Хоёр төрлийн гишүүдтэй болов оо

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Хоёр төрлийн гишүүдтэй болов оо

Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн хуулийн “гулсдаг” заалтыг хүчингүй болов. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг болохоор одоо тойрогт өрсөлдөөд ялагдсан нэр дэвшигч сонгогчдын 28-аас дээш хувийн санал авчихвал өвдөгнийхөө шороог гөвчихөөд УИХ-д ороод суучихна гэх горьдлого бүр мөсөн тасарлаа. Тойрогт нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан л бол 49 хувийн санал авсан ч бай, тоглоомоос бүрмөсөн хасагдахаар болов. УИХ-ын 1992 оны сонгуулийг эс тооцвол урьд өмнө ийм л зарчмаар явж ирсэн. Азтай бол төр түшнэ, аз таарахгүй бол их улс төрийн гадна хоцорно гэдэг зарчмаар, санал хураалтын өдөр сонгогчдын сэтгэл зүй ямар байснаас тухайн нэр дэвшигчийн хувь заяа шийдэгдэнэ.

Нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсан тул намууд пропорциональ хэсгийн нэрсийн жагсаалтад оруулах 28 хүнийхээ нэрийг хөдөлбөргүй зоох хэрэгтэй болж байна. Намын нэрээр хураасан саналаар авсан хувьд тэнцүүлэн тэр 28 хүнээс УИХ-ын гишүүн болгоно. Цэцийн дүгнэлт яаж гарахыг харзнан хөдөлгөөн багатай байсан намууд мөрийн хөтөлбөрийнхөө төсөлд аудит хийлгэн хэнийг тойрогт, хэнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхээ тохирч эхэллээ.

Тойрогт нэр дэвшүүлэх мандатын тоо цөөрсөн нь УИХ-ын гишүүдийг бажгадуулж, МАН дотор нүүдэл суудлын бужигнаан үүсгэчихээд байна. Яаж ийгээд эргээд гишүүн болох гэсэн эрхмүүд нэр дэвшүүлэх мандат олдож л байвал хэнтэй ч нөхөрлөхөөс буцахгүй болоод ирлээ. Урьд өмнийн өстөн шахам явсан нөхөд ч түншийн холбоо үүсгээд эхлэв.

Тойрогт нэр дэвшигчид сонгогчдын саналын хувиар унах босохоо шийдүүлэх бол намын нэрсийн жагсаалтаар орж ирэх нөхөд нэлээд эргэлзээ төрүүлж буй.

Жинхэнэ сонгодог парламентыг бүрдүүлэх утгаар тухайн улс төрийн намаа нэр цэвэр, нүүр бардам төлөөлөх эрхмүүдийг жагсаалтад оруулах уу, эсвэл намын даргыг хүрээлсэн лобби бүлэг үүсгэн намаа арилжааны хэрэгсэл, албан тушаалын бирж болгох уу гэдэг нь намын төлөвшил, намын удирдлагын ёс зүйгээс шалтгаалах тийм байдал үүсээд байна.

Намын жагсаалтад бичигдэх 28 хүний 10-аас урагш бичигдсэн нь л сонгогдох магадлалтайгаас биш түүнээс хойгуур жагссан нь нэр дэвшиж байсан гэсэн тодорхойлолттой л хоцорно. Тэгэхээр аль болох өмнүүр бичүүлэхийн төлөөх өрсөлдөөн намууд дунд үүсч эхлэх гэж байна.

Гадаад орнуудад намын жагсаалтад баримталдаг зарчмаар бол албан тушаалаар нь эрэмбэлэн пропорциональ талаа бүрдүүлдэг гэж байгаа. Хэрэв тэгвэл АН Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат гэдэг юм уу, МАН бол С.Батболд, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх гэх мэтээр жагсаалтаа эхлүүлж таарах нь.
Энэ зун шинээр бүрдэх парламент ямар боловч хоёр төрлийн гишүүдтэй болж таарч байна. Тэдний хооронд ямагт тэмцэл, маргаан гарч байх нь лавтай. “Би бол тойргийн сонгогчдын саналаар гарч ирсэн, миний ард байгаа сонгогчид намайг дэмжинэ. Чи бол намын жагсаалтаар гарч ирсэн. Чиний ард намын даргаас өөр хэн байгаа юм” , “Би хөрөнгө мөнгө хүч чадлаа зарж гарч ирсэн. Чи бол намын даргыг тойлж гарч ирсэн” гэх мэт маргаан наад захын хэрэг болж таарна.

Гэхдээ намын нэрсийн жагсаалтыг мөнгө хөрөнгө, бэл бэнчингийн арилжаа болгочихолгүй нэртэй зүстэй гишүүдээ гаргаж ирж чадвал хоёр төрлийн гишүүдийн хоорондын зөрчил арай бага байж мэдэх л юм.

Юутай ч тойрог, сонгогчид төлөөлсөн нэг, намаа төлөөлсөн нэг гэсэн хоёр төрлийн гишүүд ирэх зунаас шаргал ордныг бужигнуулах нь туйлын үнэн болоод байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж