Хуульд заасны дагуу тойргийн хороодод зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн судалгааг үндэслэн ийнхүү тойргийн хороодыг байгуулжээ. Тойргийн хороог тус бүр 9-13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тэдгээрт нийт 260 орчим төрийн албан хаагч ажиллахаар байна. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаа хуульд заасан хугацаанд нь сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүргүүлжээ.
Тус газрын цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн үед бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусган сонгогчдын нэрийн жагсаалтыг 26 тойрог, 1908 хэсгийн хороогоор гарган цаасан болон цахим хэлбэрээр ийнхүү Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэж өгчээ. СЕХ нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилж холбогдох тойргийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.