Олон улсын бага хурал эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Олон улсын бага хурал эхлэв

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Батлан хамгаалах судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Чингис хаан-850 жилийн өв” сэдэвт олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний 6 дугаар бага хурал 2012 оны 5 дугаар сарын 4-нд Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд эхлэв. Хоёр хоног үргэлжлэх уг бага хуралд Монгол судлал, тэр дундаа Чингис хааны судлалын чиглэлээр судалгаа хийн олон арван бүтээл туурвисан Монгол, АНУ, Канад, Түрк, ХБНГУ, Израиль, Казахстан зэрэг орны 30 гаруй нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын төлөөлөгчдөд илгээлт ирүүлж Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгч захидалдаа уг бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “ардчиллын өлгий болсон АНУ-д хуран чуулж, өдгөө ардчиллын буухиаг нэр төртэй авч яваа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны намтар түүх, түүний төр, хууль цааз, нийгэм, цэргийн үйл ажиллагааг тал бүрээс нь үнэлэн дүгнэж” буй олон орны эрдэмтэн, судлаачдад амжилт хүсэв. Ерөнхийлөгч “Чингис хаан Ази, Европ тивийн улс төр, худалдаа, соёл, шашны харилцааг хөгжүүлж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг холбож, дэлхийчлэлийн үндсийг тавьсан нь хүмүүн төрөлхтний хөгжлийн түүхэнд түүний оруулсан аугаа том гавьяа мөн” гэдгийг онцлоод Монголыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд баяртай буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдөд захидал ирүүлэн амжилт хүсэв.

МОНГОЛ УЛСААС ВАШИНГТОНД СУУГАА ЭСЯ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж