Хятадын тэрс үзэлтэн АНУ-аас тусламж эрлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэн АНУ-аас тусламж эрлээ

Хятадын хараагүй тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-ын Засаг захиргаанаас өөрийн гэр бүлийн хамт Хятадыг орхиход тусламж эрсэн талаар Agence France-Presse мэдээлэв.

Чен Гуанчен өөрөө болон түүний гэр бүл Хятадад байхдаа аюулгүй нөхцөлд байж чадахгүй гэж үзэж  байгаа учир Хятадаас гадаад орон руу гарах хүсэлтэй байгаа гэж хэлсэн байна. Хүний эрхийг хамгаалах China Aid байгууллагын мэдэгдсэнээр Чен Гуанченг АНУ-ын ЭСЯ-нд байх хооронд Хятадын Засаг захиргаанаас түүний төрөл төрөгсдөд хаягласан заналхийлэл сүрдүүлгийг тэрс үзэлтэнд илгээж байсан гэжээ.

Хятадын тэрс үзэлтэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Шаньдун мужид байсан гэрийн хорионоос зугтсан бөгөөд дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаод түүний гэр бүлийн эрх зөрчигдсөн талаархи баримтыг шалгаж өгөхийг хүссэн хүсэлт илгээсэн юм.

Лхагва гаригт Гуанчен АНУ-ын ЭСЯ-ыг орхин, Бээжин хотын нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэх болсон байна. Хятадын Засаг Захиргаанаас Чен Гуанчений аюулгүй байдлын баталгаа гаргасан болон Их Сургуулийн хичээлээ үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосны дараа тэрээр эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

АНУ-ын ЭСЯ-нд Гуанченийг орогнуулсан учир  Вашингтон Бээжингээс уучлал гуйхыг шаардаж байна. Харин АНУ-ын албаны хүмүүс энэ талаар огт үг хэлээгүй байгаа юм. Одоо Хятадад айлчлалаар ирээд байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлэхдээ Чен Гуанчений нэрийг шууд дурдалгүйгээр Хятад улсыг иргэдийнхээ эрхийг хүндэтгэх хэрэгтэй хэмээжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж