Хятадын тэрс үзэлтэн АНУ руу гарахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэн АНУ руу гарахыг хүсчээ

Хятадын тэрс үзэлт, хуульч Чен Гуанчен гэр бүлийнхээ хамт Хятадаас гарахад туслахыг АНУ-аас хүсчээ. Хараагүй хуульч Чен гэр бүлийнхэнийхээ аюулгүй байдалд санаа зовж, Хятадад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой биечлэн уулзахыг хүсч буйгаа мэдэгдсэн гэнэ.

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд хоргодож байсан Ченийг Хятадын цагдаа нар эмнэлэгт хэвтүүлсэн билээ. АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсч, тэнд долоо хоносон Чен Хятадын хууль сахиулагчид аюулгүй байдалд нь баталгаа гаргасны дараа Элчин сайдын яамыг орхихоор болсон аж.

Гэвч түүнийг өөрийн хүсэлтээр биш, хүчээр Элчин сайдын яамнаас гаргаж, эмнэлэгт хэвтүүлсэн тухай яриа гарчээ. Чен АНУ-ын Конгрессын шүүхэд утсаар “Би АНУ-д амар тайван амьдрахыг хүсч байна. Сүүлийн 10 жил би амраагүй. Миний ээж, дүү хоёрт юу тохиолдох бол гэдэг бодол миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байна. Тэдэнд юу ч тохиолдож магад” хэмээн ярьсан байна.

Чен АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой нүүр тулж уулзахыг хүссэн бөгөөд түүнийг өөрт нь тусалж чадах ганц хүн гэжээ.

Хятадын Гадаад хэргийн сайд АНУ-ын элчинг Ченийг орогнуулсны төлөө уучлал гуйх ёстой гэж мэдэгдсэн юм.

Гэвч АНУ-ын Элчин сайдын яам энэ асуудалтай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Ченд тохиолдсон хэргийг сонирхсон Хонконгийн киночид түүний тухай баримтат кино хийхээр төрөлх тосгонд нь очсон боловч цагдаа нар тэдний машин руу дайрч, замд нь зогсоосон гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж