Барак Обама: Аль-Кайдаг үндсээр нь цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Барак Обама: Аль-Кайдаг үндсээр нь цэвэрлэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч саяхан Афганистан улсад байрлах АНУ-ын цэргийн баазад айлчлах үеэрээ өөрийн байр суурийг илэрхийлж, тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзайтай гэнэтийн уулзалт хийсэн юм. Үүний дараа тэрбээр "ABC" агентлагт сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сайн байна уу, ноён Ерөнхийлөгч өө. Таны Афганистанд хийсэн гэнэтийн айлчлал дэлхий нийтийг гайхшруулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад Хамид Карзайтай уулзах болов?

-АНУ-ын цэргийн хүчинд дээрх уулзалт чухал ач холбогдолтой. Гэнэтийн уулзалт бус төлөвлөж байсан уулзалт юм. Энэ сарын сүүлчээр уулзах гэж байсан боловч наашлуулсан хэрэг. Афганистан, Ирак зэрэг орнуудад энхийг сахиулж байгаа мянга, мянган цэргүүдийг өнгөрсөн жилээс эхлэн эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан гэртээ харих хөдөлгөөн өрнөсөн боловч нэг бэрхшээл тулгарсан. Талибуудын дайралт, халдлага олон зуун хүний аминд хүрсээр байна. Манай бааз руу халдах оролдлого ч ихсэж байгаа гэж дуулсан.

-Та Афганистан дахь АНУ-ын цэргийн баазад очихдоо нэгэн сонирхолтой зүйлийг онцолсон. "Афганистан дахь ажлаа дуусгана" гэсэн?

-Тийм ээ. Би Афганистанд эхлүүлсэн ажлаа дуусгана. Энхийг сахиулж, Афганистан улсын ард иргэдийг хамгаална. Терроризмийг, тэр дундаа Талиб, Аль-Кайда бүлэглэлийг үндсээр нь цэвэрлэнэ. Мэдээж ирэх сонгууль хүртэл амжихгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, надад хийх ёстой, хийх шаардлагатай зүйл байна. Дутуу ажлаа гүйцээх хэрэгтэй шүү дээ. АНУ эхлүүлсэн ажлаа хариуцлагатай дуусгах үүрэгтэй. Үүнийг ч дэлхийн томоохон гүрнүүд хүлээн зөвшөөрч байгаа. Миний бодлоор америкчууд бид хангалттай олон дайны ард гарлаа. Хангалттай олон дайны хар барааныг үзлээ. Одоо ажлаа дуусгаад гэртээ харья. Афганистанчуудын хувьд ч харанхуй цаг үе дуусч шинэ гэрэл гэгээ харагдаж буйг онцолмоор байна.

-Иракын дайн дуусаж байхад мөн л таны хэлсэнтэй адил зүйл хэлж байсан. Харин одоо Афганистаны дайн дууслаа гэж ярьж байна. Удахгүй өөр орон руу дайтах хэрэг гарах юм биш биз?

-Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд дахин дайн гарахгүй. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Иракын дайн эхлэл бол Афганистаны дайн төгсгөл. Тэр ч үүднээс би Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

-Таныг Афганистанд байж байх хугацаанд дэлбэрэлт болсон гэсэн. Ноцтой зүйл болсон уу?

-Кабул хотноо нэгэн дэлбэрэлт болсон гэсэн. Манай тусгай хүчнийхэн аюулгүй байдалд анхаарал тавьж, арга хэмжээ авсан байгаа. Хүний амь эрсдээгүй гэж мэдэгдсэн.

-Ноён Ерөнхийлөгч өө, АНУ сүүлийн үед цэрэг армийн төвлөрөлтөд анхааралаа илүү их хандуулаад байгаа юм шиг санагдсан. Энэ нь ямар нэг далд утга, дайны шинж тэмдэг байх гэсэн таамгийг зарим шинжээчид гаргаад байгаа?

-Манай улсын батлан хамгаалах салбар маш их эрсдлийг дэлхийн улс орнуудын өмнөөс хүлээж байгаа. Тэр ч үүднээс НАТО-ийн цэргүүд дэлхийн өнцөг булан бүрт энхийг сахиулах ажиллагаа явуулж улс орнуудын энх тайван байдлыг хадгалдаг. Харин цэргээ татах шалтгааны хувьд арай өөр. Эрсдлийг багасгаж байна гэж ойлгож болно. Японоос 9000 гаруй цэрэг эх орондоо ирнэ. Мөн Номхон далайд байрлаж буй усан флотоос цэргүүдээ татна. Энэ мэтээр батлан хамгаалахын нэгдсэн шинэ системд цэргүүдийг нягтруулна.

-Террорист бүлэглэлүүдийн талаар цаашид ямар арга хэмжээ авах гэж байна. Мэдээж нууцийн зэрэглэлд багтах ч гэсэн зах зухаас нь сонирхуулах боломж бий юү?
-Манай улсын хувьд террористуудтай 11 жил гаруй тэмцэж ирлээ. Гэхдээ энэ хугацаа "Идэвхтэй тэмцлийн" гэсэн тодотголд багтах болов уу. Одоогийн байдлаар Ирак, Афганистан гэх мэт террорист үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг улс оронд энхийг сахиулах үйл ажиллагаа, гэрээ тохиролцоо, заавар журам, судалгаа гээд олон зүйл хийж байна. Ойрын хугацаанд авах арга хэмжээт ойлгоход тун энгийн. Эхний ээлжинд талибууд, дараагийн ээлжинд Аль-Кайда бүлэглэл болон бусад жижиг террорист бүлэглэлүүдэд гол анхаарлаа хандуулж байгаа. Террорист бүлэглэлийн нарийн ажиллагааг мэдэхийн тулд дотор нь орох шаардлага гардаг. Дотор нь орж итгэлийг нь хүлээж мэдээлэл дамжуулахад ч мөн адил хугацаа хэрэгтэй болно. Үүнийг хүн болгон мэдэх биз. Террористуудтай тэмцэх үйл ажиллагаа нарийн зааврын дагуу, судалгаа баримтад үндэслэсэн алдаагүй байх ёстой. Тэр ч үүднээс олон улсын хамтарсан үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаа.

-Уучлаарай, АНУ-ын армид алба хашиж байгаа цэргүүдийн багагүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн үед эмэгтэй цэрэгт онцгой халамж, давуу талыг үзүүлэх болсон гэж сонссон. Жишээ нь, амь насны даатгалын асуудал?

-Энэ тал дээр жендрийн асуудал хөндөх нь утгагүй. Харин АНУ-ын цэрэг байна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг гэдгийг ухамсарласан эмэгтэйчүүд олон байгаа нь сайшаалтай. Нэгэн судалгаагаар АНУ-ын армид алба хашиж байгаа эмэгтэй цэргүүдийн 60-65 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдгийг тогтоосон. Тиймээс Засгийн газраас бүх эмэгтэй цэрэгт хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Үүнийг цэргийн ангид алба хааж байгаа эрэгтэй цэргүүд ч дэмжиж байгаа.

-Хэдэн он хүртэл АНУ-ын бааз Афганистанд байхаар болсон бэ?

-Хэлэлцээр, уулзалтын дагуу 2014 оныг дуустал АНУ-ын тодорхой хүчин энхийг сахиж, афганистанчуудын эрх ашгийг хүндэтгэнэ. Болзошгүй аюулаас ч сэргийлнэ. Энэ нь бидний хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргийн нэг. Дэлхийн энх тайвныг баталгаажуулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж буй нь энэ.

-Энэ бүгд яг л сонгуулийн сурталчилгаа мэт сонсогдож байна. Таны сонгуулийн ажил ямар шатанд явж байна?

-Сөрөг хүчнээс Митт Ромни өрсөлдөхөөр болсон. Одоохондоо сонгуульд чухал ач холбогдол өгөхгүй байна. Тухайн үед болох зүйл болно гэдэгт итгэлтэй байна.

Б.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж