолойг гаргаж үзээгүй, ашиг харж байр, суурь илэрхийлдэг уламжлалтай.
Энэ удаа ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хариуцлага
алдсан гэсэн үндэслэлээр огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы
хуралдаанд оролцолгүй зугтаж, МАН-д тал зассанаар эрх баригч намын ивээл
дор ирэх сонгуульд суудлаа хадгалах зарчмаар оролцох нь тодорхой
боллоо.
Эх орон нам ганцаардаж, МУНН төвийг сахиж, БНН шилрэв
"Эрх ашиг, үзэл бодлоороо нэгдсэн намтай эвссэн ч яахав. Ганц мод гал
болдоггүй шүү дээ хэмээн халуун намраар сүй тавих зар тараасан Эх орон
намын урилгыг улс төрийн намууд үл тоосон уу, эвсчихээд элэг буруулдаг
Б.Эрдэнэбат даргаас нь жийрхсэн үү, Р.Эрдэнэбүрэн шиг үүрээ орхиод
нисчихнэ гэж болгоомжилсон уу хүлээж авах нам, эвсэл олдсонгүй.
Тус нам ирэх сонгуулиар Б.Эрдэнэбат, Байгаль орчны сайд асан
И.Эрдэнэбаатар тэргүүтэй дөрвөн эрхэмд итгэл хүлээлгэж байгаа
сурагтай.МУНН одоогоор ямар нэгэн байр, суурь илэрхийлсэнгүй.
О.Дашбалбарын үеэс эх орон газар шороо, уламжлалт ёс, зан заншлаа сахин
хамгаалж, шударга ёсны төлөө тэмцэхээ андгайлж ирсэн тус нам үзэл санааг
нь дэмжсэн улс төрийн хүчнүүдийг дэмжиж, хамтран ажиллахад хэзээд
нээлттэй байхаа илэрхийлдэг. Ирэх сонгуульд аль нэгэн намтай эвсэх
талаар МУНН-ын дарга Б.Батболд ам чанга байж төвийг сахиж байгаа юм.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАХН-МҮАН-ын холбооны үзэл, баримтлалыг
дэмжиж, хамтран ажиллах санамж бичигг гарын үсэг зурсан. Хамтарч
ажиллана гэдэг эвсэхийн нэр биш хэмээн тэрээр тайлбарладаг. Энэ удаа тус
нам Хамуг Монгол хөдөлмөрийн намтай мөн хамтран ажиллах санамж бичигт
гарын үзэг зураад байна. МоАХН, Монголын либерал нам, Ногоон намын хувьд
МАХН-МҮАН-ын холбооны үзэл, баримтлалыг анхнаас ньд эмжиж ирсэн.
Өнөөдөр ч энэ байр, сууриндаа хэвээр байна.
Сонгуулийн бариа хүртэл нэг талд задарч буй МАН, нөгөө талд МАХН ба
Н.Энхбаярыг тойрсон нэгдэл эрчимжиж, хоёр намын тулаанаас АН хожоо харж,
жижиг намууд дундыг баримталж, зарим нь эрх баригчдад тал засах маягаар
улс төр хийх дүр зураг харагдаж байгаа юм. Энэ хооронд иргэд, сонгогчид
хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харж, сонголтоо хийх биз ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин