“Хобби” сургуулиас Харвардыг зорино

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

“Хобби” сургуулиас Харвардыг зорино

“Хобби” сургуулийг зорилоо. Сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчид эрдмийн баяраа хийх гэж байгаа бол төгсөх ангийнхан ч ирээдүйн мэргэжил, суралцах сургуулиа сонгох гээд баяр жаргалаар дүүрэн өдрүүд хаяанд иржээ. Тус сургуулийн төгсөгчид Харвардад 100 хувийн тэтгэлгээр уригдан суралцдаг юм. Хүндэт самбар дээр удахгүй сургуулиа төгсөн Харвардыг зорих П.Мягмарсүрэн охины зураг харагдав.

Түүний гаргасан амжилт, мөн тус сургуулийн хамт олны хөрөг, танилцуулга, сургуулийн нэрэмжит тэмцээн, уралдааны цом хананд нь өлгөөтэй байлаа. Зөвхөн төгсөх ангийн оюутны ололт амжилтыг энд дурьдаад зогссонгүй энэ жил элсэн суралцсан зургаан настай бяцхан хүү 1б ангийн сурагч Э.Оджаргалын гар зургийн бүтээлүүдийг ч хүндэт самбарт байрлуулжээ. “Хобби”  сургууль нь эх оронч, хүнлэг сэтгэлтэй, нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, урлаг ойлгож биширдэг оюунлаг иргэдийг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг ажээ. Тус сургуулийн захирлаар “Норовбанзад” сангийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, Урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Оюунцэцэг ажилладаг юм байна.

Ингээд тус сургуулийн үйл ажиллагаа, онцлогын талаар нийгмийн ажилтан Ж.Майцэцэгээс сонирхлоо.

-“Хобби” сургууль анх хэдэн онд байгуулагдсан бэ?

-“Хобби” сургууль бол төрийн бус өмчит анхны сургуулиудын нэг юм. Манай сургууль анх 1994 оны намар хоёр багш, 20 сурагчтайгаар байгуулагдаж байлаа. Тэр үеэс эдүгээ хүртэл 18 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байгаа нийслэлийн болоод Сүхбаатар дүүргийн тэргүүний сургууль.

-Танай сургуулийн давуу тал?

-Манай сургууль хамгийн гол нь бүх хичээлийг Монгол, Англи хэл дээр хослуулан явуулагаараа онцлог. Жишээ нь, англи хэл дээр математик, түүх, уран зохиол, газар зүй, байгаль шинжлэл, SAT ба TOEFL мөн ахлах ангид “Эй Пи” хөтөлбөрийн хичээл явуулдаг. “Эй Пи” хөтөлбөр гэдэг нь АНУ-ын их, дээд сургуулиудын нэг, хоёрдугаар курсийн хичээлийг бид энд сурч байхдаа үзээд явж байна гэсэн үг бөгөөд хугацаа хожиж сурч байгаа юм.

-Багшлах боловсон хүчний асуудлыг хэрхэн сонгож, шийддэг вэ?

-“Хобби” сургууль бүрэлдэхүүний хувьд 50 гаруй багштай, 30 орчим ажилтан, албан хаагчидтай нийт 90 орчим хүн энэ том айлыг авч явдаг. Багш нарын хувьд гадаад, дотоодын өндөр ур чадвартай багшийг сонгон шалгаруулалиын үр дүнд авч ажиллуулдаг. Тэдний багшлах ур чадвар, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг манай сургуулийн зүгээс цогцоор нь шийдэж чаддаг учраас өнөөдрийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Суралцагчид бол 2011-2012 оны хичээлийн жилд 600 орчим сурагч 22 бүлэгт сурч байна.

-Энэ хавар хэд дэх төгсөлтөө үдэх вэ?

-Энэ хичээлийн жилд манай сургууль ес дэх төгсөлтөө хийх гэж байна. Манай төгсөгчид 100 хувь гадаадын болоод дотоодын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг. Ер нь бол нийт төгсөгчдийн 80 хувь нь гадаадад суралцахаар явдаг. Англи хэлийг олон талын шинжлэх ухаантай уялдуулан сурч байгаа учраас хэлний хувьд өндөр чадвартай болж төгсдөг. Төгсөгчдөөсөө нэг жишээ дурьдахад ес дэх төгсөлтийн маань П.Мягмарсүрэн гэдэг сурагч Харвардад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилгаа гардан авсан байгаа. Энэ сурагч бол манай сургуулиас Харвардад суралцах гэж байгаа гурав дахь төгсөгч юм. Өнгөрсөн жилийн төгсөлтийн Зоригоо гэдэг сурагч бас 100 хувийн тэтгэлэгтэйгээр Харвардад сурч байна. 2009-2010 оны төгсөгч Билгүүн гэдэг хүү бас Харвардад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа. Мөн манай өнгөрсөн жилийн төгсөлтийн Оюун гэж төгсөгч бэлтгэж байгаад мөн Харвардад орохоор болсон. Ингээд нийтдээ “Хобби” сургуулийн дөрвөн төгсөгч Монгол Улсаа төлөөлөн Харвардад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.  Энэ жилийн төгсөгч П.Мягмарсүрэнд маань АНУ-ын шилдэг найман сургуулиас урилга ирснээс Харвардыг сонгосон гээд олон сайхан бахархалыг ярьж болно.

-Та бүхэн “Эрдмийн баяр”-аа хэзээ хийх билээ.

-Энэ жилийн нэгдүгээр ангийн төгсөлтийн баяр “ABC graduation” буюу “Цагаан толгойн баяраа энэ сарын 5-нд Дуурь, бүжгийнм эрдмийн театрт хийх юм. Манай сургууль баяр угтсан ажлуудаа эхлүүлсэн байгаа.

-Англи хэлний сургалттай сургуулийн хувьд гадаад харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг байх?

-Гадаад харилцааны хувьд Тайваньд болсон Ази номхон далайн орнуудын ахлах сургуулиудын дундах бага хуралд манай таван сурагч, гурван багшийнхаа хамт оролцсон. Тэнд манай сургуулийн гурван сурагч байгаль орчин ялангуяа, Туул голын бохирдол, Улаанбаатарын агаарт хийсэн радиац хэмжилтийн талаар ямар хор ушигтай талаар илтгэл тавьсан. Бид ЮНЕСКО-гын төсөлд орсон түүнтэй холбогдуулаад өдөр бүр физикийн хичээлээрээ энэхүү радиацыг хэмжиж явдаг. Манай сурагчид байгалийн шинжлэх ухааны хичээлээрээ туршилт хийн н.Дэлгэрмаа гэдэг хүүхэд байгальд хоргүй “эко пластик” гэдэг зүйлийг гаргаж авсан. Үүгээрээ энэ тавдугаар сарын 13-нд Нидерланд улсад болох уулзалтад оролцон илтгэл тавина. Тэрхүү уулзалтад байгалийн шинжлэх ухааны хичээлээр хүүхдүүд юу нээж олсоноо харилцан туршлага хуваалцдаг. Сая Тайваньд болсон бага хуралд 17 орны 400 гаруй сурагч оролцсон. Манай сурагчид илтгэл тавин урлагийн үзлэгт маш амжилттай оролцоод тэргүүн байрыг эзлэн эх орондоо цомтой ирсэн. Манай сургууль энэхүү бага хуралд Монголоос анх удаа оролцсон нь ололт амжилт ихтэй байлаа. Хэдийгээр гишүүн болохоор оролцсон ч урлагийн төрөлд биднийг маш өндөр үнэлсэн. Тайванчууд Монголын тухай мэдээлэл маш бага байдаг. Газар зүйн хичээлд нь Монголын Хятадын газрын зурагт багтаан зааж байдаг юм байна лээ. Тиймээс бид тэнд зорилгоо бүрэн хангалттай биелүүлсэн. Монгол гэдэг улсыг бид тэнд мэдрүүлсэн гэж үзэж байгаа.

Хүүхдийн баяр хөөр цалгисан энэ их өргөөний бяцхан сурагчид хэдхэн хоногийн дараа “Үсэглэлийн баяр”-аа хийх гэж байгаа болохоор биеийн тамирын зааландаа баярын бэлтгэлээ хийгээд дуу, хуураар цалгиж байлаа. Энэ үеэр “Хүндэт самбар”-т өөрийн уран бүтээлээ дэлгэсэн 1б ангийн сурагч Э.Оджаргал хүүтэй уулзлаа. Тэрбээр тус сургуулийн зургийн дугуйланд явдаг бөгөөд “Үсэглэлийн баяр”-таа зориулан дэлгэсэн уг үзэсгэлэндээ өөрийн гэр бүл, хайртай ээж, зуслангийн байшин, харанхуйд түүний байшинг гэрэлтүүлэн тэнгэрт түгсэн түмэн одод гээд өөрийн бяцхан ертөнцөөсөө үе тэнгийхэндээ дэлгэн үзүүлжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж