Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий сэтгүүлийн нэг Vogue хэт өсвөр насны болон хэт туранхай моделиудтай хамтран ажиллахаас татгалзлаа. Үүнтэй холбогдох зөвшилцөлд дэлхийн нийтэд гардаг Vogue сэтгүүлийн бүх 19 ерөнхий редактор 5 сарын 3-нд гарын үсгээ зуржээ.
Vogue-гийн ерөнхий редакторууд “16 наснаас доош болон хоолны горим алдагдсан шинж бүхий моделиудтай“ ажиллахгүй гэж зөвшилцсөн тухай сэтгүүлийг эрхлэн гаргадаг Conde Nast International хэвлэлийн газраас мэдээлж байна.
Редакцийн шинэ бодлогын хүрээнд кастингийн үеэр моделиудаас насыг нь тодорхойлох биеийн байцаалт шаардах юм. Мөн Vogue зураг авалт болон загварын үзүүлбэрийн үеэр “ажлын эрүүл орчинг бүрдүүлэхэд” санаа тавьж үүнд моделиудыг хоолоор хангахыг багтаажээ. Үүнээс гадна, сэтгүүл дизайнеруудыг “хэт туранхай загвар өмсөгчдийг татан оролцулахад хүргэдэг амьдралаас тасарсан жижиг хэмжээний хувцасны үлгэр загварынхаа” талаар эргэн харахыг уриалжээ.
АНУ, Их Британи, Франц, Хятадад энэ дүрэм 6 сараас, Японд ирэх 7 сараас үйлчилж эхлэх юм. Хэт туранхай болон хэт залуу моделиудтай ажиллахыг хориглох шийдвэр Conde Nast-ын гаргадаг бусад хэвлэл, тухайлбал, Glamour сэтгүүлд хамаарах эсэхийг одоогоор хэлэлцээгүй байна гэж хэвлэлийн газрын төлөөлөгч мэдээллээ.
Эх сурвалж: AFP