Ц.Нямдорж суудалдаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж суудалдаа үлдлээ

УИХ-ын ээлжит чуулганы хурлдаанаар Хууль зүй,  дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь шөнө дөлөөр  хуралдаад ч огцруулах эсэх асуудлыг бүрэн хэлэлцэж чадаагүй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэх асуудлыг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ асуудалд, УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.  Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр, С.Эрдэнэ нар сайд Ц.Нямдоржийг  огцруулах эсэх асуудлаар гишүүдээс санал хураахдаа чуулганыг хаалттай горимд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Учир нь санал хураалтыг хэвлэлийнхнээс нууцлахгүй бол УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд аюул учирч болзошгүй хэмээн анхааруулж байсан ч санал, асуулгыг нээлттэй явуулсан юм. Ингээд УИХ-ын гишүүд огцруулах санал гаргасан гишүүд болон Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асуулт асууж, саналаа илэрхийлэв.

Ц.Нямдорж гишүүдээсээ уучлалт гуйв

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Та болсон үйл явдлыг мэдээгүй унтаж байсан гэсэн хэрнээ дараа нь яагаад унтаагүй гэх тайлбарыг өгсөн юм бэ. Телевизээр хэлсэн үгэндээ “намайг алж дуугай болгохоос нааш” гэж ярьсан байсан. Энэ үгээ тайлбарлахыг хүсч байна гэсэн?

Ц.Нямдорж:

-Би шууд хэлчихдэг болохоор эвгүй зүйл ярьсан байсан. Нийт гишүүдээсээ уучлалт гуйж байна гэлээ.

Харин хариуд нь Ц.Баярсайхан “Энэ уучлалт гуйж байгааг чинь ёс зүйн алдаа гаргасан учраас уучлалт гуйлаа гэж ойлгож, хүлээж авлаа” гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр,

-Ц.Нямдорж сайд та, намынхаа гишүүнд МАН-ын нэр хүнд унасан байгаа. Тиймээс сонгуулийг өөрийн талд гаргахын тулд УБЕГ, Ухаалаг үнэмлэх зэргийг зохицуулж өгнө. Ингэснээр манай нам ялна, мөн намайг хөөвөл бүгд миний араас явна гэх зэргийн үгийг хэлж байсан гэсэн. Үүнийгээ тайлбарлаач. Дараагийн нэг тодруулах зүйл нь Цэцийн гаргасан Сонгуулийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгосонд хэн нэгний оролцоотой. С.Баяр, Ц.Нямдорж, Лүндээжанцан зэрэг хүмүүс байсан. Тиймээс эдгээр хүмүүс намынхаа сонголтоор нэр сонгогдоно гэсэн яриа байна. Та ер нь хаана дэвших вэ, 28 нь намын дарга нараас, 48-ыг нь ард түмний сонголтоор явна. Та алинаар нь дэвших вэ?

Ц.Нямдорж:

-Би тэгж яриагүй. Хэн тэгсэнийг нь хэлчих. УБЕГ-ыг хүлээж аваад таван сар болж байна. Хууль бусаар тендер шалгаруулаад өгсөн компаниуд нь иргэний үнэмлэхийг хэвлэж амжихгүй, нэг сараар сунгах хүсэлт тавьсан. Учир нь иргэдийн гарын хээ авдаг машин нь хоцрогдсон учраас дахин сунгах хүсэлтийг тавьсан. Надаас шалтгаалах зүйл байгаагүй. Харин хаана нэр дэвших эсэх нь миний УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Ц.Нямдорж сайдаа тантай холбоотой маш олон асуудал яригддаг, зөвхөн энэ удаагийн огцруулах үндэслэлийг оруулахгүйгээр “MCS”-ийн орон сууцанд амьдардаг, өндөр үнэтэй хаус бариулсан, хөнжилдөө хууль зассан гээд олон зүйл бий. Энэ бүх асуудалд ухамсараараа хариуцлага хүлээж болдоггүй юм уу. “Сандал ширээтэй зууралддаг нь би биш” гээд зарлаад байсан. Одоо яагаад сандалтайгаа үхэн хатан зууралдаад байгаа юм бэ. УБЕГ-ын ажлыг санаатайгаар нураасан гээд яриад байвал паян чинь дуусахааргүй их. Нэр төртэйгээр сайн дураараа огцрооч ээ? Гэсний хариуд, Ц.Нямдорж,

-Сайдын албыг хэзээ өгөхийг УИХ шийднэ. Тэр байр сууриа дахин илэрхийлье. Би энэ төрд шургалсан муу сүлжээг таслах гэж явж байгаа. 2006 онд 250 сая ам.долларын сүлжээг тасалсан. Төрд орсон болгон хулгай хийх, бөгсөө худалдах ёсгүй. Нууц гэрээ байгуулахгүй байхыг, хууль биелүүлэхийг ёс зүй гэж боддог.  Энэ удаагийн сонгуулийг луйваргүй, зөрчил багатай зохион байгуулчихаад огцоръё гэж бодож байна. Үүнийгээ би намынхаа бүлэгт ч, Монгол Улсын Ерөнхийлөгчид ч гэсэн хэлсэн. Хууль зөрчсөн хүмүүс өөрсдөө намайг хууль зөрчсөн гээд огцруулах төсөл мэдүүлчихээд сууж байгаа шүү.

С.Эрдэнэ:

-Хууль зөрчсөн хүмүүс гэдгээ нэрийг нь тодорхой хэлэх хэрэгтэй. Худлаа битүүлэг юм яриад огцрохгүй байх шалтаг хайх хэрэггүй. Мөн таныг гэмт хэргийн хар дэвтэр өвөртөлж явдаг гэсэн. Тэр дэвтэрт байдаг хүмүүс нь таны дохио зангаагаар хөдөлдөг гэсэн. Тэднийхээ нэрийг хэлж өгнө үү?

Ц.Нямдорж:

-Би ярих төвшинд бүх зүйлээ ярьсан. Нууц гэрээний тухай, 300 сая ам.долларын зээлийг хувийнхаа зөвлөхөд өгч болохгүй гэж хаваржин ярьсан. Би хавар ч биш анх Засгийн газрын хуралдаанд хэлж байсан. Дахин хэлэхийг хүсэхгүй байна гэлээ.

С.Эрдэнэ:

-Та хууль хяналтын байгууллагын бүх эрх мэдлийг авсан байхад тантай холбоотой хэргийг хэн хянадаг юм бэ. Үүнд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчөөд байна гэв. Харин үүнийг сонссон  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Амарбат:

-АТГ-т Ц.Нямдоржид холбоотой санал, гомдол шалгагдаагүй байна гэсэн юм. Мөн прокурорын байгууллагад ч  Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шалгаж байгаа асуудал байхгүй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар нэг хэрэгт холбогдсон тохиолдолд нийслэлийн прокурор хяналт тавьдаг юм байна.

Л.Гүндалай гишүүнийг барихад Ц.Нямдорж амралтанд салхилж байжээ

Гишүүд өөрсдийн байрсууриа илэрхийлсээр чуулган үргэлжилсээр байв.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай:

-Намайг мөн хэдэн жилийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ онгоцны буудал дээр явж байхад баривчилсан. Энэ үед Ц.Нямдорж сайд та унтаж байсан уу, мэдэж байсан уу?

Ц.Нямдорж:

-Л.Гүндалай гишүүнийг баривчлахад би салхинд гарсан. Эзгүй байсан. Баривчлах үйл ажиллагааг зохион байгуулсан ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генералаас асуу. Сүүлд харахнээ гишүүн өөрөө газар унаад, өөрөө л шоудаад байсан харагдсан гэлээ. Тэгэхээр энэ удаад Хууль зүйн сайд унтаж байсан, харин өмнө нь УИХ-ын гишүүнийг баривчлах үеэр салхинд гарахаар амралтанд явсан байжээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир хэлэхдээ,

-Тухайн үед гишүүнийг бусдыг гүтгэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Гэтэл байцаалт өгөхийг хэд хэдэн удаа хүссэн ч ирээгүй учраас албадан баривчилгаа явуулсан. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан учраас түүнийг Ганц  худагт хорьсон гэв.

Л.Гүндалай:

-Би өөрөө унаад, өөрөө тэр Ганцхудгийн хаалгаар гүйгээд орсон юм уу. Ганц худгийн чинь хаалга тэгээд оръё гэсэн болгонд нээлттэй байдаг хэрэг үү гэж гөжүүдэлсэн юм. Харин Ц.Нямдорж сайд үүний хариуд ямар нэг тайлбар хийсэнгүй.

Үүний дараа гишүүн Ц.Сэдваанчиг:

-Цагдаагийн байгууллагын 300 гаруй албан хаагч нь үүрэг гүйцэтгээд, мөн жирийн иргэний амгалан тайван байдал алдуулж, эндүүрч айлын хаалга нүдэж, гэрийн эзнийг нь чирч гаргаж ирсэн, санал хураалтыг нууцаар явуулахгүй болохоор зарим гишүүд санал өгөхөд эмээх зүйл гараад байна зэрэгт хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргаас тодруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд:

-Хариуцлага алдсан бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ үндэслэлийг нь тодорхой гаргаж ирээд, энэ удаад хууль зөрчсөн зүйл алга байна. Харин иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, хариуцлага алдсан хүнд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм. Бүлгийн шийдвэрийг  олонхиор шийдсэн бол түүгээр нь шийддэг нь намын гишүүдийн дүрэм байх ёстой. Олонхио дагахгүй бол гишүүн байх эсэх нь тодорхойгүй болно гэв.

Огцруулахыг хүсэгчдийн  зарим нь “урважээ”

УИХ-ын гишүүн Д.Загджав:

-Хэрэв нийгмийн хэв журмыг сахиулах ёстой сайд нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол шууд огцрох ёстой гэлээ. Мөн гишүүн Ц.Даваасүрэн “Ард түмэн телевизийн өмнө байсан байхад сайд нь унтаж байсан гэх мэдээллийг өгсөн энэ бол Засгийн газарын гишүүний хувьд үүргээ биелүүлээгүй гэж ойлгож байна гэх саналаа илэрхийлсэн.

-Ч.Улаан:

-Огцруулах хүсэлт гаргасан саналдаа хэвээрээ байгаа.Эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээхгүй юм байна гэж ойлгож байна. МАН-ын хийж байгаа зүйл нэг л ойлгомжгүй байна. Аливаа нэг шийдвэр гаргахдаа сайн бодоорой гэж сануулсан.

Р.Раш:

-Огцруулах асуудлыг зөв, буруу гэж ярьж байна. Тухайн үед ганц хүний баривчлахын тулд будилаан үүсэхгүйгээр аваад явж болохгүй байсан юм байх даа гэж бодсон. Үнэхээр бүдүүлэг, болхи байсан. МАН-ын бүлэг маш олон талаас нь ажил хэрэгчээр ярилцсан. Энэ процесс үргэлжлээд байвал Ардчилсан нам цахим үнэмлэх хэвлэгдэхгүй хариуцлагыг Нямкатай тооцохоор байна. Тиймээс намын шийдвэрээ дагаж, огцруулахгүй гэлээ.

Д.Тэрбишдагва:

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 21.30 цагийн үед үүрэглэн үүрэг өгчихөөд унтсан гэсэн утгатай зүйл яриад байна. Ард түмний амгалан тайван байдлыг хангахын төлөө Ц.Нямдорж сайд санаа зовсон гэх зүйл яригдахгүй байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй.

Д.Балдан-Очир:

-МАН-ын хувьд энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах хууль эрхзүйн үндэслэл байгаагүй. Улс төрийн намын дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Намын гишүүд улс төрийн шийдвэр гарсан” гэв.
Иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалаагүй Д.Сандаг-Очир генералыг огцруулъя гэв

Ц.Сэдваанчиг “Долдугаар сарын 1-ний шүүх хурал гаднаас нөлөөлж хойшлуулаад байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдтэй уулзахдаа хэлж байсан. Яагаад энэ шүүх хурлыг саатууулаад байгаа юм бэ” гэсэн асуултыг Ц.Нямдоржид хаягласан.

Ц.Нямдорж:

-Би долдугаар сарын 1-ний хэргээр ар гэрийхэнтэй нь уулзаж, тэтгэмж өгч байсан. Гэтэл одоо надад Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчдийг өмгөөлөх, Цагдаагийн ар гэрийн холбооноос цагдааг хамгаал, нийслэлийн шүүхээс өмгөөлөгч нарт хариуцлага тооц гэсэн гурван бичиг ирсэн байгаа. Удахгүй би хариуг нь өгнө гэлээ. Долдугаар сарын 1-ний шүүх хуралд ямар нэг байдлаар би оролцоогүй гэх тайлбарыг тэрээр өгсөнгүй.

Д.Ганхуяг гишүүн Ерөнхий сайдад хандан,

-Үндэслэл нь улс төр, ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэж байгаа. Ямар хариуцлага хүлээлгэх гэж байна гэдгийг тодруулсан. Мөн Ц.Нямдоржоос цагдаагийн даргад ямар үүрэг өгсөнийг тодруулсан юм.

