Хүн бүр хувьцаа эзэмшигч болсонтой холбоотой Хөрөнгийн биржийг олон улсын стандартад нийцүүлэх алхам хийсэн. Уул уурхай дагасан бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц өгөх Хөгжлийн банкийг бий болгосон гэхчлэн дурьдаж болно. Бизнесийн салбараас хуримтлуулсан туршлага, үүнээс улбаалсан прагматик нь улс орны хөгжлийн гарцыг олоход томоохон хувь нэмэр орууллаа хэмээн улс төр судлаачид дүгнэх нь бий. Үнэхээр ч С.Батболдын заасан замаар өнгөрсөн жилүүдэд явахдаа монголчууд бадар барихаа больж, баялгийнхаа шимийг хүртдэг боллоо. Наанадаж л, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд мөрөөдлийн байрандаа амьдрах үүд хаалга нь нээгдлээ.
Боловсролын салбарт Кембрижийг нутагшуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэгч нь. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг эх орондоо идээшүүлснээр монголчууд хаана ч нүүр бардам байхыг жил бүрийн есдүгээр сарын 1-нд сануулна. Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн боловсролтой нь хэмээн үнэлэгддэг нь эл эрхэм хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийхийг Оюутолгой, Тавантолгойгоос илүүд авч үздэг. Энэ мэтчилэн улс оронд түүний үзэгний хушуугаар хийгдсэн ажил их бий. Харин намын даргын хувьд уугуул нэрээ сэргээв. Тэртээх 1921 онд анхлан өгч байсан МАН нэрээ сэргээж, коминтернийн шахалтаар авсан “Хувьсгалт” хэмээх үгийг халсан юм. Гэхдээ МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл. Мөн 2008 онд амласан мөрийн хөтөлбөрөө 90 хувь биелүүлсэн гэдгээ журмын нөхөддөө ам бардам тайлагнаж харагдсан. Иймээс сонгогчдынхоо өмнө харц дээгүүр байхыг ч сануулаад амжсан.
Стандарт бус Засгийн газар байгуулсан гэх зэмлэлийг хүний өөрийн намынхнаас хүртэж байсан ч ганхуулалгүй авч явсанд нь төрийн хүний төвч, дипломатчийн ноён нуруу, бизнесмений алсын хараа нөлөөлсөн гэлцэх. Ямартай ч өнгөрсөн хугацаанд С.Батболд ямархуу улстөрч, лидер гэдгээ нотолж чадлаа. Зангарагтай мэдэгдлүүдийг удаа дараа хийж, намын эрх ашгаас илүү түмэн олныхоо эрх ашгийг тэргүүнд нь тавих учиртайг АН-ынханд төдийгүй тойргийн гадна, дотнох намууд, иргэний хөдөлгөөнүүдэд мэдрүүлсэн, харуулсан. Даруухан, үг дуу цөөтэй занг нь ашиглаж, буулгаж авахыг санаархагчид түүнийг хүрээлэн байдаг ч С.Батболд уужуу, аядуу зангаараа хэнтэй ч хэл амаа ололцохдоо гарамгай. Энд ойрын ганц жишээ татахад, нэгэн үе ардын хүүхдүүд гудамжинд гарч, багш, эмч нар ордон гороолж нийгэмд таагүй байдал үүссэн. Харин танхимын тэргүүн төрийн хүний мяндсан ухаан сийлж, “босогч” С.Ганбаатартай гурвалсан гэрээ хийж, асуудлыг тэр дор нь намжаасан нь саяхан. Энэ бол цэвэр бизнесмэн болоод дипломат хүнд байдаг зан чанар. Харин улс төрийн хүрээнийхэн түүнийг дүгнэхдээ шийдвэр гаргахдаа нэлээд нухацтай бодож ам нээдэг, няхуур, алдаа бараг гаргадаггүй гэх юм билээ.
С.Батболдын эрин үед Монгол төр төвхнөж, иргэдийн амьжиргаа сайжирлаа. Түүнийг хойч үеийнхний өмнө хүлээх их хариуцлага, алдах эрхгүй цаг хугацааны эзэн нь байх их ачааг нуруун дээрээсээ унагалгүй үүрч чадлаа хэмээн ард түмэн нь үнэлж байна.
Эх сурвалж: “НИЙГМИЙН ТОЛЬ” сонин