Хууль зүйн сайдыг огцруулж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдыг огцруулж чадсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай хуулийн төслийг бараг бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст гишүүдийн 53.1 хувийн саналаар “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 71 гишүүн оролцсоноос 40 нь “огцруулах шаардлагагүй” хэмээн үзэж, кноп дарсан бол 31 нь “огцруулах ёстой”  гэж үзсэн билээ. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 100 хувь байр сууриа хамгаалан “Сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж, эсрэг кноп дарсан ч ИЗНН-ын хоёр гишүүн ирээгүй, дээр нь УИХ-ын гишүүн З.Алтай МАН-ын талд зогссон, огцруулах төсөл мэдүүлсэн гишүүд урвасан зэрэг нь ийнхүү олонхийн бүлгийн талд шийдвэр гарч, Засгийн газрын гишүүнийг хэвээр үлдээхэд нөлөөлөв. Хэрэв энэ асуудлыг УИХ хуульд заасан хугацаандаа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцэн шийдвэрлэсэн бол үр дүн арай өөрөөр гарах байсан биз. Ядаж л УИХ-ын гишүүн З.Алтай олонхийн бүлэгт үзэл бодлоо худалдаж, Д.Балдан-Очир, Р.Раш нар урваж, шившгээ хутгахгүй байх байлаа. Гэхдээ яая гэх вэ, тэд ийм үйлдлийг хийснээрээ сонгууль ойртож буй энэ өдрүүдэд сонгогчдод хэн бэ гэдгээ таниуллаа. Ямар ч байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “хуулийн байгууллага шалгана биз, ууж идсэн юм байгаа гэж хардаад буй бол эх орноо худалдсан хулгайчуудтай хамт шалгаарай” гэж энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр зоригтойгоор хашгирлаа.

Харин УИХ-ын гишүүн З.Алтай Ц.Нямдорж сайдыг хамгаалан “Дөрвөн жил хамт нэг ангид суучихаад үгийн алдаан дээр нь дөрөөлөн ангийнхаа нэг хүүхдийн бөөрийг гаргах гээд, ухамсрын шанааг өдөржин өгдөг та нар хэн юм бэ. Би бол Ц.Нямдоржид өртэй хүн биш, гол нь огцруулах үндэслэлийг нь сонсохоор унтаж байсан ч гэнэ үү, тийм нэг зүйлээр буруутгаад байна. Хариуцлага ярих юм бол олон хүнтэй хариуцлага тооцох ёстой. Ардчилсан намынхан та нар дөрвөн жилийн 3.6 жилд нь Засгийн газарт ажиллахдаа юу хийж хэвтсэн юм, худлаа Н.Алтанхуяг нь “Намайг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажил алъя даа” гэмээр байсан, Ц.Нямдоржийн мэдэлд очоод сөнөчихсөн юм шиг яриад. Сонгууль дөхчихсөн учраас л худлаа шоудаад байна ш дээ. Тэр гишүүний бүрэн эрх мэрх ч гэх шиг, гэмтэж бэртчихсэн ч юм шиг, хөгийн юмнууд ярьж гомдоллоод. Хариуцлага тооцвол бүгдэд нь тооц, сайд Ц.Нямдоржийг огцрууллаа гэхэд оронд нь хэнийг тавих гээд байгаа юм. Тэртэй тэргүй хариуцлагыг би үүрье гэж албан ёсоор хэлээд байхад утгагүй дайраад. Тэгж яривал хувийн өс хонзон авах гэсэн хөгийн хулгайчууд та нар дотор байгаа шүү, шударга л бай л даа” хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд “агсам тавьдаг” юм байна. Эцэстээ энэхүү хэрүүл “архичин, шорончин”-гоороо дуудалцахад хүрч, арайхийн намжсан юм.

УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлснээр сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг Ардчилсан намын бүлгээс тавиагүй, МАН-ын гишүүд тавьсан. Гэвч асуудлыг хаацайлаад авч үлдэж байгаа нь МАН бүх асуудлаа эргэж харах цаг болсныг харуулж буй. Гэхдээ тэд асуудлаа эргэж харж чадахгүй, хоорондын зөрчил нь цаашид ч үргэлжилнэ. Харин 2012 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа бие биен рүүгээ дайрснаар ялгарал нь хүчтэй явагдана” гэж дүгнэнэ билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж