Улсын ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат Цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлалыг, хуульч Ж.Ганбаатар Цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулав.
Хуулийн үзэл баримтлал, төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэхдээ “Хуулийн нэрийг заавал цагдаагийн гэлгүй нийгмийн хэв журмыг сахиулах гэмээр юм байна. Ингэснээр заавал хоёр биш нэг хууль гаргаж болно. Бас иргэдээс эхлээд бусад оролцоог хангахад илүү зохистой байх болно.
Эдгээр хуулийн төслийг дагуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулиудын төсөлд иргэдээс гадна эрдэмтдийн саналыг авах нь чухал. Цагдаагийн алба хаах насыг 45 гэж хязгаарласан байна. Энэ нь бүх салбарт ажилд ороход ялгаварлагддаг нас. Ажил гүйцэтгэх ийм оргил насанд нь халах зохисгүй. Халлаа гэхэд иргэншүүлэх, өөр ажилд орох нөхцлийг бүрдүүлж эртээс сургалтад хамруулахыг төсөлд заах хэрэгтэй.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь зөв. Энэ нь тийм их мөнгө биш. Өнөөдрийн ханшаар 40 гаруйхан сая төгрөг болж байна.
Цагдаагийн албаны олон зүйлийг журмаар зохицуулж байна. Тиймээс тэдгээрийг баталгаажуулах үүднээс хуульчилж өгөх нь илүү зохистой. Одоогийн хуульд олон эрх, үүрэг заасан ч түүнийгээ яаж хэрэгжүүлэхийг тусгаагүй байдаг. Бас бусад хүчний байгууллагуудтай харилцан яаж ажиллах нь хуульчлагдаагүй. Үүнээс болж өөр өөрийн хууль, журмаар ажиллаж, үйл ажиллагаагаа нь авцалдаагүй байдгаас иргэд шүүмжилж, байна. Муу нэр их сонсож байна.
Цагдаагийн нийгэм, эдийн засгийн баталгааг улсынхаа эдийн засгийн чадавхтай нягт уялдуулах учиртай. Одоо мөрдөж буй хуульд заасан зүйлүүд ингэж чадаагүй учраас хэрэгждэггүй.
Цагдаагийн ажиллах нөхцлийг хангахад хамгийн их анхаармаар байна. Орон тоог ч Засгийн газраас баталсан нормативаар болгох хэрэгтэй. Орчин үеийн техник, технологийг өргөн хэрэглэх, албан хаагчдын тэдгээртэй харьцах чадавх, боловсролыг дээшлүүлэх сургалт тогтмол явуулдаг болмоор байна.
Цагдаагийн байгууллагын эрхэм зорилгыг дахин тодорхойлж түүндээ хуулийн төслөө нийцүүлэх, үйл ажиллагаанд нь олон улсын стандартуудыг жишиг болгох, олон нийтийн хяналт тогтоох, албадлагын үүрэг гүйцэтгэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байх зохицуулалтыг тусгах, төрийн албаны болон бусад хуультай давхацсан зүйлийг хасах, хэрэгтэй” гэхчлэн олон санал хэлэв.
Хэлэлцүүлгийг хааж Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг хэлэхдээ “Хуулиудыг баталснаар бүх асуудлыг шийдэхгүй. Гэхдээ төр хүчний байгууллагуудын ажиллах нөхцлийг хангах, салбарын хуулийг бусад хуулиудтай уялдаатай болгох, үйл ажиллагааг нь нарийвчлан тодруулж хуульчлахад ажлын хэсэг анхаарна байх. Хүн төвтэй нийгэм рүү явж байгаагийн хувьд хэн нэг даргын журмаар бус хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг байх ёстой. Энэ бол хамгийн анхны хэлэлцүүлэг. Та бүхний саналыг бид бичиж авч байгаа. Бидэнд бичгээр ч саналаа ирүүлж болно. Бүх саналыг судлан тусгана” гэлээ.