Юта мужид байх үедээ орон нутгийн хэвлэл мэдээлэл, муж улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Солт Лейк хотын их сургуулийн уул уурхайн салбар, Логан хот дахь Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Кеннекот Юта Коппер уурхайд зочлох зэрэг өргөн хүрээтэй хөтөлбөрт хамрагдлаа. News.mn сайт, “Ардын эрх” сонин, МҮОНТ-ийн ММ агентлаг, “Үндэсний шуудан”, “Нийгмийн толь” сонин, TY-8, SBN телевиз, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлчдээс аяны баг бүрдсэн юм. Аян замын сонин сайхнаас уншигчидтайгаа хуваалцаж байна.
Сэтгүүлчдийн ажилласан гол хот бол АНУ-ын Юта мужийн төв Солт Лейк буюу Давст нуур. Түүнийг 2002 оны өвлийн ХIХ олимп болсон хот гэдгээр нь монголчууд мэддэг. Давст нуурын цаг агаар, уул усны байдал Монголтой ижил гэж хэлж болно. Биднийг зургаа хонох хооронд халаахдаа халааж, жиндүүлэхдээ жиндүүлж, нар шарж, хялмаа хаялж, салхи шуурч, бороо орж хаврын тэнгэрийн хамаг араншинг үзүүлээд амжсан. Эргэн тойрон дахь оройдоо мөнх цастай уулс зулай хэсгээ манан дунд нуун дүнхийх хэрнээ энгэр бэлээр нь модод ногоорч хот зуны өнгөөр гоёжээ. Америкчууд аливааг товчлон нэрлэх дуртай юм. Хүний нэрээс өгсүүлээд хотыг ч товчлон хэлнэ. Солт Лейкийг Эс-Эл-Си, Лос-Анжелесийг Эл-Эй гэх жишээтэй.
Юта нь 1896 онд Нэгдсэн улсад элссэн 45 дахь муж ажээ. Тээвэр, мэдээллийн технологи, судалгаа шинжилгээ, төрийн үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлалын төв гэдгээрээ алдартай юм.
Давст нуур хот дагуул дүүргүүдээ оруулаад 1,3 сая хүн амтай. Улаанбаатарын дайны хот атлаа замд түгжрэлгүй, агаар тунгалаг, гудамж талбайд бөртийх хог алга. Ихэнх айл хотын захаар цэцэг модонд умбасан хауст сууна. Хотын тодорхой хэсэгт нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой. Хөдөөгүүрээ зам зуурт үхэр, адуу бэлчиж заримдаа Монголдоо яваа бил үү гэж эндүүрмээр. Солт Лейк хот Уосатч, Окуирр хэмээх далайн төвшнөөс 1300 метр орчимд өргөгдсөн уулсын хөндий дагуу оршдог нь Улаанбаатартай төстэй.
Солт Лейкийг өөрөөр Гэгээнтнүүдийн Ариун хот хэмээнэ. Уугуул иргэдийн тал илүү хувь нь Христийн шашны нэгэн урсгал болох хожмын үеийн гэгээнтнүүдийн Мормон шашинтай тул тийм нэр авчээ. Угаасаа мормончууд уг хотыг байгуулсан түүхтэй. Шашныхаа ёсоор архи уухгүй, тамхи татахгүй, гэмт хэрэг үйлдэх нүгэл тул Юта муж АНУ-даа аюулгүй байдлаараа хоёрдугаарт ордог байна. Логан хотынхон ажилд явахдаа үүдээ цоожилдоггүй, хамхиж орхиод явдаг нь ХХ зуны эхэн үеийн Монголын говьчууд шиг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямарлыг ч энэ мужийнхан түүртэлгүй давжээ.
Энэ жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх нэр дэвшигчийн тоонд мормон шашинт Мит Ромни орох магадлал өндөр байгаа нь анхны ийм шашинт Ерөнхийлөгчтэй ч болж мэднэ хэмээх нутгийнхны найдварыг төрүүлж буй ажээ.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн 1850-иад оны үеийн сүм, 1867 онд босгосон мөргөлийн дуган, Сүмийн талбай, 21 мянган хүний багтаамжтай мөргөлийн танхим зэргийг очсон анхны өдрөө үзэж сонирхлоо. Монгол “эгч” С.Өлзийжаргал бидэнд газарчлан энэхүү түүхийн дурсгалуудыг сонирхуулсан ба нэг сүмд “ариун бус” гэсэн шалтгаанаар оруулсангүй. Мормон шашны ёсоор ариутгагдаагүй, архи, тамхи хэрэглэдэг зэрэг шалтгаан биднийг ийнхүү нэгэн газар хөл тавихад ариун бус гэсэн хориг тавихад хүргэв. Гэхдээ л 100 илүү жилийн өмнөх сонгодог загварын барилгууд, сүр жавхлан төгс мөргөлийн танхим, сүмийн бадралт баг бишгүүр хөгжмийн яруу аялгуу зэргийг сонирхож олон цагаар онгоцоор нисч очсон алжаалаа тайлсан билээ.
Парламентын сэтгүүлчдийн хувьд мужийн хууль тогтоох байгууллага болох Сенатад зочиллоо. Сенатын барилгын хэлбэр загвар Вашингтон хот дахь Капитолийн барилгатай усны дусал мэт ижил. Нэвтрэхэд элдэв бичиг баримт шаардаж хувцасны дэг тавьсангүй. Мужийн парламент Сенат, Хурал гэсэн дээд, доод хоёр танхимтай, байнгын бус үйл ажиллагаатай. Хуучны Монголын Ардын Их Хурал шиг төсөв төлөвлөгөө батлах үед цугларна. Хөтөч эмэгтэйн тайлбарласнаар Сенатыг дөрвөн жилээр, Хурлыг хоёр жилээр сонгодог аж. Таван мянган иргэн тутмаас нэг гишүүн сонгогдоно. Сенат 75 гишүүнтэй юм.
Сэтгүүлчид нь манайх шиг гишүүдийн ар шилийг харах бус, спикерийн харалдаа дээд давхарт гишүүдийн өөдөөс харж, эсвэл хоёр хажуугаар суух зориулалтын суудалтай. Капитолий ордны тавилга сэлт эртнийх бөгөөд мужийн захирагчийн хүлээн авалт, хэвлэлийн бага хурлын танхим цул алтан тоногтой ажээ. Ордны хүнхэр адарт сахиусан тэнгэр, бурхадыг сонгодог зургийн аргаар дүрсэлсэн нь орон сүмийг санагдуулна. Гуравдугаар давхрын голын уудам талбайд хүүхдүүд бөмбөг тоглож байна. Ядарсан нь шат дэрлээд хэвтээд өгөх юм. Тэднийг “Байг, битгий” гэж ад үзэх хүнгүй. Оюутан, сурагчид, бага насны хүүхдүүд ч Капитолийд зочилж парламентыг үзэх бөлгөө. Бас нас насандаа таарсан хэлэлцүүлэг хийнэ.
Ирсэн зочид уулзах хүнээ хүлээнгээ шатан дээр сууж л байхад хажуугаар өнгөрөх Сенатчид “Hi” хэмээн инээхээс бус “Хаанахын хэн юу хийж явна” гэж нүд үзүүрлэхгүй. Ордны гаднах талбайн зүлгэн дээр дураараа хөрвөөж болно. Ингэж Капитолий ордон эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх ажээ.
Юта муж зэсээр арвин. Зэсийг ягаан алт гэж эрхэмлэнэ. Зэсээр хийсэн янз бүрийн эдлэл дээр “Ягаан алт” гэсэн шошго наажээ. Солт Лейк хотын хаяанд орших зэсийн Кеннекот уурхай Рио Тинтогийн харьяа юм. Рио Тинто нь нийт орлогынхоо 15 орчим хувийг буюу есөн тэрбум орчим ам.долларыг АНУ-аас бүрдүүлдэг байна. Компанийн нийт хөрөнгийн зургаан хувь нь АНУ-д байрладаг. Зэс, хөнгөн цагаан, никель, аж үйлдвэрийн хэрэглээний эрдсийн үйлдвэрлэлд 20 орчим мянган ажилтантай аж.
Ютагийн их сургуулийн уул уурхайн сургуульд дөрвөн монгол оюутан сурч буй нь ирээдүйн Оюутолгойн инженерүүд юм. Оюутан Э.Жавхлан, Л.Эрдэнэдорж, Б.Билэгт нар таван жилийн сургалтын хөтөлбөрөө дөрвөн жилд шахаж үзээд сургуулиа төгссөний дараа Оюутолгойд ажиллах тухайгаа ярьж байв. Сурах нөхцөл сайн, оюутны хотхонд хэрэгцээтэнй бүх зүйл байдаг учраас гадагш гараад байх шаардлагагүй гэцгээсэн юм. Тэд сургуулийнхаа номын сангаар бахархаж асар олон номтой гэж байлаа. Номын сангийн ганцхан танхимаар ороход л тэр бүхэн мэдэгдэнэ.
Тус сургуулийн төгсөгчдийн 90-95 хувь нь ажлын байраа шууд олдог, цалин өндөр, АНУ-д уул уурхайн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, төгссөний дараа Ютагийн уурхайнуудад нэг хоёр жил дадлагажаад эх орондоо буцах боломжтой юм. Сургалтын төлбөр нь жилийн 36 орчим мянган ам.доллар. Оюутнуудын зарим нь Засгийн газар хоорондын гэрээгээр, зарим нь байгууллагын зардлаар, зарим нь хувиараа сурдаг ажээ. Монгол оюутнуудад багш нар нь ам сайтай юм. Сурлага, сахилга сайтай, юм сурахдаа адтайгаараа бусад орны залуусаас онцлог. Энэ сургуульд нийтдээ 60 орчим орны оюутан эрдэм номд шамдаж байна. УИХ-ын гишүүн Х.Жекейгийн хүү Ж.Бакей сургуулиа төгсөөд Кеннекот уурхайд дадлагажиж байгаатай тааралдлаа. Уурхайн бутлах хэсэгт н.Ариунцэцэг гэдэг оюутан охин Монголоос очиж дадлага хийж байв. Самбар дээр Чинбаа гэсэн нэр бичсэн байсан нь бас нэг монгол оюутан тэнд дадлагажиж буй ажээ.
Солт Лейк хот дахь Кеннекот Юта Коппер уурхай нь АНУ-д хоёрт орох том зэс үйлдвэрлэгч бөгөөд 100 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй ажээ. Бүтэн нэг өдрийн сургалтад сууж уул уурхайн нэлээд мэдлэгтэй болж аваад манай багийнхан уурхайг зорилоо. Уурхайн ажилтнуудын нэг адил хувцас хэрэглэл өмсч агсаад дахин нэг өдрийн танилцах аялалдаа гарцгаав. Туйлын нямбай америкчууд хэд хоногийн өмнөөс бидний гутал хувцасны хэмжээг авч биед таарсан зүйлсээр хангасан юм. Өндөр том биетэй америкчуудын дэргэд бид өөрсдөдөө хүртэл жижигхэн харагдаж, таарах гутал олох гэж уурхайнханд нэлээд ажил удсан бололтой.
Оройдоо мөнх цастай том хар уулын налуу энгэрийг онгилон байгуулсан уг уурхай хэдий зуун дамнан ашиглагдаж буй ч илүү дутуу сэндийлж онгичсон зүйлгүй тун эмх цэгцтэй харагдана. Тоос дэгдэхээс сэргийлж зам талбайг байнга услах юм. Өмнө нь өөр газрын эзэмшил байсан энэ уурхайг 1989 оноос Рио Тинто худалдан авч хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг төслийн шинэчлэлд зориулан оруулжээ.
Ил уурхайн бүх замуудыг залгавал 800 км болох бөгөөд энэ нь Солт Лейкээс Денвер хот хүрэх зай юм. Кеннекот уурхай нь АНУ-ын зэсийн хэрэгцээний 18-25 хувийг нийлүүлдэг. Энэ компани дэлхий дээрх аль ч уурхайгаас илүү хэмжээний буюу 18,7 сая тонн зэсийн хүдрийг өнгөрсөн хугацаанд олборложээ. Жил тутам Кеннекот уурхай ойролцоогоор 300 мянган тонн зэс, 500 мянган унц алт, дөрвөн сая унц мөнгө, 30 сая фунт молибден олбордож байна. Хүдэр хайлуулах үйл явцаас гардаг хүхрийн хүчлийг жилд нэг сая тонн хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг гэнэ.
Кеннекот уурхай байгалийн нөхөн сэргээлтэд их анхаарч 400 сая ам.долларыг хөрсний ус, хөрс сэргээхэд зарцуулжээ. Уурхайд тэсэлгээ хийж, хүнд даацын эксковатор шороо хутгаж, Белаз машинууд шил шилээ даран эргэлт хийж, тэвш тэвш шороо чулууг тэр даруй бутлан конвейраар дамжуулж үйл ажиллагаа тасралтгүй өрнөх боловч тоос манарч бужигнах нь бараг үгүй. Уулын орой хэсэгт хүчтэй салхитай байсан ч зам талбайг тасралтгүй услах тул шороо дарагдах аж. Ийнхүү Рио Тинто ягаан алтны орон болох Ютад үйл ажиллагаа явуулж байна. Онгоцноос харахад хол, ойр зайд том, жижиг ил уурхай хэд хэд байсан нь Ютагийн нутаг эрдэс баялгаар элбэгийг гэрчилнэ.
Рио Тинто компани тогтвортой үйл ажиллагаа, тогтвортой хөгжил, тогтвортой хуулийн орчин, байгаль хамгаалал, нийгмийн төлөө үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлтийн төлөө ажилладаг болохыг Кеннекот Юта Коппер компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Келли Сандерс сургалтын үеэр хэлж байсан юм.
Бизнесийн стратеги, өдөр тутмын үйл ажиллагаагаа тогтвортой хөгжилтэй байдлыг уялдуулснаар Кеннекот нь байнгын үр ашигтай ажилладаг юм байна. Рио Тинтогийн зэсийн групп нь зэсийн төслийн хүчирхэг багц бүхий дэлхийд хамгийн томд орох, ашиглалтад бэлтгэгдэж байгаа гурван том уурхай болох Монголын Оюутолгой, АНУ-ын Ресолюшн, Перугийн Да Гранжад хөрөнгө оруулаад байгаа юм.