Хиллари Клинтон Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Хятадад айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 2-ны өдөр БНХАУ-д газардаж, өчигдөр албан ёсны айлчлал эхэлсэн билээ. Айлчлалын гол зорилго хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бататгах. Мөн хоёр улсын дунд үүсээд буй үл ойлголцол, Иран Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаар нухацтай хэлэлцэх талаар Хиллари Клинтон айлчлалын өмнө онцолж байсан.

Түүнийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо газардахад хүний эрхийг зөрчсөн асуудал угтсан юм. Тодруулбал, Хятадын тэрс үзэлтэн, хараагүй хуульч залуу Чен гэрийн хорионоос оргон АНУ-ын Элчин сайдын яаманд “нуугдсан” аж. Тэрбээр Хятадын нэг гэр бүлд нэг хүүхэд бодлогыг хатуу шүүмжилдэг бөгөөд эмэгтэйчүүдийн үр хөндөлтийг шүүмжилснийхээ төлөө гэрийн хорионд ороод байсан. Ямартай ч АНУ-ын Хятад дахь бүрэн эрхт  Элчин сайд өөрийн биеэр Ченийг эмнэлэгт хүргэж өгсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Өчигдөр өглөө 09 цагт хатагтай Хиллари Клинтоны БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн. Айлчлалын эхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн  дарга эдийн засгийн хамтын ажиллаагааг түр хойш тавьж Иран, Хойд Солонгосын асуудлыг сөхсөн юм. Тэрбээр “Хоёр улсын хамтын ажиллагаа урьдын адил хэвээр байгаад талархаж байна. Энэ харилцааг улам бэхжүүлэхэд түлхүү анхаарах болно. Манай улсын хувьд стратегийн чухал түнш болох танай улстай эртнээс сайн харилцаатай байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед хүний эрхийн асуудал олны анхаарлын төвд орсон нь нууц биш. Ямартай ч хоёр улсын хамтын ажиллагаа шинэ төвшинд хүрлээ” хэмээн хэлэх гэсэн үгээ тойруулсан  юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны экспорт, импортын гол асуудлуудыг хөндөн өөрийн байр суурийг Хиллари Клинтон мэдэгдсэн юм.

Төрийн нарийн Хиллари Клинтон Хятад улсын Засгийн газрыг Хойд Солонгост яагаад цөмийн хөтөлбөрийн талаар тусалсан тухай Хятадын Гадаад хэргийн асуудал хариуцсан мэргэжилтнээс асуусан боловч тодорхой хариулт өгөөгүй аж.
Хиллари Клинтон өмнө нь 2010 оны тавдугаар сард Хятадад дөрвөн хоногийн айлчлал хийсэн билээ. Тухайн үед хоёр орны харилцааг сайжруулахыг уриалж байсан боловч энэ удаад Хойд Солонгос, Ираны асуудлаар түлхүү байр сууриа илэрхийлсэн юм.

Ираны асуудлын талаар хоёр улсын өндөрлөгүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв. АНУ-ын зүгээс “Ираны цөмийн хөтөлбөр цөмийн эрчим хүчний асуудал болон хувирсан. Гэхдээ энэ асуудал дээр хоёр улсын зүгээс сайн нухацтай бодож байж дараагийн үйлдлүүдээ хийх нь зөв болов уу. Энэ сарын дундуур зургаан талт олон улсын уулзалт болно. Үүнээс өмнө Ираны цөмийн эрчим хүчний нарийвчилсан хөтөлбөрийг олон улсад танилцуу­лахаар болсон. Хамгийн гол нь БНХАУ-ын эрх баригчид аливаа нэг зэр, зэвсгийн наймаа худалдаанд бүү орооцолдоосой гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин БНХАУ-ын зүгээс “Манай улсын хувьд дэлхийн хэвлэл мэдээллийн дунд яваад буй Хойд Солонгост тусалсан, зэвсэг наймаалсан гэдэг мэдээллийг эрс эсэргүүцэж байна. Ийм зүйл огт болоогүй гэдгийг ч албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс цаашид манай хоёр улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн чухал төлөвлөгөө урьдын адил хүчинтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

АНУ Азид анхаарлаа хандуулах бодлогыг идэвхжүүлж байгаа нь илт болсон. Тэр ч утгаараа өөрсдийн байр сууриа улам бэхжүүлж эхэлсэн. Энэ нь Хятад эдийн засаг, цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй зэрэгцэж байгаагаараа онцлог. Бээжин өөрийн усан хилийн орчимд хүчээ зузаатгаж, маргаантай байгаа арлуудын асуудалд хатуу байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Япон, Вьетнам, Филиппинтэй зарим арлуудаас болж маргаантай байна. Үүнд АНУ-ын тал зуучийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байгаа ч, Вашингтон нь маргаантай арлын асуудлыг Хятадын тусгаар тогтнолтой холбоотой асуудал болгож хувиргахыг хүсэхгүй байна. Хятад, Америкийн яриа хэлэлцээрийн өмнөхөн Вашингтонд Батлан хамгаалахын сайд Леон Панетта болон Филиппины Гадаад харилцааны сайд Альберт дель Розарио, Батлан хамгаалахын тэргүүн Вольтер Газмин нарын уулзалт болж өнгөрсөн юм. Зочид цэргийн тусламж хүссэн бөгөөд ялангуяа армийг бэхжүүлэхийг хүсчээ. Ингэхдээ тэд Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн чадавхи, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг тойрсон Бээжингийн шахалтуудыг дурьдсан байна.

Уулзалтын үед олны анхаарлыг тэрс үзэлтэн дахин татсан юм. Тэрбээр эмнэлгээс Хиллари Клинтонд зориулан “Хүний эрхийг дээдлэгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон таныг манай улсад дахин хүрэлцэн ирсэнд талархаж байна. Би танаас нэг зүйлийг хүсэх гэсэн юм. Хэрвээ хүнлэг сэтгэл, хүмүүний эрхийг дээдэлдэг бол манай гэр бүлийг Хятадаас аюулгүй гаргахыг хүсэж байна. Учир нь таныг айлчлахаас өмнөхөн би АНУ-ын Элчин сайдын яаманд нуугдсан ч манай гэр бүлийнхнийг заналхийлж байсан юм. Энэ удаагийн айлчлалын дараа би болон манай гэр бүлийнхэн дахин аюулд автах нь нэгэнт ойлгомжтой боллоо” хэмээсэн юм. Олон улсын ажиглагчид дээрх үйл явдлыг олон талаас нь тайлбарлахыг хичээж байна. Хэрэв АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон айлчлалын үеэр Чений асуудлыг сөхөх юм бол утгагүй хэрэг болно. Өөрөөр хэлбэл, айлчлалын үнэ цэнэ алдагдана гэсэн бол БНХАУ-ын зүгээс дээрх асуудалд хүлээцтэй хандаж, нөхцөл байдлыг зөөлрүүлэх аргаы хэрэглэж буй. Өнөөдөр түүний айлчлал дуусгавар болж Энэтхэг улсыг зорих юм.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж