“Баянзүрх Буллз” аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

“Баянзүрх Буллз” аваргын төлөө өрсөлдөнө

МСБХ-ны “Пэпси-Үндэсний лиг”-ийн плей-оффын тоглолт лхагва гаригт Спортын төв ордны “А” зааланд үргэлжиллээ. 17 дахь удаагийн лигийн плей-оффын “Хасын хүлгүүд”, “Харцага”, “Баянзүрх буллз”, “Офицерүүд” шалгараад байсан юм.

Энэ жилийн тойргийн тоглолтын аварга, лигийн гурван түрүүтэй, Хас банкны “Хасын хүлгүүд”, дөрөвдүгээр байраар шалгарсан МСБХ-ны лигийн тэмцээний дөрвөн удаагийн аварга, “Энержи Ресурс” компанийн “Харцага”-ын тоглолт лхагва гаригийн эхнийх байв. Өмнөх тоглолтод хожигдсон “Хүлгүүд” энэ удаа бүх үеийн турш илүү байж, өрсөлдөгчөө 76:61 буюу 15 онооны зөрүүтэй буулган авснаар цувралыг 2:1 болголоо. Америк легионер Кимарли Уильямс, Т.Санчир, М.Отгонмөнх нараас 10-аас дээш оноо авч ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бол “Харцага”-аас лигийн “Тэргүүн тоглогч” Б.Одбаяр шилдэг нь байв.

Дараагийн тоглолт плей-оффт хоёр, гуравдугаар байраар шалгарсан лигийн мөнгө, хүрэл медальт, “Бридж констракшн”-ы “Баянзүрх Буллз”, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд”-ын хооронд өрнөсөн. Энэхүү тоглолтод “Бухнууд” ялалт байгуулбал аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох байсан юм. Тэд ч үүргээ амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 70:57-гоор сөхрүүлснээр лигийн аваргын төлөө хоёр дахь удаагаа тоглохоор боллоо. Тоглолтын эхний гурван үе тун тэнцүүхэн өрнөсөн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Баянзүрх Буллз”-ын лидер Г.Баттөр, Ц.Азбаяр нар гайхалтай байснаар багаа ялалтад хөтлөв. “Хүлгүүд”, “Харцага”-ын дөрөв дэх тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ.

Б.БАТ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж