Монголын таван тамирчин шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Монголын таван тамирчин шигшээд шалгарав

Туркийн Анталья хотод болж буй Дэлхийн цомын тэмцээний рекурв төрөлд Монголын байт харваачид хүч үзэж байна. Зуны олимпийн наадмын хөтөлбөр зөвхөн энэ төрөл багтдаг тул манайхан сонгон авч, сүүлийн үед өндөр амжилт үзүүлж байгаа. Антальяд шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатан, туслах дасгалжуулагч спортын мастер Ю.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Б.Долгорсүрэн, спортын мастер Ц.Одбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг, спортын мастер Б.Аззаяа нар өрсөлдөж буй.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд өрсөлдсөн Монголын дөрвөн тамирчны хоёр нь шигшээд харвах эрх авлаа. “Лондон-2012” оны зуны олимпийн XXX наадамд оролцох Ж.Гантөгс 667 оноогоор 71 дүгээр байр эзэлсэн юм. Урьдчилсан шатанд эхний 124 байрт орсон харваач цааш өрсөлддөг дүрэмтэй тул 611, 581 оноогоор 119, 130 дугаарт жагссан Б.Долгорсүрэн, Ц.Одбаяр нар тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Монголын баг 1924 оноогоор (Өндөр үзүүлэлттэй гурван тамирчны нийлбэр) 22 дугаар байр эзэлснээр шигшээ тэмцээнд оролцох эрхээ авч чадсангүй. Өндөр үзүүлэлттэй 16 цаг нь цааш хасагдах системээр өрсөлддөг аж. Сонины дугаар шилжих мөчид ганцаарчилсан төрлийн шигшээ тэмцээний эхний шатанд Ж.Гантөгс Латвийн Янис Аматниекстэй, Г.Ган-Эрдэнэ Испанийн Антонио Фернандестай таараад байв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Урантунгалаг 635 оноогоор 30, Ч.Оюунсүрэн 593 оноогоор 95, Б.Аззаяа 583 оноогоор 100, Ч.Мөнхцэцэг 534 оноогоор 114 дүгээрт жагслаа. Ингэснээр Ч.Мөнхцэцэг үзэгчдийн суудалд шилжиж харин Б.Урантунгалаг, Румыний Лумининта Сарбутай, Ч.Оюунсүрэн Германы Карина Винтертэй, Б.Аззаяа БНСУ-ын Чой Хёнжутай шигшээ тэмцээний эхний даваанд таарсан юм. Монголын баг урьдчилсан шатанд 1811 оноотойгоор 24 дүгээр байрт жагсав. Б.Урантунгалаг “Лондон 2012”-т өрсөлдөх эрхээ аваад байгаа билээ.

Д.НАНЖИД

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж