Оросын эрх баригчид өнгөрсөн сараас эхлэн газрын тос, байгалийн хийн экспортоо нэмэхээр болсон. “Роснефть”, “Газпром” тэргүүтэй төрийн мэдлийн компаниуд нь барууны хөрөнгө оруулагчидтай хамтарч эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд хил, гаалийн татвараа ч өөрчилж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Оросын Засгийн газар энэ салбараас олох ашгаа нэмэхийн тулд ийм алхам хийж байгаа гэсэн үг. Д.Медведев Ерөнхийлөгч байх хугацаандаа гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд эдийн засгаа шинэчлэх бодлого баримталж байсан билээ. В.Путин ч түүний бодлогыг үргэлжлүүлж байна. Гэхдээ газрын тос, байгалийн хийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар танхимын гишүүдтэйгээ уржигдар хамгийн сүүлчийн удаа уулзсан. Энэ үеэр байгалийн хийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэх гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн өнгөрсөн сарын 1-нээс нефтийн экспортын татварыг 49.5 ам.доллараар нэмж, 460.7 ам.доллар болгосон билээ. Хэдийгээр Кремлийн удирдагчид энэ бүхнийг дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байгаа боловч ажиглагчид арай өөр байр суурийг илэрхийлж байна.
Оросын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн гуравдугаар сард болсон. Тэр үед В.Путин ард түмэндээ маш их зүйлийг амлан байж ялалт байгуулсан юм. Цэрэг армиа шинэчлэхийн тулд батлан хамгаалах салбарт 768 тэрбум ам.доллар зарцуулна. Цалин тэтгэврийг нэмнэ. Гурваас дээш хүүхэдтэй гэр бүл, оюутнуудад тэтгэлэг олгоно гэх мэт. В.Путиныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнүүд ар араасаа гарч, үймсэн олон хүнийг Кремлийн Улаан талбай дээр цуглуулж байсан болохоор тэгэх нь арга ч үгүй биз. Гэхдээ эдгээр амлалтыг биелүүлэхийн тулд зардал их гарна. В.Путин Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө дотооддоо зарагдаж буй шатахууны үнийг хүчээр буулгасан. Тэрбээр Сангийн сайдаараа дамжуулж газрын тосны салбарынхандаа ийм үүрэг даалгавар өгсөн билээ. Гэхдээ “Роснефть” тэргүүтэй компаниуд алдагдлаа нөхөх шаардлагатай болно. Ингэхийн тулд сонгуулийн дараагаас эхлэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, нэг баррель газрын тосыг 150 ам.доллараар худалдана гэх таамгийг шинжээчид гаргаж байсан юм.
Энэ оны эхний улирлын байдлаар “Роснефть”-ийн ашиг 8.9 хувиар буурсан. Энэ нь тухайн үед татвар өндөр байсантай холбоотой. Түүнээс гадна тээврийн болон цахилгаан эрчим хүчний зардал нь их гарсан юм байж. “Гэхдээ энэ нь тооцоолж байснаас харьцангуй бага алдагдал” хэмээн “Роснефть”-ийн ерөнхийлөгч ярьсан байна. Харин ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө шатахууны үнийг бууруулсантай холбоотой бололтой.
Хойд хөршийн нефтийн компаниуд гадны хөрөнгө оруулагчидтай хамтрах сонирхолтой байгаа нь олон зүйлээр илэрч байна. Кремлийн удирдагчид ч үүнийг дэмжиж байна. Тухайлбал, “Штокман”-ы байгалийн хийн төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Түүнчлэн В.Путин Францын “Total”, Норвегийн “Statoil” зэрэг компаниудын удирдлагуудтай уулзаж, энэ тухай ярилцсан байна. Эдгээр компани нь Оросын “Штокман” төслийн гол хөрөнгө оруулагчид юм. Түүнээс гадна хойд Сибирьт орших байгалийн хийн асар их нөөц бүхий ордын “Yamal-SPG” төслийн ажлыг ч Оросын эрх баригчид шамдуулсаар байгаа юм. Харин газрын тосны салбарын тухайд гэвэл “Роснефть” АНУ-ын “Exxon Mobil” компанитай стратегийн түншлэл хийж, хамтрах тухай хэлэлцээрийг үзэглэсэн билээ. Энэ нь АНУ, Оросын харилцаанд нааштай нөлөө үзүүлэхээс гадна В.Путины бодлоготой ч яв цав тохирох болж. Энэхүү хэлэлцээрийн дагуу талууд Хар тэнгисийн орчимд хайгуул хийж, “Роснефть” компани Мексикийн булан, Канад, Техасаас газрын тос олборлохоор болжээ. Үүний ачаар “Роснефть” дотооддоо технологийн шинэчлэл хийж чадна. Хариуд нь “Exxon Mobil”-д 15 жил татварын хөнгөлөлт үзүүлэхээр болов. Дашрамд дурьдахад, “Exxon Mobil” өмнө нь “ЮКОС”-той хамтран ажиллахаар болж байсан билээ. Гэвч “ЮКОС”-ын тэргүүн М.Ходорковский баривчлагдсанаар асуудал дууссан юм. “Роснефть”-ийн хувьд “Exxon Mobil”-оос гадна Италийн “Eni” компанитай 125 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Үүний дагуу Баренцын тэнгисийн газрын тосны хоёр ч хайгуулын талбайд олборлолт хийхээр болжээ. Оросын хойд хэсгийн далайн эрэг орчмын гүнд ойролцоогоор 100 тэрбум тонн газрын тосны нөөц байгааг шинжээчид тооцсон.
Гэхдээ Оросын нефть, байгалийн хийн гол зах зээл нь Европ. Гэтэл Европын орнууд хямарч байгаа. Төсвийн хөрөнгөө замбараагүй зарцуулсан Грекийн Засгийн газар одоо ч хүндхэн байдалд байна. Испани, Итали, Ирланд гэх зэргээр өөдлөхгүй байгаа орнууд олон. Энэ нь европчуудын хэрэглээ хумигдаж эхэлснийг нотолж байгаа билээ. Хэрэв Евро бүс уналтад орвол Оросын эдийн засаг ч зогсонги байдалд орж мэдэх юм. Тиймээс Оросын Засгийн газар Олон улсын валютын санд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Евро бүсийн хямралыг намжаахын тулд мөнгө хандивласан билээ. Ямартай ч өнгөрсөн онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувийг газрын тос, байгалийн хийн экспорт бүрдүүлж байсан юм. Хэдэн сарын дараа энэ тоо яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байна.
"Улс төрийн тойм" сонин