Мэдээллийн сайтуудын ассоциаци санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Мэдээллийн сайтуудын ассоциаци санамж бичиг байгуулав

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Мэдээллийн сайтуудын ассоциаци хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1991 оноос эхлэн энэ өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан бөгөөд энэ жил “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор дэлхийн олон орны ган үзэгтнүүд нэгдэж байна. Тиймдээ ч сэтгүүл зүйн салбарын шинэ дуу хоолой болсон хамгийн отгон салбар гэж болох цахим мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй мэдээллийн шинэ хэрэгсэл, цахим мэдээллийн ертөнцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм. 

Ёслолын арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Д.Болдхуяг, гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл болон албаны бусад хүмүүс оролцов.

Санамж бичигт үндсэн таван зүйлийг тусгасан бөгөөд үүнд, сэтгүүлзүйн нэг салбар болох мэдээллийн сайтад мэдээ, мэдээллийг олох, түгээх асуудалд учирч буй саад бэрхшээлийг арилгах, энэ салбар ажиллаж буй ажиллагсдыг сургалтад хамруулах, уламжлалт сэтгүүлзүйн мэргэжлийн хэм хэмжээг New Media-д хөгжүүлэх, эрүүл, ёс зүйтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд мэдээллийн шинэ хэрэгслүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эцэст нь МСЭ нь Мэдээллийн сайтуудын ассоциацид гишүүнчлэлтэй мэдээллийн байгууллагад ажиллагсдыг уламжлалт мэдээллийн хэрэгслийнхтэй нэгэн адил авч үзэж, тэдний эрх, ашгийг хамгаалах тухай багтсан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж