Ц.Улаанхүү начны ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүү начны ялыг хэвээр үлдээв

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн гомдлыг сая Нийслэлийн шүүхэд хэлэлцэж дууслаа. Шүүх бүрэлдэхүүн түүнийг чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Анх 2011 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс, улмаар мөн оны аравдугаар сард болсон давж заалдах шатны шүүхээс 11 жил хорих ял сонссон, ингэхдээ чанга дэлгэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон Ц.Улаанхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандсан. Гэвч 2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар түүний хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Улмаар хэргийн мөрдөн байцаалт дууссаны дараа буюу гуравдугаар сарын 26-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүх хурал болж, Баянзүрх дүүргийн шүүхээс 2011 оны наймдугаар сард оноосон 11 жилийн ялыг дахин оноосон юм. Харин тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргасан юм.

Дундговь аймгийн харьяат, улсын начин Ц.Улаанхүүг Эрүүгийн хуулийн 192.3.1-т зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан  гэх  үндэслэлээр  яллаж байгаа юм. Түүнийг 43 ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бодисыг иргэн н.Болдбаатарт заруулахаар өгсөн  хэмээн буруутгадаг.

                                    Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж