Эрчим хүчний шинэ ертөнц – Салхин парк

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний шинэ ертөнц – Салхин парк

Үнэндээ Монгол шиг тал нутгаар нэг тархан байршсан улсын өнцөг булан
бүрийг гэрэл, цахилгаанд холбоно гэдэг амаргүй л дээ. Тийм ч учраас
хэдийгээр монголчууд маань дулааны цахилгаан станц гээчийг хэрэглэж
эхэлснээс хойш 70 гаруй жилийг үд­сэн хэр нь өнөөг хүртэл гэрэл
цахилгаанд холбогдоогүй сум, суурин газрууд байсаар байна. Үнэндээ
Баян-Өлгий аймгийн цаад мухарын Улаанхус сумын гуравдугаар багийн
мал­­чин Доржид уламжлалт технологиор гэрэл цахилгаан хүргэнэ гэдэг
бараг л боломжгүй зүйл. Гэрэл цахилгааныг хүр­гэлээ гэхэд эргээд зардлаа
нөхөж дийлэхгүй, улс алдагдалд орох талтай. Алдагдлаа нөхөхийн тулд
Улаанбаатарт амьдарсныхаа төлөө гэрэл цахил­­­­гааныхаа мөнгийг
үнэн­­­­чээр тушааж байгаа хэрэг­лэгчийн мөнгийг зарцуулж болохгүй шүү
дээ. Энэ мэт маш олон хүндрэл байдаг учраас гэрэл цахилгааны асуудал
өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа биз ээ. Харин орчин цагт энэ асуудлыг
тун хямд зардлаар хялбархан шийдэх боломж гарч ирээд байна. Энэ нь
салхин парк. Салхины хүчийг ашиглан цахилгаан гаргаж авах энэ
санаачилгыг хүн төрөлхтөн 100 гаруй жилийн өмнө нээж байсан түүхтэй.
Харин Монголд 100 жилийн дараа анх удаа салхины эрчим хүчийг ашиглах
шаардлагатай гэдгийг ярьж эхэллээ. Гэхдээ төдийлөн оройтоогүй байна.
Дэлхий дахинд одоо ч гэсэн салхин цахилгаан станцууд ажилласаар, асар их
хэмжээний цахилгаан, эрчим хүчийг үйлд­вэрлэсээр байна. Монгол Улс ч
бас яагаад энэ санаачилгад нэгдэж болохгүй гэж.

Хамгийн гол нь
Монголын тал нутаг маань салхиар дэндүү баялаг байна. Манай улсын нийт
нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь олон улсын салхины нөөцийн зэрэглэлээр
салхины сайн болон арвин их нөөцтэй бүсэд хамаарагддаг юм байна. Өөрөөр
хэлбэл, салхин парк байгуулах боломж бараг л 100 хувь байна гэсэн үг.
Тийм ч учраас хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж,
төр засгаас ч бас дэмжиж эхэллээ. Монголын анхны салхин парк ирэх 11
дүгээр сард ашиглалтад орох гэж байгаа нь үүний илрэл билээ. Тодруулбал,
“Ньюком” групп Төв аймаг дахь Салхит уулнаа анхны салхин паркийг
байгуулах гэж буй. Хэдийгээр салхин цахилгаан станцыг байгуулахад өртөг
өндөртэй ч “Ньюком” групп 2003 оноос эхлэн ажилласны үр дүнд энэ жил
анхны салхин паркаа байгуулахаар болоод байна. Эхний ээлжинд 52 мвт-ын
хүчин чадалтай байх бөгөөд төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний
хэрэгцээний багагүй хувийг хангахад үр нөлөөгөө үзүүлнэ гэж байгаа.
“Ньюком”-оос гадна “Сайншанд салхин парк” ХХК, “Клинтек” ХХК-иуд тус тус
салхин паркийн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. “Сайншанд салхин
парк” ХХК-ийн хувьд Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойд зүгт
15 км-ийн зайд “Улаан толгойн хөндий”, “Клинтек” ХХК “Оюу Толгой салхин
цахилгаан станц” төслийг хэрэгжүүлж буй билээ. Дээрх компаниуд наад тал
нь 2012 он, цаад тал нь 2013 оны дундуур их чадлын салхин паркуудыг
ашиглалтад оруулахаар ажил­лаж байна. Хамгийн гол нь хувийн хэвшлийн
компаниудын энэхүү зүтгэлийг төр засгаас бодлогоор дэмжиж эхэлсэн нь
сайшаалтай. Манай улсын хувьд 2020 он гэхэд нийт эрчим хүчний
хэрэгцээнийхээ 20-25 хувийг нар, салхи, усны эрчим хүчээр хангах зорилт
тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар бол нийт хэрэгцээт эрчим
хүчнийхээ 90 хувийг нүүрснээс хангаж, 10 хүрэхгүй хувьд сэргээгдэх эрчим
хүч ашиглаж байгаа.

Монголын нийт нутгийн 10 хувь нь олон улсын
үнэлгээгээр салхины сайн нөөцтэй анги­лалд багтдаг гэдгийг дээр
дурьдсан. Үүн дээр хөдөө орон нутгийн жижиг, сажиг салхи ихтэй газруудыг
нэмбэл, бараг 40 хувьд хүрэх боломжтой гэсэн. Цаашилбал, дэлхийн
сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь томоохон хэрэглэгч болох БНХАУ руу ч
бас сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж­той гэж албаныхан үзэж
бай­гаа. Өмнөговь аймагт салхин пар­кийн төсөл хэрэг­жүү­­лэх гэж буй
“Клинтек” ком­па­нийн хувьд яг энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж
байна. Өөрөөр хэлбэл, тус компани Ханбогд суманд барих салхин цахилгаан
станцаасаа Өвөрмонголын зарим бүс нутаг руу эрчим хүч экспортлохоор
төлөвлөж байгаа билээ. Энэ мэтээр салхин паркийн төслүүд ашиглалтад орж
эхэлбэл, Мон­голын тал нутгийн малчин өрх гэрэл цахилгаангүй байдаг
асуудал төгсгөл болох ирээдүй харагдаж байна. Нөгөөтэйгүүр хэрвээ ямар
нэгэн саад учрахгүй бол 2020 он гэхэд Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20
хувийг салхин паркаас хангах учиртай. Тэр зорилт биелэгдэнэ гэж найдъя.

Л.Энхдэлгэр
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж