Москва АНУ-д анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Москва АНУ-д анхааруулав

АНУ маргааны сэдэв болоод буй төв Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах төлөвлөгөөнөөс буцахгүй бол ОХУ урьтаж, сөрөг арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд пуужингийн довтолгооноос хамгаалах тухай яриа хэлэлцээ мухардалд орсон хэмээн ярьсны дараа ОХУ ийнхүү анхааруулсан байна.

Москвагийн эрх баригчид алсын тусгалт пуужинг замаас нь устгах систем ОХУ-ын аюулгүй байдалд халтай гэж үзэж байгаа юм. Гэвч АНУ, НАТО пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Иран, Умард Солонгосын дайралтаас хамгаалах зорилготой гэж мэдэгдэж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга генерал Николай Макаров “Нөхцөл байдал улам дордвол ОХУ түрүүлж, сөрөг арга хэмжээ авах шийдвэр гарсан” гэжээ. 

Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг төв Европт байгуулах асуудлаар Москва хотод ОХУ, АНУ, НАТО өчигдөр хэлэлцээ хийсэн ч мухардалд ороод байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Бушын санаачилсан пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаар ОХУ, АНУ 2000 оноос хойш санал зөрөлдөж байгаа юм. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсон Барак Обама Польш, Чехийн нутаг дэвсгэрт алсын тусгалт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах төлөвлөгөөг түр  зогсоосон билээ.

Гэвч 2010 онд АНУ Балтийн тэнгисийн эрэг орчим Редзиковогийн хуучин агаарын зурвасыг ашиглан пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахаар Польштой гэрээ байгуулсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж