Загварын тавцан, тансаг даашинз, ганган чимэглэл бол загварын үзүүлбэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг. Бүр моделиудын оронд… нугас байсан ч тэр шүү! Pied Piper Duck Show бол Австралийн Сиднейд Улаан өндөгний баяраар жил бүр болдог хамгийн алдартай шоунуудын нэг юм. Нугасны загварын үзүүлбэр нь хоёр долоо хоног үргэлжлэх Хатан хааны Улаан өндөгний Их наадмын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ойролцоогоор 900 мянган үзэгч цуглуулж чаддаг байна.
Дэлхийн олон оронд загалмайтны шашны энэхүү томоохон баярыг өргөн бөгөөд өвөрмөц тэмдэглэдэг. Энэ удаа Австралийг бид танд толилуулж байна. Загварын шоуг зохион байгуулагч Шинэ Өмнөд Уэлс мужийн 60 настай фермер Брайн Харрингтон өдлөг моделиуд хүнээс огтхон ч дутахгүй авьяастай, гагцхүү өргөн олон нийтэд л үнэлэгдэж амжаагүй гэдэгт итгэлтэй байдаг юм. Тэрээр 30 гаруй жил Сиднейн ард түмнийг ер бусын перфомансаар баясгаж, загварын шинэ хандлагад нийцүүлэн нугасан гоёлоо жил бүр солидог гэнэ.
Гол үзүүлбэрээс гадна Pied Piper Duck Show наадам дээр нугасны уралдааныг зохион байгуулдаг. Мөн хүссэн хүн болгонд хачиртай талх, шарсан төмс, зайрмаг, жимс жимсгэнэ бүхий мухлагууд үйлчлэхээс гадна гол нэрийн зоог болсон… шарсан нугасыг амтлуулдаг нь… юу ч гэмээр юм бэ дээ… жаахан тиймэрхүү…
Энд гэхэд нугас бол хүмүүн бусын загвар өмсөгчдийн хувьд ганц дайчид биш юм. Америкт л гэхэд дөрвөн хөлтөн моделиудыг татан оролцуулсан Нью Йоркийн Ада Нивзийн хархны шоу, Флоридагийн моодлог нохдын үзүүлбэрийг онцолж болно.