Энэ Засаг “элэг бүтэн” сонгуульдахыг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Энэ Засаг “элэг бүтэн” сонгуульдахыг хичээж байна

Сонгууль хаяанд ирлээ. Өмнөх сонгуулиар олонхи болж Засгийн эрх барьсан МАН, МАХН сонгогчиддоо тайлангаа тавих цаг ч болж байна. Энэ хоёр нам өнгөрсөн сонгуулиар МАХН гэдэг нэг нэрээр сонгуульд орсон бөгөөд одоо намаа тараагаад, намын шинэ хуучин дарга нар нь бие биенээ шоронд хийж, шонд өлгөхдөө тулаад байгаа нь сонгогч олонд харин ч нэг падгүй хэрэг билээ. Тэртусмаа сонгуулиар амласан зүйлээ хийж хэрэгжүүлж чадахгүйд хүрээд сөрөг хүчнээ гуйж гувшин байж Засгийн газарт оруулсан нь бол бүр ч падлийгүй. Хаа очиж нөгөөдүүл нь “хар нүднээс хөмсөг гадуур” гэлгүй гурван жил хагас зүтгэж, ачааны хүндийг үүрэн байж Оюутолгойн гэрээ, Тавантолгойн хувьцаа, иргэний шинэчилсэн бүртгэл энэ тэр гээд овоо хэдэн ажил урагшлуулсан санагдана. МАН, МАХН-ын зүгээс бол энэ хэмжээний өөрчлөлтийг хүлээгээд ч хэрэггүй байсан гэдгийг МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн сүүлийн дөрвөн сарын амьдрал харуулж байна л даа. Тиймээс эрх баригч намын ирэх сонгуулийн өмнө иргэдтэй тулж буй нүүр царайг түр ч атугай тольдоод үзье.  

МАН, МАХН-ын өнгөрөгч сонгуулиар амласан хамгийн гол бөгөөд барьцтай зүйл нь Эх орны хишиг буюу 1,5 сая төгрөгийг бэлнээр тараах. Ирэх зургадугаар сард өгч дуусах ёстой 1,5 саяас иргэдийн гар дээр очсон нь сар бүрийн 21 мянгаар тооцсон 500 мянга. Гэхдээ энэ 500 мянгыг ирэх зургадугаар сард өгч дуусах ёстой бөгөөд сүүлийн гуравдугаар сарынхыг лав Засгийн газар Монголбанкнаас хүүтэй мөнгө зээлж тараасан гэж байгаа. Үлдсэн нэг сая төгрөг хаана байгааг бүү мэд. Үүнээс ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амласан нэг сая төгрөгөө Ардчилсан намын иргэдэд амласан сая төгрөгийн хувьцааг худалдаж авах замаар олгоно гэсэн. Харамсалтай нь, яг одоо улсын төсөвт үүнд зориулах сохор зоос ч байхгүй. Дахиад сонгууль хүртэл юугаа барьцаалж, ямар үнээр төлөх гэж байгаа юм билээ. МАХН /МАН/-ын экс удирдагч Н.Энхбаяр лав Орост төлөх их өрийг тэглэх нэрээр /ах нар 11 сая шилжих рублийн өрөөс 98 хувийг нь хөнгөлж, хоёр хувийг нь Монголын тал барагдуулсан/ ердөө 50 сая ам.долларын зээлээр Оюутолгойн ордыг тэр чигээр нь тавиад туучихсан байсан юм даг. Одоо ч энэ хэргийн үр дагавар үргэлжилж буй.

Яг өнөөдөр МАН-ын буюу С.Батболдын Засгийн газарт гадаад оронд Элчин сайдаар суух томилолт авчихаад байгаа нэг сайд, АТГ-т асуудал үүссэн гэгдээд байгаас нэг сайд, огцрох асуудлыг хэлэлцэж байгаа  нэг сайд байна.

Дөрвөн сарын өмнө УИХ 2012 оны улсын төсвийг батлахдаа ЕБС-ийн багш нарыг нэг бүрчлэн зөөврийн компьютерээр хангах зардлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын төсвийн багцад суулгаж өгсөн билээ. Одоо хичээлийн жил дуусах гэж байхад нэг ч багш тэрнийх нь барааг хараагүй байгаа. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар ганцаараа өөрийн сонгогдсон тойрог Увс аймаг руу явах бүрдээ төсвийн мөнгөөр олгогдож байгаа нөөтбүүкийг “Би хүргэж өгнө” гээд өчнөөнөөр нь ачдаг юм гэнэ лээ. Бодвол мань эрийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан биз. Энэ мэтчилэнгээр боловсролын салбарт хуваарилагдсан хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээнээс болж салбарын сайдад  АТГ асуулт тавиад байгаа сурагтай.

Харин НХХ-ийн сайд Т.Ганди Унгар улсад суух Элчин сайдаар томилогдоод даруй хоёр сарын хугацаа өнгөрч байна. Хатуу хөтүү гэгддэг улс төрийн амьдралд эрчүүдтэй нэхэл хатуу 20 жил явсан улстөрч эмэгтэй “тэтгэвэртээ” гарахаар болсныг буруутгах юу байх вэ. Гэвч буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй гэж үг байдаг даа.

 Сүүлчийнх нь огцруулах асуудлаа УИХ-аар оруулчихаад хагас сарын нүүр үзэж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Уг нь бол хуулиараа УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн бол УИХ энэ асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэж, 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Харин УИХ-ын дарга болон УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцүүлэгт оруулахдаа долоо хоногоор хоцроосон. УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин энэ тухай “Нэг сайдын асуудлаас илүү Сонгуулийн хууль чухал байна” гэж хариулж байсан. Нэг сайдын асуудалтай хамт нэг Засгийн газрын нэр хүнд явж байгаа гэдгийг нөхдүүд мэддэггүй бололтой.Гэхдээ  яах ч аргагүй болохоор  өнөөдөр энэ  асууплаа хэлэлцэж байх шиг. Ийм нэг ажилтай гэхэд ажилгүй, ажилгүй гэхэд албан тушаалтай гурван ч сайд Сү.Батболдын Засгийн газарт толгой хоргодон өдөр хоногийг өнгөрөөж байна.

Ажил хийж байгаа сайд нарыг нь аваад үзсэн ч бас л сонин дүр зураг гарна. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нийслэлийн эмнэлгүүдээр долоо хоногт хоёр удаа зочилж, ажил байдалтай нь танилцдаг болсон. Уг нь энэ салбарт 20 гаруй жил ажилласан, сүүлийн дөрвөн жил яамны төрийн нарийн бичгийн дарга хийж байгаа хүн чинь жилийн жилд хуваарилдаг төсвийн зардлаасаа жишээлээд ядахдаа нийслэлийн хэдэн эмнэлгүүдийнхээ байр байдлыг мэддэг байх учиртай. Хуучин сайд нь хүртэл гайхшаа бараад “Уг нь энэ салбарын л хүн дээ. Гэтэл танилцаад л байх юм, жаахан ажил хиймээр дээ” хэмээн санааширсан байна лээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар ч бас л ялгаагүй. Хотын цэвэрлэх байгууламж, Туул, Сэлбийн бохирдол гээд өнгөрсөн гурван жил өмнөх сайдын явсан жимээр явж, “хорвоотой танилцаж” байна. Гадаад харилцааны асуудал эрхэлж байсан хүн дотоодын орчин нөхцөлөөс тасарсан байдаг бололтой юм. Гэхдээ өмнө гурван жил судлаад төлөвлөчихсөн ажлыг араас нь хөөгөөд хийчихэж яагаад ч болдоггүй юм бүү мэд. Уг нь бол энэ салбарт нөгөө хэрэгжиж өгдөггүй “урт нэртэй” хуулийн хэрэгжилтээс авахуулаад хийж гүйцээгүй ажил өчнөөн төчнөөнөөрөө бий. Гэтэл яамныхан нь байгаль орчны мэдлэг маруухан сайдаа байгальд ээлтэй хүн болгох гэж гүйсээр үлдсэн цаг хугацааг өнгөрөөж байгаа билээ. Ингээд хамтарсан Засгийн газрын үед аялал жуулчлалын ганц сайдтай байсан Сү.Батболдын Засгийн газар өнөөдөр таван сайдаа аялуулан жуулчлуулах ажилтай болжээ.

Ерөнхий сайд нь ч ялгаагүй. “Сонгууль хаяанд ирчихлээ, бэлтгэл ажил хангагдсан уу” гэж асуухад “Амжихгүй ээ, цаг хугацаа байхгүй” гэж хариулсан мөртлөө Төв цэнгэлдэхийн голд хогны машин өрчихөөд хотынхонтой тууз хайчлаад зогсч байх жишээтэй. Нэг жалганы хогийг нөгөө жалганд аваачаад хаяхад Сү.Батболдын хэрэг лав байхгүй. Улсын төсөв улайчихаад байхад Сангийн сайд, дэд сайд нар нь твитерээр УИХ-ын гишүүдэд “онигоо” яриад сууж байдаг ийм Засгийн газрыг лав урьд хожид үзэж байсангүй. Өөртөө ч арандаг, өрөөлд ч дараа болсон ийм нэг Засгийн газар ирэх сонгуулийг элэг бүтэн үзчих гээд л мачийж байна.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж