Энэ хүрээнд өчигдөр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайтай уулзаж, салбарынхаа чиглэлээр үр дүнтэй яриа өрнүүлсэн юм. Уулзалтын үеэр Монголын болон дэлхийн мал аж ахуйн хөгжил, түүн дунд мал аж ахуйн үржил, түүнээс гарах бүтээгдэхүүний чанарын тухай мэдээллүүдийг солилцож байсан.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Монголын махны холбооны тэргүүн Л.Ганпүрэв, Монголын үндэсний малын эмч нарын холбооны ерөнхийлөгч С.Батсайхан болон яамны мэргэжилтнүүд байлцсан юм.
Бернард Валлат манай улсыг мал аж ахуйн салбарт ихээхэн ойр, чухал орон гэдгийг тэмдэглээд, хэрэв энэ салбарыг түлхүү хөгжүүлж чадваас тухайн улсын хөгжилд онц үр нөлөө үзүүлнэ хэмээн хэлж байсан. Энэ талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай уулзалтын үеэр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлатад хандан “Манай улсад хийх айлчлалыг хүлээж байлаа. Улс орныхоо мал аж ахуйн байдал болоод мэдээ мэдээллийг ийнхүү биеэр мэдэгдэж, санал солилцож байгаадаа таатай байна. Манай улсын мал аж ахуйн онцлог бол байгалийн буюу бэлчээрийн малтай орон. Хүйтэн сэрүүн, урин дулаан хосолсон цаг ууртай учир малын удам угсаа, түүнээс гарах бүтээгдэхүүн нь амт шимтлэг. Ер нь энэ жил олон ихэртэй сайхан хавар манай оронд тохиож байна” хэмээн хэлж байсан юм.
ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Бернард Валлатаас манай орны мал аж ахуйн салбарын хөгжлийн тухай тодрууллаа.
-Энэ салбарт манай улсын хувьд юуг анхаарвал зохих вэ?
-Мал аж ахуйн салбарт хүн малын харилцааны уламжлалт заншлын хажуугаар хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал чухал нөлөөтэй. Ер нь эдийн засгийн харилцаа, эрүүл мэндийн асуудал энэ салбарт тэргүүлэгч байх ёстой. Ингэснээр хүн амыг эрүүл хүнсээр хангаж, цаашлаад гадны зах зээл дээр гарч чадах юм. Махны экспортын болон мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдал дээр тулгамдсан гурван асуудал байна. Нэгдүгээрт, гоц халдварт шүлхий зэрэг өвчнөөс хамгаалдаг гэдгээ, ялангуяа манай улсад ийм вирус байхгүй гэдгийг нотолж харуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, малын эм, бэлдмэлийн хэрэглээг анхаарах ёстой. Ялангуяа антибиотикийн үлдэгдэл, мах, махан бүтээгдэхүүнд байх ёсгүй. Гуравдугаарт, тухайн улсын мал, эмнэлгийн байгууллага хяналтаа бүрэн тавьдаг байх ёстой. Үүнээс харахад, гуравдугаар асуудлыг бүрэн шийдсэн байхад бусад асуудлыг толгой өвдөлгүй шийдэх боломжтой. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг ярихгүй байхын аргагүй.
-Манай улсын махны экспортыг хэрхэн харж байна вэ?
-Монголын махны экспортын зах зээлд гол төлөв Хятад, ОХУ зонхилдог юм байна. Хамтран ажиллаж, холбоотой байдаг ОХУ тун удалгүй Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болно. Мөн Хятад улс ч гэсэн. Тэгэхээр энэ тал дээр уян хатан нөхцөл, боломж бий болох байх.
-Энэ салбарт хэрэгцээт хөрөнгийг тодорхойлбол?
-Бид 2007 онд Монгол Улсад бие даасан Үнэлгээний багийг явуулсан. 2010 онд дахин баг явуулсан. Ерөнхийдөө Монголын мал эмнэлгийн байгууллагыг олон улсын стандартад хүргэхэд зардлын тооцоог энэ үнэлгээнүүдээр гаргаж ирсэн. Ерөнхийдөө бүтцийнхээ хувьд 25 сая ам. доллар хэрэгтэй болох тооцоо гарсан. Бид гишүүн орнууддаа хэрэгцээт хөрөнгө оруулалт олоход нь туслах зорилготой. Энэ хүрээнд Монгол Улстай хамтран ажилласан үйл ажиллагааныхаа тайлан болон цаашид хийх ажлынхаа тайлан, төлөвлөгөөг гаргасан. Дэлхийн банкнаас манай энэ тайлан болон төлөвлөгөөг маш үндэслэлтэй хэмээн үзсэн. Нэг үгээр бол одоогийн байдлаар Дэлхийн банктай хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт татах яриа хэлэлцээ хийж эхлээд байна.
-Цаашид ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоогийн байдлаар Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалт татах тухай яригдаж байгаа нь зээлийн шатанд боловч цаашдаа болон донор орнуудын буцалтгүй тусламж орж ирэх боломжтой. Ер нь зээл авлаа гэж бодоход Сангийн яам болон ХААЯ энэ тал дээр анхаарч зохицуулалт хийх шаардлагатай байх. Монгол Улс баруун аймгуудаа шүлхийгүй бүс болгосоныг зарлах тухай өргөдлийг манай байгууллагад гаргасан. Үүнийг хүлээн авах тал дээр хамтарч ажиллаж байна. Бид ахин шинжээчдын баг ирүүлэх төлөвлөгөөтэй байна.