Мөн худгийн хажууд байсан айлын амбаар бас шатсан байна. Түгээгчийн эзгүй хойгуур иргэд галын дуудлага өгч галыг унтраажээ. Тус худаг шатаад найм хонож байхад "Ус сувгийг удирдах газар" болон хорооноос ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн шатсан худаг, хашаа, амбаарын хогийг одоо хүртэл цэвэрлэж янзлаагүй үнс хийссэн байдалтай л байна.
Тус хорооны оршин суугчид худаг хэзээ хэвийн байдал орох нь тодорхой бус гэцгээж байна. Ойр орчимд ус авах худаг байхгүй учраас усаа авахын тулд 2-3 цаг явж байгаа аж. Аргаа барсан иргэд хорооноосоо худаг хэзээ хэвийн байдал орохыг асуухад манайд ямар ч хамааралгүй. Энэ асуудлыг Ус суваг мэднэ гэсэн тайлбар өгчээ.
Баянгол дүүргийн XXII хороо өнгөрсөн жил шинээр байгуулагджээ. Одоогоор найман мянга гаруй иргэд оршин суудаг юм байна. Энэ хороонд иргэдийн усны хэрэглээг хангах долоон худаг ажилладаг аж.
Баянгол дүүргийн XXII хорооны нийгмийн ажилтан Б.Саруулаас ус түгээх худаг хэзээ хэвийн үйл ажиллагаа явуулахыг тодруулахад одоогоор гал юунаас гарсан нь тогтоогдоогүй байгаа. Галын шалтгаан хэзээ тогтоогдох нь тодорхой бус байна. Оршин суугчид холоос усаа зөөвөрлөж байгаа нь үнэн. Гэхдээ шатсан худгийн асуудал манайд хамааралгүй "Ус сувгийн удирдах газар" хариуцна.
Энэ талаар Зөөврийн ус хангамжийн албаны дарга Ч.Батзоригоос тодруулсан юм.
-Баянгол дүүргийн XXII хорооны 14 дүгээр гудамжны зөөврийн худаг шатсанаас болж тэр хавийн оршин суугчид арваад хоног усгүй байгаа талаар гомдол ирсэн. Танайхаас ямар арга хэмжээ авч байна?
-Манайх гал гарсан даруйд мэдээд тус хороонд нь хандаж худгийн хажуудах айлаа нүүлгэж холдуул гэж албан бичиг явуулсан байгаа.
-Ямар утгатай албан бичиг явуулсан вэ. Шатсан худаг хэзээнээс ашиглалтад орох вэ?
-Гал унтраах ангийнхантай холбогдоход юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна. Зөөврийн худгийн хашаанд айл байх ёсгүй гэдгийг тухайн дүүрэг, хороодод нь мэдэгдээд байхад ийм зүйл болсон байна.
Зохиогчийн эрх: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин