“Тимошенкогийн хэргийг ашиглаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

“Тимошенкогийн хэргийг ашиглаж байна”

Европ ба Америкийн улстөрчид Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког эрүүгийн байцаалтаар дарамталж буйд нь үнэнээсээ сэтгэл түгшиж байна. Тэдний зарим нь Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Украинд ирэхгүй байхаар шийджээ. Одоо Барууны нөхцөлийг хүлээн авах нь Виктор Януковичийн хувьд өөрийн саналаа илэрхийлсэн хэрэг болох юм гэж шинжээчид дүгнэж буй юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хил­лари Клинтон Америкийн Элчин сайдыг Юлия Тимошенкотой уулзуулахыг Украины эрх ба­ригчдаас шаардлаа. Тэрбээр “Украины ерөнхий сайдтай тус орны эрх баригчид хэрхэн харьцаж байгаад нь АНУ ноцтойгоор түгшиж байна” гэж мэдэгдэв. Тимошенко ба түүний Засгийн газрын гишүүн байсан хүмүүсийг суллахын тулд шаардлагатай бүхнийг хийхийг Киеваас Клинтон уриалжээ. Өнгөрсөн долоо хоногт Тимошенко шоронгийн харуулуудын зэрлэг харьцаж байгаад нь гомдол гаргасан байв. Украины прокурор тэндээс эрүүгийн хэрэг үүсгэх шалтгааныг олоогүй байна. Үүний эсэргүүцэн Тимошенко өлсгөлөн зарлаад байна. Экс-ерөнхий сайдыг Барууны зүгээс өргөнөөр дэмжих кампанит ажил явуулж байгаа ч Виктор Януковичийн хувьд ухрах замгүй хэмээн улс төр судлаачид үзэж байна.

“Украины сүүлийн үеийн лидерүүд бүгд л баруун ба Оросын хооронд тал засахыг хичээх шаардлагатай болж байв. Тийм ч учраас Украины элитийг Барууны тойрог замд оруулахаар Тимошенкогийн хүчин зүйлийг ашиглаж байна. Энэ удаа тэр элементийг Украины удирдлагад шахалт болгон ашиглаж байгаа учраас ерөнхийлөгч Виктор Янукович маш ашиггүй байдалд ороод байна. Янукович тэдний шахалтаар Тимошенкод өршөөл үзүүлэн суллаа гэхэд тэр нь эргээд түүний сулхан гэдгийг, тус орны хууль эрх зүйн систем нь буруу гэдгийг харуулсан хэрэг болох юм.

Экс-ерөнхий сайдын нөхөр Александр Тимошенко мэдэгдэхдээ, Украины эрх баригчид сөрөг хүчнийхэндээ тэсэшгүй нөхцлийг тулгаж байна гэв. “Улс оронд сөрөг хүчнийг мөрдөн мөшгих нь бодит зүйл болоод байна. Гол лидерүүд нь шоронгийн сараалжийн цаана сууж байгаа бөгөөд дэглэм нь зүгээр нэг хууль бус үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, шууд л хууль бусаар хорьсон хүмүүсийг эрүүдэж эхэллээ” гэж Александр Тимошенко өгүүлж байна.

Юлия Тимошенкод тохиолдсон хэрэг явдлын улмаас Европын зарим улстөрчид Украинд айлчлал хийхгүй болсноос гадна Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Украины хэсэгт очихгүй байхыг уриалж байна.

Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу Украинд хийх ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэв. Тэрээр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нь хүртэл очихгүй гэнэ. Шалтгаан нь Юлия Тимошенкотой зэрлэгээр харьцаж байгаа явдал болов.

“Spiegel” сонинд мэдээлснээр Германы канцлер Ангела Меркель Засгийн газрын танхимаа Украины тэмцээний хэсэгт очихгүй байхыг уриалсан байв. Меркелийн хэлснээр Тимошенког тэмцээн эхлэхээс өмнө чөлөөлөхгүй бол Германы албан тушаалтнууд евро-2012 тэмцээнд очих ёсгүй гэнэ. Юлия Тимошенкогийн Үндсэн хуулийн эрхийг хангах ёстой гэж Ром мэдэгдээд байгаа. УЕФА-гийн төлөөлөгч нар улс төрд оролцох ёсгүй гэж мэдэгдсэн ч Юлия Тимошенкогийн хэрэг явдалд Европын лидерүүд зовниж байгааг Украины төлөөлөгчдөд мэдэгдэх ёстой гэсэн байна.

Тимошенког дэмжиж буйгаа өмнө нь Олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага илэрхийлсэн байлаа. Хүний эрхийн төлөө тэмцэгчид ерөнхий сайд асаныг зодсон тухайд мөрдөн байцаалт явуулахыг Украины эрх баригчдаас шаарджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж