биелүүлдэг болчихвол бидний явах дургүй энхэл, донхолтой замуудыг таны
төлсөн татварын мөнгөөр төвөггүйхэн толийлгох юм билээ.
Зургадугаар сарын нэгэн дөхөнгүүт л татвар төлсөн тэмдгээ авах гэж урт
дараалал үүсгэн хөлсөө цувуулан зогсох хэрэг гарах вий. Татвараа
хугацаанд нь амжаад төлчихвөл хотын маань зам хэчнээн хурдан засварт
орж, толийх бол гэж та бодож үзсэн үү. Жолооч нар энэ ажилд хэр ач
холбогдол өгч буйг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийг
зорилоо. Тэднийх гадуураа цэнхэр хашаа татаад байраа нурааж байна.
Суурин дээр нь шинэ барилга барих гэж байгаа юм байх.
Хашаан дээр нь зарлал наажээ. "Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газрын урд 55 дугаар сургуулийн байр, хуучнаар Газрын албаны байранд
авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар, агаарын
бохирддын төлбөр хурааж байна" хэмээн бичиж долоо хоногийн бүх өдөр
09.00-21.00 цагт ажиллаж байгаа талаар цагийн хуваарь наажээ. Нүүдэл,
суудлаас болоод ч тэр үү, тэднийх татвар хураах дөрвөн цэг ажиллуулж
байна. Татварын хэлтсийнхэн 15 дугаар хорооны нутаг, "Бобо" төвийн
байранд нүүж оржээ.
Аж ахуйн нэгжүүд машиныхаа татварыг тэр байранд нь очиж тушаах ёстой
гэнэ. Иргэд гэр, ажлынхаа байршлаас хамааран дуртай цэгт очиж болохоор
зохицуулжээ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн иргэн та гуравдугаар хорооны
байр, Да хүрээ захын нэг цэгийн үйлчилгээний төв, 55 дугаар сургуулийн
байрны аль нэгийг сонгож үйлчлүүлэх боломжтой юм байна.
Мөн өөр дүүргийн харьяат ч гэсэн сонгосон цэгтээ татвараа төлөх
боломжийг бүрдүүлжээ. Ингэхийн тулд та биедээ дараах бичиг, баримтыг авч
яваарай.
Иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
Иргэд тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээ, иргэний
үнэмлэх, Замын сангийн дансанд мөнгө төлсөн банкны баримт авчирна.
ААНБ болон хуулийн этгээд:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
- Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Замын сангийн Улаанбаатар хотын банкин дахь дансанд мөнгө төлсөн баримт
- Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/
Өмнөх жилүүдэд Улаанбаатар банкинд очиж авто машины татварын мөнгөө
тушаагаад дараа нь Татварын хэлтэс рүү явж наалтаа авдаг байв. Энэ
жилээс эхлэн татвар хураах цэг бүрт Улаанбаатар хотын банкны салбарыг
давхар ажиллуулж байна лээ.
Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт найман мянга гурван зуу орчим иргэн,
аж ахуйн нэгж 800 орчим сая төгрөгийн татвар төлсөн мэдээтэй байна.
Агаарын бохирдолд зургаан мянга хоёр зуу орчим хүн 50 орчим сая төгрөг
төлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад автомашины татвар хураалт 70
орчим хувьтай байгаа талаар тэдний байцаагч ярина лээ. Гэхдээ өдөртөө 50
орчим хүн машиныхаа татварыг төлөхөөр ирж байгаа нь чамлахаар тоо гэж
зарим байцаагч хэлж байсан.
Авто машины татварын байцаагч нар долоо хоногийн турш илүү цагаар
ажиллаж байхад иргэд татвараа төлөхдөө хойрго хандаж байгаа талаар
гомдоллох албан хаагч ч таарсан юм.
Та татвараа төлсөн бол дараа нь машинаа оношилгоонд оруулах ёстой.
Гэхдээ жолооч нар өмнө нь машинаа заавал оношлуулж наалтаа авсан байх
учиртай. Мөн өмнө нь жолоочийн хариуцлагын даатгалд заавал хийх хуультай
юм байна.
Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт, зохицуулалтын албаны Баянзүрх
салбарын дарга Н.Дорж ярихдаа, "Заавал даатгуулах хууль энэ жил шинээр
хэрэгжиж байна. Ном ёсоор бол тухайн жолооч заавал даатгалд хамрагдсаны
дараа манай төвд ирж машинаа оношлуулах ёстой. Үүнээс болоод иргэд
бухимдаж байна.
Өнгөрсөн жилийн өдийд манайх хөл гишгэх зайгүй оволзож, ажилтнууд маань
цайндаа ч орж чаддаггүй байлаа. Энэ жил үйлчлүүлэгч харьцангуй цөөн
байна. Гэхдээ оношилгоо жилийн турш явагддаг ажил учраас жолооч нар
хугацаагаа харж байгаад ирдэг болсноос хүн цөөрсөн ч байж болох талтай.
Даатгалын нэг цэгийн үйлчилгээ иргэдэд жаахан дарамттай болоод байгаа
юм. Аравдугаар сарын нэгнээс эхлээд замын цагдаа нар жолооч нарыг торгох
зэргээр хөшүүрэг хэрэглэх талаар яриа гарсан.
Жолооч халаасандаа дор хаяж 100 мянган төгрөгтэй байж гэмээ нь татвар,
оношилгоо, даатгалаа хийлгэх юм. Харамсалтай нь хүн бүрт тийм боломж
алга. Манайх харьцангуй уян хатан ажиллаж байна. Иргэдийг
чирэгдүүлэхгүйн тулд та "дараа нь даатгуулаарай" гэж захих жишээтэй.
Ингэхгүй бол хаа холоос ирсэн хүнийг машинаа оношилгоонд оруулаагүй гэж
даатгал нэхэхээр хүмүүс дургүй байна. Учрыг нь сайтар тайлбарлаж өгөөд
даатгал дутуу машиныг оношилгоонд оруулж байгаа" хэмээн жолооч нарт
наанатай, цаанатай хандаж байгаагаа хэлсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин