“Реал Мадрид” 32 дахь аваргын цомоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” 32 дахь аваргын цомоо авлаа

Испанийн Ла лигийн 36 дугаар тойргийн хүрээнд Эзэн хааны “Реал Мадрид” клуб “Атлетик Билбао”-гийн талбайд зочилсон. Хамгийн сүүлд 2008 онд лигийн аварга болж байсан “Реал Мадрид” энэ улиралд дахин нэр хүндээ мандуулах боломжтой болсон. Гол өрсөлдөгч “Барселона”-гаас долоон оноо илүү байсан нийслэлийн баг “Атлетик Билбао”-гийн талбайд оноо алдахгүй байхад л цомын эзэд болох байлаа. Энэ зорилгодоо ч 11 дэх минутанд ойртсон. Хави Мартинез өөрийн торгуулийн талбайдаа гар хүрч, шүүгч 11 метрийн цохилтыг зочин багт өглөө. Харин Криштиану Роналду сул цохилт хийж, Горка Ирайзоз амархан хаажээ. Харин дөрвөн минутын дараа Роналдугийн чадаагүйг Гонзало Игуайн гүйцээлээ. Тооны харьцаа 16 дахь минутад нээгдсэн бол гурван минутын дараа хоёр дахь гоолыг Месут Озил хийлээ. Роналду түүний гоолын дамжуулалтыг хангажээ. Ийнхүү 2:0-ээр “Реал Мадрид” эхний хагаст давамгайлсан бол дараагийн 45 минут ч тэднийх байлаа. Талбайн эздийг арын шугамд нь шахсан “Реал”-аас Роналду өөрийн нэр дээр гоол тэмдэглүүллээ. Португаль од улирлын 44 дэх гоолоо ийнхүү хийсэн. Дараа нь Европа лиг болон Испанийн хааны цомын тэмцээний шигшээд шалгараад байгаа “Атлетик Билбао” 10 хүнтэй үлдлээ. Хави Мартинез хоёр дахь удаагаа бөмбөгөнд гар хүрч, талбайг чөлөөлснөөр 20 минутын хугацаанд талбайн эзэд тэсэх хэрэгтэй болсон байна. “Реал” нэмж гоол хийгээгүй ч 3:0-ээр хожсоноор лигийн 32 дахь аваргын цомоо авахад бэлэн болсон юм. Дасгалжуулагч Жозе Мурино Португаль, Англи, Итали, Испани гэсэн дөрвөн улсад аварга болсон өвөрмөц амжилтын эзэн боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж