-Сүхбаатар аймгийн нутагт Хил хамгаалах ангийн машин дэлбэрч таван хүн түлэгдсэн гэх юм. Яг юу болсон юм бэ?
-Машин дэлбэрч хүн түлэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм. Машиныг дэлбэлж болохоос машин өөрөө дэлбэрнэ гэж байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар ташаа мэдээлэл тавигдсан байна лээ. Өнөөдрийн байдлаар хил хамгаалах байгууллагад машин дэлбэрч хүн гэмтсэн зүйл огт гараагүй. Машин шатсан, хүн түлэгдсэн гэх асуудлууд хоёр өөр зүйл. Өнгөрсөн сарын 21-22-ны шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутаг, Хил хамгаалах 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт амрахаар явж байсан 0311 дүгээр ангийн ахмад н.Алтанцоож, н.Хүрэлбаатар нарын машины яндангаас оч үсрэн газар унаж гал гарсны улмаас машин нь шатсан. Тэд гарсан түймрийг газар авахуулалгүй унтраасан юм байна лээ.
-Барьж явсан машин нь Хил хамгаалах ангийн машин байсан уу. Тэр хоёроос өөр хүн хамт байсан болов уу?
-Тэр хоёр хувийнхаа машинаар явж байсан. Ер нь машин техникийн яндангаас оч үсэрснээс болж гал гарах тохиолдол их байдаг.
-Түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн талаар?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, Хил хамгаалах 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус ангийн дэд хурандаа Г.Отгонбаяр, байлдагч Г.Самбуудорж, С.Баасан нар ажиллаж байгаад гар, нүүрний хэсэгтээ түлэгдсэн. Тэд Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад нэг нь эмнэлгээс гарсан. Тэднийг нэгдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж тогтоосон. Ихэнх хүмүүс хил хамгаална гэхээр л буу зэвсэг барьж хилийг хамгаалах үүрэгтэй гэж боддог юм шиг байгаа юм. Хилийн цэргийн ангийн байлдагчид хилээ хамгаалахаас гадна ард иргэд, мал, ан амьтнаа ч мөн адил хамгаалдаг. Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд хилчид маань сумын иргэд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа байгууллагуудтай хамтарч гал түймрийг даамжрахаас нь өмнө зогсоодог. Өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд буюу нэг сарын хугацаанд Монгол-Хятадын хил дээр найман удаагийн түймэр, Монгол-Оросын хил дээр 20 удаагийн түймэр тус тус гарсан байгаа юм.
-Түймрийг унтраах явцад түлэгдсэн болон амь эрсэдсэн тохиолдол хэр их гардаг вэ?
-Түлэгдэх тохиодол нэлээд гардаг. Гэхдээ түлэгдсэн гэх ойлголтыг хүндээр ойлгож болохгүй. Хуруу гарын жижиг жижиг түлэгдлүүд түймэр унтраах болгонд тохиолдоно. Хүн эрсэдсэн явдал гарч байгаагүй. Харин түймэрт шатсан мал байдаг.
"Улс төрийн тойм" сонин