Ерөнхий сайд С.Батболд:

-Аливаа улс төрийн нам улс төрийн хувьд ч, ёс зүйн хувьд ч нухацтай шийдвэр гаргах ёстой. Хэн нь хагаралдуулах гээд байгааг ойлгохгүй байна. Үүнд би хариулт өгөхгүй гэлээ.

Ц.Нямдорж:

-Тухайн үед цагдаагийн даргаас тодруулахад ийм хэргээр ийм хүнийг баривчлах гэж байна. Өмнө нь удаа дараа мэдүүлэг өгөхийг хүссэн ч ирээгүй учраас албадан баривчилгаа хийх гэж байна гэж хэлсэн.

ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир:

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид 21.30 цагийн үед танилцуулсан. Харин Ц.Нямдорж сайд эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хуулийн дагуу хийх хэрэгтэй гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар 22.00-06.00 цагийн хооронд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй гэлээ.

Ч.Улаан:

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь  цагдаагийн газрынхан иргэдээ айлгаж болохгүй шүү гэж хэлээгүй байна. Өөрөө ёс суртахуунгүй байна гээд огцрох нь зүйтэй гэдгийг дахин сануулсан.

Д.Тэрбишдагва:

-Би тэр өдөр гэрч болсондоо баяртай байна. Д.Сандаг-Очир генерал худлаа ярьж байна. Цагдаагийнханг орж ирэхэд нь бид “Тайван бай” гэж хэлээд байхад дайрч орж ирсэн. Жирийн иргэний гэрийг сүйтгэж, айлгаж, ёс суртахуунгүй авир гаргачихаад, ард түмний татварын мөнгөөр хохирлыг нь барагдуулчихаад ингэж ярьж болохгүй. Д.Сандаг-Очир генерал ингэж ярьж байгаа бол та ч бас огцрох хэрэгтэй гэсэн хатуухан үгийг хэлээд амжив.

МАН олонхоороо сайдаа авч үлдлээ

О.Чулаанбат:

-Ёс суртахууны хариуцлага хүлээх хэрэгтэй. Хамт явж байсан хүмүүс нь эргэж буцаад, анхны саналаасаа урвасан. Хамгийн зөв шийдвэр бол өөрөө огцрох. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх олон асуудал  байгаа. Олон асуудал хойшилж, цаг хугацаа алдаж байна.

Д.Ганхуяг:

-Тухайн өдрийн 20.00 цагийн үед хамгаалалтын албаныхан хоорондоо үл ойлголцсон байсан уу гэж Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Б.Батзоригоос тодруулсан юм.

Б.Батзориг

-20.00 цагийн үед дуудлага хүлээн авсан. Ямар нэг эрхзүйн актгүй хүмүүс дайрч Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэж дуудлага ирсэн. Би 20.40 цагийн үед очиж мэдээлэл авсан. Ямар асуулаар яах гэж барих гэж байгаатай танилцаад үйл ажиллагаа үргэлжилсэн.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Бүтэн өдөржин, шөнөжин ярьж байна. Гишүүдэд сүүлийн хэдхэн хоногийн хугацаанд хэлэлцэх асуудал олон байна. Одоо үүнээс илүү чухал асуудал олон байхад ингэж цаг алдах хэрэггүй. Ер нь бол Ц.Нямдорж сайд их шударга хүн. Би олон жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа. Тиймээс энэ хүн бол их шударга улстөрч гэлээ. Ийнхүү чуулганыг үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч 35 минутаар хоцорч эхэллээ. Тус хуралдаанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-нд баривчлах явцад цагдаагийн байгууллага нь хүний эрхэнд бүдүүлгээр халдсан, хууль бус ажиллагааг явуулсан гэдэг үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн найман гишүүн дээр нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нэгдэн сайд Ц.Нямдоржийг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч огцруулах төсөл мэдүүлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Балдан-Очир нар буцаж, сайд Ц.Нямдоржийг авч үлдэх кноп дарахаа илэрхийлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай хуулийн төслийг бараг бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 71 гишүүн оролцсоноос 40 нь “огцруулах шаардлагагүй” хэмээн үзэж кноп дарсан бол 31 нь эсрэг кноп дарсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 100 хувь байр сууриа хамгаалан “Сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж эсрэг кноп дарсан ч олонхийн бүлгийн талд шийдвэр гарч Засгийн газар элэг бүтэн үлдлээ.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж