Загас агнуурын хэрэгсэл, гэрийн тавилга, завь, хөл бөмбөг, байшингийн дээвэр болон хана зэрэг эд зүйлсийн эвдэрч хэмхэрсэн хэсгүүд Номхон далайгаар урссаар АНУ болон Канадын эрэгт энэ онд ирж байгаа юм. Ойрын үед ихээхэн хэмжээний эвдэрч хэмхэрсэн эд зүйлс ирэх магадлалтай байна.
Хөнгөн жинтэй зүйлс өнгөрсөн оны арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард эрэгт шидэгдэж эхэлсэн бол хүнд жинтэй зүйлсийн 95 хувь нь далайн гүнд живсэн гэж эрдэмтэд үзсэн юм. Энэ долоо хоногт Канадын наран шарлагын эргийн эргүүлүүд Японы Мияги мужийн дугаартай Харли Дэвидсон мотоцикл эрэгт хаягдсаныг олжээ.
АНУ-ын Вашингтон мужийн Засаг захиргаанаас цунамид урссан эд зүйлс эрэг дээр шидэгдэн наран шарлагын талбайгаас олдож магадгүйг сануулсан хуудас нааж эхэлсэн бөгөөд хүний цогцос гарч ирж магадгүйг анхааруулсан байна.
Японы Засаг захиргаанаас цунамид үйлдвэрийн барилгын эвдэрсэн хэсэг, орон сууц болон эд зүйлс зэрэг 4,8 сая тонн жин бүхий хаягдал урссан гэсэн тооцоо гаргасан юм.