Чуулганыг 15.00 цагт хуралдуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Чуулганыг 15.00 цагт хуралдуулахаар боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал ч хөндөгдлөө.  Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирын тайлбарласнаар бол  дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах явцад хуулийн байгууллагынхан ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан биш, хэвлэл мэдээллийнхэн алдагдуулсан болж хувирч байна. Хуульд зааснаар 22.00-06.00 цаг хүртэл шөнийн цаг гэж үзэж, байцаан шийтгэх ажиллагааг явуулдаггүй, энэ хүрээнд цагдаагийн байгууллага хуулиа мөрдөж ажилласан. Харин экс Ерөнхийлөгчийн хувийн телевиз болох ТВ-9 телевиз дуран авиагаа буу шиг урдаас нь тавьчихаад ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж унтуулаагүй” гэсэн тайлбар хийсэн юм. Дээрх тайлбартай УИХ-ын гишүүн Д.Загджав санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж “Тэрхүү баривчлах ажиллагаа ямар процесс дунд болсныг Монголын ард түмэн бүгд харсан. Монголын чөлөөт хэвлэл энэхүү үйл явдлыг олон нийтэд цаг алдалгүй шуурхай байдлаар хүргэсэн. Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм л зарчмаар ажилладаг. Тэр хэмжээний мэдээллийн хурд Монголд бий болсон юм байна гэдгийг олон нийт олж харсан байх. Харин цагдаагийн байгууллага хууль зөрчсөн үү гэвэл, өөр асуудал. Нэг цагдаа байж л харагдсан бол энэхүү үйл ажиллагаанд оролцсон гэдгийн нотолгоо. Яаж ч үйл явдлаас бултаж булзааруулах гээд нэмэргүй” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Цагдаагийн ерөнхий газрын дарга 22.00-06.00 цагийн хооронд албадан саатуулах ажиллагаа явуулж болохгүй гэж хэллээ. Гэвч үнэндээ 05.40 цаг гэхэд бүх ажиллагаа дуусчихсан байсан, ингэж худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Хэрвээ үйл явдал болоход дэргэд нь байгаагүй бол хэлсэн үгэнд нь итгэх байлаа. Дээр нь Ц.Нямдорж “Н.Энхбаяр таван давхар хамгаалалт байсан” гэдэг юм ярьж байна, ямар юмных нь таван давхар хамгаалалт байх юм бэ. Ингэж худлаа тайлбар хийдгээ больж зөв хийгээрэй. Бодит үнэн байгаа шүү. Цагдаа нар шөнөжингөө байшингийн гадуур дотуур харайлдаж иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан. Дээд айлын эрийг харанхуй шөнөөр гутал хувцасгүй нь чирч гаргасан нь хэн билээ. Байр сууцыг нь эвдчихээд одоо байтлаасаа Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага нь эвдэж сүйтгэсэн эд хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр засдаг болох нь. Иймдээ тулж болохгүй” гэсэн юм.

Ингээд хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлэн, дараа нь санал хураалт явуулах байсан боловч олонх гишүүний гаргасан саналын дагуу чуулганыг завсарлуулж үдээс хойш 15.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж