“Эрчим” өнөөдөр Пакистаныг зорино

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

“Эрчим” өнөөдөр Пакистаныг зорино

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Супер цомын эзэн “Эрчим” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны “Predident’s Cup” тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх урилга гардсан билээ. Үндэсний лигийн зургаан удаагийн аваргууд өнөөдөр Пакистаныг зорино. Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” “А” хэсэгт багтсан бөгөөд Лахор хотын “Пунжаб” цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 8-нд Пакистаны KRL-тэй, 10-нд Тайванийн “Power Company”-тай тоглох юм. Энэ хэсэгт Бангладешийн “Sheikh Jamal Dhanmondi Club” багтсан ч сугалааны дараа оролцохгүй болсноо мэдэгдсэн.

Сонгон шалгаруулах тэмцээний “В” хэсэгт Камбожийн “Phnom Penh Crown”, Киргизстаны “Dordoi Bishkek”, Балбын “Nepal Police Club”, Бутаны “Yeedzin”, “С” хэсэгт Тажикистаны “Istiqul”, Турксменистаны “Balkan”, Палестиний “Markaz Shabab Al-Am’ari” хуваарилагдсан. Хэсэг бүрээс шалгарсан хоёр, нийт зургаан баг ирэх есдүгээр сарын 24-30-нд болох “Predident’s Cup”-ийн шигшээ тэмцээнд өрсөлдөх эрх авах юм.

Д.НАНЖИД

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж