”Евро-2012”-ыг бойкотлоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

”Евро-2012”-ыг бойкотлоно гэв

Ирэх сард болох Евро 2012 Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Европын холбооноос бойкотлож болзошгүй гэж мэдэгдсэнийг Украйнчууд эсэргүүцжээ.

Украйны Гадаад хэргийн яам Европын холбооны дээрх мэдэгдлийн хариуд “Ийм болчимгүй алхам нь тэмцээний нэр хүндийг унагахаас гадна Украйн, Польшийн сая сая үзэгчийг хохироож мэднэ” гэжээ.

Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Польш ч мөн дээрх мэдэгдлийг эсэргүүцсэн байна. Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронд хорьж, шударга бусаар харьцаж буйг эсэргүүцсэн хөдөлгөөн Украйнд өрнөж буйгаас Европын холбооны зарим лидерүүд Евро 2012 тэмцээнийг Украйнд зохион явуулахыг эсэргүүцсэн аж.

Улс төрийн далд явуулгаар шоронд хоригдсон Юлия Тимошенко  шоронгийн хуягуудын зүй бусаар харьцаж буйг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байгаа билээ.

Хуягуудад өшиглүүлж, хөхөрсөн ул мөртэй Юлия Тимошенкогийн зураг интернэтээр цацагдсан нь Украйнд түүнийг дэмжигчдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэхэд хүргэсэн юм.

Үүнээс болж Австри, Бельги тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, Нидерландын Засгийн газар Юлия Тимошенкод хүн ёсоор хандахгүй бол тэмцээнийг бойкотлоно гэжээ. Их Британи, Герман шийдвэр гаргаагүй байгаа боловч Юлия Тимошенкогийн эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин  Юлия Тимошенкод эдгэрэхийг хүссэн ч Евро 2012 тэмцээнийг бойкотлохын эсрэг байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Австри, Чех, Герман, Итали, Словени зэрэг орнууд ирэх долоо хоногт Ялтад болох төв, зүүн Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж