”Хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-д орсон”

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

”Хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-д орсон”

 Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, сэтгүүлчдийн өмнө тулгарч байгаа асуудлын тухай “Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө хэр зэрэг хангагдсан гэж үздэг вэ?

-Саяхан болж өнгөрсөн “Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулах нь” дугуй ширээний ярилцлага дээр гадны мэргэжлийн байгууллага биднийг хэрхэн дүгнэж байна. Дараагийнх нь, монголчууд бид өөрсдөө хэвлэлийн эрх чөлөөгөө хэрхэн дүгнэж байна гэсэн хоёр зүйлийг хөндөж ярьсан. Гадны байгууллагуудын тухайд хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог Фрийдом Хаус, Хил хязгааргүй сэтгүүлчид гэсэн хоёр том байгууллага бий. АНУ-д төвтэй Фрийдом Хаус байгууллагын гаргасан судалгаагаар, Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогддог. Парис хотод төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагын судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог. Бүх улсуудыг хамарсан жагсаалтанд бид өмнөх жил 76 дугаар байранд орж байсан бол, 2011 онд 100-д орж ухарчихсан байна. Монголчууд бид өөрсдөө хэвлэлийн эрх чөлөөг олон талтай ойлгож байна. Нэг хэсэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа гэж үздэг бол нөгөө хэсэг нь эрх чөлөө хязгаарлагдмал гэж үздэг. Бүр зарим нь хэвлэлийн эрх чөлөөг байхгүй гэж үздэг хэсэг ч байна.

Монголд маш олон хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл байна. Маш олондоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Сүүлийн жилүүдэд телевиз, сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгсэл хурдацтай нэмэгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмд олон ургальч байдлыг төлөвшүүлж байгаа юу гэвэл тийм. Хүмүүс ямарваа нэгэн мэдээллийг сонгож унших боломж нь байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал бол иргэдийн үндсэн эрх хэмээн тооцогддог. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол иргэний эрх юм. Энэ ч утгаараа хүний эрхийн суурь зарчим хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг. Иргэний энэхүү эрхийг нь хангахын тулд сэтгүүлчид хараат бус байх ёстой. Сэтгүүлчийн гараас гарсан үнэн зөв мэдээлэл энэхүү эрхийг нь хангадаг.

-Монголд сэтгүүлчид нь хараат бус байж чадаж байна уу?

-Үгүй. Нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд асар их унаж байна шүү дээ. Гэхдээ хараат бус байгаа нь дан ганц сэтгүүлчдээс биш олон хүчин зүйлээс шалтгаалсан нь тодорхой. Сэтгүүлчид юунаас хараат бус байх ёстой вэ гэхээр улс төрийн нөлөөллөөс, эдийн засгийн нөлөөллөөс, редакцийн нөлөөллөөс ангид байх ёстой. Эдгээр зүйлсүүдээс хараат бус байх нөхцөлийг нь хангасан хууль, эрх зүйн систем маш чухал. Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагад хараат бус редакцийн бодлого байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнийг би юунаас хараад байна вэ гэхээр нэвтрүүлэг, нийтлэлээс нь л хараад байгаа юм шүү дээ. Уул уурхайн асуудал, улс төрийн шийвэрүүдтэй холбоотой асуудал дээр сэтгүүл зүй яг үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байна. Монголын сэтгүүл зүй улстөрчдийн шийдвэрүүдийг л хүргэж байдаг зуучлагчид болон хувирчихсан. Энэ бол бодит байдал. Сэтгүүл зүй хараат бус байхаас гадна тэнцвэртэй байх ёстой. Монголын сэтгүүл зүй тэнцвэргүй, шударга бус л гэж би харж байгаа.

-Тэгвэл энэ бүгдээс шалтгаалаад дарамт шахалт ирнэ биз дээ?

-Тийм. Сэтгүүлчид аливаа асуудлын гүнд нь ороод эрэн сурвалжилсан бүтээл хийх, эрэн сурвалжилж байгаа асуудалдаа дүн шинжилгээ хийгээд явах нөхцөл алга. Хэрвээ иймэрхүү бүтээл хийвэл тухайн асуудал аль байгууллагатай холбоотой байгаагаас хамаараад сэтгүүлчдэд дарамт шахалт ирдэг. Нөгөө талаас редакцийн цензурээс хамаараад сэтгүүлчид өөрсдийн үзэл бодлоо тодорхой хэлж чадахгүй байгаа. Тухайн редакцийн эзэмшигч нь улстөрч эсвэл улстөрчидтэй ойрын холбоотой бизнесменүүд байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм. Сэтгүүлч хүн яг өнөөгийн байдлаар хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа. Энэ эрх нь л хязгаарлагдмал байгаагаас болоод олон нийт сэтгүүлчдэд итгэхгүй байгаа юм шүү дээ. Сэтгүүлчдээс та нарт хэн дарамт шахалт учруулаад байгаа вэ гэдгийг мониторингоор судлахад эрх баригчид нь ч, хувийн хэвшлийн байгууллага нь ч учруулж байгаа нь тогтоогдсон. Үүнээс хамгийн нийтлэг дарамт шахалт нь тухайн редакцтай байгуулсан ямар нэгэн компанийн тухай мэдээ, материалыг сэтгүүлч бичсэн байвал нийтлүүлдэггүй. Хөрөнгө оруулагч гэсэн өнцгөөс тухайн сэтгүүлчийн материалыг нийтлүүлэхгүй байна аа гэдэг чинь хэлэх эрхийг нь зөрчиж байгаа асуудал. Тухайн сэтгүүлчийг мэдээ, материал нийтлүүлэхгүй байх, ямар нэгэн хүнийг албаар магтуулж, муулуулах зэрэг нь редакцийн цензурын хамгийн том хэлбэр юм.

-Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан хууль, дүрэм журам цөөхөн байх шиг санагддаг?

-Хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр сэтгүүл зүйн салбарт олон тооны нааштай өөрчлөлтүүд гарсан. 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байна. Энэ хуулийн хамгийн гол зүйл нь цензурыг хориглосон явдал. Энэ хуулиар төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон. Үүний дараа телевизийн тухай хууль батлагдаж гарлаа. Хамгийн сүүлд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж батлагдлаа. Энэ нь иргэдэд зориулсан хууль биш боловч иргэдийн өмнөөс дуугардаг сэтгүүлчдэд маш чухал хууль. Бид хуулийг боловсруулах гэж долоон жилийг зарцуулсан. Хэрэгжилтийг хүлээж дахиад долоо, түүнээс дээш жилийг зарцуулмааргүй байна. Үүнээс гадна тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалтыг Харилцаа, холбооны зохицуулах газраас гаргасан. Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх журам, тоон контентын үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл зэрэг зохицуулалтыг хийсэн байгаа. Эрх зүйн хувьд энэ мэтчилэн янз бүрийн өөрчлөлт орж байна.

-Иргэний төлөө дуугарсан, хэлэх эрхээрээ хангагдсан сэтгүүлчтэй болохын тулд өөрчлөлтийг хаанаас эхлэх вэ? Сэтгүүлч ганцаараа хүчрэхгүй байх л даа?

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол бэлэг биш. Үүнийг УИХ-аас ч юм уу, эрх баригчдаас ч юм уу гуйж авдаг зүйл биш. Сэтгүүлчид үүнийг тэмцэж авах ёстой. Өөрсдийгөө хүчтэй гэдгийг мэдрүүлж чадвал ердөө ч асуудалгүй. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бүрт нийтлэг эрх ашиг гэж бий. Энэ нь хүссэн зүйлээ хэнээс ч айлгүйгээр нийтлэх тийм эрх юм. Үүнийг хэн нэгэн хүн, ганцхан дохиод шийдэж чадахгүй. Үүнд хамтын хүч чухал. Монголын хэвлэлийн эрх чөлөөг нэг шувуу гэж төсөөлье. Ганц далавчгүй шувуу тэнгэрт нисч чадах уу. Монголын сэтгүүл зүйд байхгүй тэр даль жигүүр нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт юм. Ёс зүйн нарийн дүрэмтэй, сэтгүүлчдэд тулгараад байгаа асуудлыг дотооддоо шийдвэрлэж чаддаг, редакцийн хараат бус байдлыг хангасан баримт бичгийг баталчихдаг тийм л зохицуулалт байх ёстой. Үүнийг хамгийн эхлээд редакциасаа эхлэх хэрэгтэй. Тухайн редакц дотоод зохицуулалтдаа өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээг нарийн зааж, дотоод ажилд оролцохгүй гэдэг гэрээг хийчих юм бол өөрчлөлтийг эхлүүлэхэд амар болно. Гэхдээ сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага үүнд нөлөө үзүүлнэ гэдгийг санахад илүүдэхгүй. Өөрчлөлтийг хийхэд маш хүчтэй үйлдвэрчний эвлэлтэй байх ёстой. Яагаад гэвэл сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгааг энэ байгууллага л зохицуулж, ямар нэгэн шийдвэрийг гаргах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ, хэлэх эрх, цалин хөлсийн хэмжээг тогтоох зэргийг энэ л байгууллага хангаж чадна. Энэ асуудлыг сэтгүүлдийн эвлэл дийлэхгүй. Ямар нэгэн төрийн бус байгууллага нь ч хийж чадахгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол нөлөөлийн асар хүчтэй зэвсэг. Нийгмийг өөрчилж чадна, нийгмийн ухамсрыг төлөвшүүлж чадна, нийгэмд аливаа санааг бий болгож чадна. Энэ хүчтэй зэвсэг эрх зүйн төгс төгөлдөр орчинд ажиллах ёстой. Энэ утгаараа эрх зүйн орчинг сайжруул гэдгийг эрх баригчдад хэлж чаддаг байх хэрэгтэй. Үүн дээр сэтгүүлчдийн эвлэл манлайлж оролцох ёстой юм, уг нь. Хүсэл зориг байдаг бол ийм хүчтэй зэвсгийг атгаад сууж байгаагаа мэдэх хэрэгтэй.

-Гадны орнуудад энэ асуудлыг олон нийттэйгээ ярилцдаг юм билээ?

-Тийм. Иргэний суурь эрх гэж тооцогддог л юм бол хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар олон нийттэйгээ ярилцдаг байх хэрэгтэй. Олон нийт улстөрчдөөс та нарын ухуулга, сурталчилгааг авч ханалаа, хэвлэлийн эрх чөлөөг хангаад өгөөч гэдгийг шаардаж байж хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэдэг нийгэм, улс төрийн соёл бий болно.

-Тэгвэл Сэтгүүлчдийн эвлэл нь тусдаа, “Глоб Интерэйшнл” тусдаа, Хэвлэлийн Хүрээлэн тусдаа байхаар энэ асуудлууд шийдэгдэхгүй хэвээр л байх юм биш үү?

-Энэ байгууллагууд сүүлийн үед хүчээ нэгтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Сэтгүүлчдийн эвлэл гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг байгууллага. Хэвлэлийн хүрээлэн, Глоб хоёр бол нийгэмд үйлчилдэг байгууллага. Глоб эрх зүйн чиглэлээр, мэргэжлийн эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бол Хэвлэлийн хүрээлэн сургалт, судалгаанд илүү төвлөрдөг. Гэхдээ нийтлэг эрх ашиг дээр эдгээр байгууллагууд болоод бусад төрийн бус байгууллагууд нэгдэх ёстой. Телевизийн холбоо, сонины холбоо, сайтуудын холбоод сэтгүүлчдийн эрхийг хангах тал дээр хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Хэрвээ нэг нэгээрээ асуудалд хандаад байх юм бол амжилтанд тэр бүр хүрч чадахгүй. Жишээлбэл, хэвлэлийн консулын асуудал дээр нэгдээд асуудлаа шийдэх ёстой. Бид арав гаруй жил ярилаа шүү дээ. Тэгтэл үүнийг зарим холбоод нь хэрэггүй гэж хараад, зарим нь хэрэгтэй гэж хараад байгаа. Ингээд байвал асуудал шийдэгдэхгүй. Хэрвээ хэвлэлийн консултай болчихвол сэтгүүлчдийг шүүхэд дууддаг, шахалт дарамт үзүүлдэг байдал ч тодорхой хэмжээгээр багасна. Бид үүнийгээ өөрсдөө ярихгүй, хэлэхгүй, нэгдэж нэгдсэн байдлаар хүргэхгүй болохоор шийдэгдэхгүй шүү дээ.

-Сэтгүүлчдийн нийтлэг эрх ашиг гэж олон удаа ярилаа л даа. Одоогоор нийтлэг эрх ашиг байхгүй юм шиг харагддаг. Бүгд л ногоон, цэнхэр, улаан өнгөнд хуваагдаад байх шиг харагддаг?

-Монголын сэтгүүлчид бүгдээрээ цугларч байгаад хөндөгдсөн эрх ашгаа жагсаагаад түүнийхээ төлөө нэгдээд тэмцэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь та бүхэн үнэт зүйлээ хамгаал. Энэ үнэт зүйл нь хараат бус байдал. Сэтгүүлч хүний ганц үүрэг нь үнэн бодитой мэдээллийг олон нийтэд түгээх. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хараат бус ажиллах нь л чухал. Та бүхэн нийлээд хөдөлмөрлөх эрхээ хамгаал. Бусад бүх байгууллагууд үйлдвэрчний эвлэлтэй байхад сэтгүүлчид үйлдвэрчний эвлэлтэй байх хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэл байхгүйгээс та бүхнийг төлбөртэй материаланд явуулдаг биз дээ. Төлбөртэй материал бичиж цалин дээрээ нэмэрлэх мөнгөтэй болж байгаа биз дээ. Тиймээс үйлдвэрчний эвлэлтэй болохын төлөө тэмц.

-Мэдлэгтэй, боловсролтой хүмүүс л нийтлэг эрх ашгийнхаа төлөө тэмцэж, сайн цагийг авчрах байх л даа?

-Би сэтгүүл зүйн сургалтын орчинд ажилладаг хүн биш болохоор сайн юм хэлэхэд хэцүү байна. Гэхдээ миний ажиглаж байгаагаар нийгэм гэж юу вэ? Олон нийт гэж хэн юм? Ардчилал, хүний эрх гэж юуг яриад байна, эдийн засаг гэж юу вэ? Хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ гэсэн нийгмийн хувьд тулгамдаад байгаа бүх асуудлыг мэдэх ёстой байх. Ерөөсөө нийгэм, эдийн засгийн суурь мэдлэгийг л их, дээд сургуулиуд сайн өгөх хэрэгтэй. Энэ чиглэлээр оюутан байхад нь судалгаа хийлгэдэг байх юм бол иргэнд үйлчлэх, иргэний төлөө дуугарч чадах сэтгүүлчид бий болно. Сэтгүүлчид иргэнлэг болоод ирэхийн цагт сэтгүүл зүйн бүтээл нь дагаад сайжирна, эрх ашгийнхаа төлөө тэмцэх тэнхээ бий болох байх. Мөн мэргэжлийнхээ үүрэг, гараад юу хийх вэ гэдгийг оюун санаанд нь шингээж өгөх хэрэгтэй. Одоо бол хүний эрхийн мэдрэмжгүй, ардчилалын үнэлэмжгүй, хүний эрхийн ойлголтгүй, сэтгүүл зүйн үүргээ мэдэхгүйгээр иргэний төлөө дуугарахгүй, эрх баригчид, аль их мөнгө өгсөн рүү нь дуугардаг болж хувирлаа.

-Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг хоёр утгаар ойлгоод байх шиг санагддаг. Хэвлэлийн эрх чөлөөг хүссэнээрээ чалчих, худлаа юм бичих эрх чөлөө гэж хараад байх шиг?

-Аливаа эрх чөлөө гэдэг бол ямар ч хэм хэмжээгүй, дураараа дургиж байдаг тийм зүйл биш. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө нэрэн доор худлаа чалчих, мэдээ зохиох гэдэг асуудал огт байж таарахгүй. Сэтгүүлч ч бай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бай нийгмийн өмнө адилхан л хариуцлага хүлээнэ. Хариуцлагыг тодорхойлдог олон ухаантай үгсүүд бий. Хамгийн энгийнээр хэлэхэд энэ бол үүргийн биелэлт. Тэгэхээр дээр өгүүлсэнчлэн хэвлэл мэдээллийн үүргийг биелүүлэхэд тун хэцүү байгаа.

-Саяхан батлагдсан сонгуулийн тухай хуулинд хэвлэл мэдээллийн байгууллагыг торгох, сэтгүүлчийг торгох гэсэн заалт орсон байсан. Үүнийг та юу гэж бодож байгаа вэ?

-Энэ бол хариуцлагын нэг хэлбэр. Гэхдээ сонгуулийн тухай хуулинд бид нэг зүйл ойлгох ёстой. Энэ хуулинд нам, нэр дэвшигчид хэвлэл мэдээлэл ашиглан сонгуулийн кампанид ажил явуулах тэр зохицуулалтыг хийж байгаа хууль. Гэтэл сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл гэж нэг юм бий. Үүнд юу орох вэ гэхээр сонгуулийн үйл явдлын тухай мэдээлэл, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл ордог. Уг нь хэвлэл мэдээллийн байгууллага арилжааны мэдээллээс олсон ашгаараа, хараат бус сэтгүүл зүйгээ тэтгээд явдаг учиртай. Гэтэл сонгуультай холбоотой болохоороо сэтгүүлчдийн ажлыг багасгаад байгаа юм. Та энэ хүнийг сонгоно уу, ийм амлалтыг өгч байна гэдэг бол сэтгүүлчийн ажил огт биш. Энэ бол PR менежер юм уу, сонгуулийн сурталчилгааны мэргэжилтний л хийдэг ажил. Нэг ёсондоо энэ бол наймаа юм л даа. Тухайн PR менежер, аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүчтэй л хийдэг наймаа. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийг сурвалжлах тодорхой багтай байх ёстой. Энэ баг бол хараат бус сэтгүүл зүйн нэг хэсэг шүү гэдгийг сануулъя. Энэ баг нь улс төрийн нам хүчнээс хараат бус байх үүрэгтэй. Энэ хуулиар харин ажиглалт цаг гаргаж өгсөн гэж боддог.

-Тухайн  нэр дэвшигчийн сон­гуулийн багт орчихсон сэтгүүлчид сонгуулийг хараат бусаар сурвал­жилж чадахгүй юм биш үү?

-Би хэрвээ сэтгүүлчээр ажилладаг байсан бол тухайн нэр дэвшигчийн багт орж ажиллахыг хүсэхгүй. Надад одоо ч сонгуулийн багт орж ажиллах санал ирдэг. Би энэ саналуудыг хүлээж авдаггүй. Яагаад гэвэл дөрвөн жилд ганц удаа явагдах сонгуулиар дараа үеийн ирээдүй шийдэгдэх учраас би л лав үүнийг сонгохгүй. Сүүлийн үед сэтгүүлчид нь өөрсдөө PR менежер шиг болж хувирчихаад байна. Ихэнх сэтгүүлчдийн цалин нь бага учраас сонгуулийг ашиглаад байртай, машинтай, ахиухан мөнгөтэй болъё гэж боддогтой ч энэ холбоотой. Хэрвээ үнэхээр тухайн нэр дэвшигчийн багт ажиллах гээд байгаа бол ажлаасаа чөлөө аваад түүнийгээ хий гэж зөвлөе.

-Хоёулаа баахан хар бараан зүйлс ярилаа. Хэзээ, хэдэн онд бид бүх эрхээрээ хангагдсан хэвлэлийн эрх чөлөөтэй орон болно гэж боддог вэ?

-Би өөдрөг сэтгэлгээтэй хүн. Тийм учраас л эрх чөлөөтэй, хариуцлагатай сэтгүүлтэй болчих байх гэсэн хүсэл тээж ажлаа хийж байгаа. Хэрвээ тийм итгэл найдваргүй байсан бол энэ ажлыг хийхгүй шүү дээ. Яг хэзээ, хэдэн жилийн дараа вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Учир нь улс төрөөс бүх зүйл хамааралтай байгаа учраас. Ямар сайндаа л дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөс баахан УИХ-ын гишүүдээс “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу” гэж асууж байгаа биз дээ. УИХ-ын гишүүн оролцуулаагүй нийтлэл байхгүй, нэвтрүүлэг байхгүй, ярилцлага гэж байхгүй болчихсон байна шүү дээ. Одоо бүр сүүлдээ шүүх засаглал шиг болж хувирсан. Шүүхийн шийдвэрийг тайлбарлаад л яваад байна шүү дээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж