Монголын хэвлэл, мэдээллийн түүхэнд анх удаагаа болж байгаа тэмдэглэлт энэ үйл явдал нь саяхан болж өнгөрсөн Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг “ЗА СУВАГ” телевизийн хамт олон бүрэн дүүрэн дэмжиж байгаагийн илэрхийлэл боллоо. Ардчиллыг, ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөний төлөө зоригтой алхам хийсэн хөрөнгө оруулагчдадаа эрх чөлөөг эрхэмлэгч сэтгүүлч, уран бүтээлчид талархалтай байна.
Намиби улсын нийслэлд хуралдсан Африкийн чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид 1991 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Виндхукийн тунхаглал”-ыг батлан гаргажээ. Тэд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан үндсэн зарчмуудыг хамгаалах зорилгоор “Виндхукийн тунхаглал”-ыг баталсан түүхтэй.
Энэ тунхаглалын хоёрдугаар зүйлд “Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ” гэж заасан байдаг.
НҮБ, ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбоо сайшаан дэмжиж, түгээн дэлгэрүүлсээр ирсэн энэ тунхаглал дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үндсэн баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх зарчим болсон юм.
Харин тайван ардчиллаараа дэлхий дахинд үлгэр жишээ болдог манай орны хувьд ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө тун эмзэг байдалд ороод байна. “Freedom house” олон улсын байгууллагаас Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж дахин дүгнэжээ. Бид 2011 онд 196 орноос 82-т жагссан нь 2009 оноос 24 байраар ухарсан үзүүлэлт юм. Энэ жил 197 орноос 80-д бичигдсэн байна. /www.freedomhouse.org/
Бидний 1990 онд олсон амжилт улам бүр алсарч, хэвлэлийн эзэд бүтэн эрх чөлөөтэй, редакц болон сэтгүүлч хагас эрх чөлөөтэй байдал улам даамжирсаар байна. Байдал энэ хэвээр үргэлжилсээр байх аваас Монголд хэвлэлийн эрх чөлөө үгүй болж, олон нийтийн үнэнийг мэдэх үндсэн эрх хэвлэлийн эздийн гутлын уланд наалдсан хумхын тоос болоход ойрхон байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсад өргөн нэвтрүүлгийн 17 телевиз, 22 радио, кабелийн сувгийн 53 телевиз, орон нутгийн өргөн нэвтрүүлгийн 107 телевиз /www.crc.gov.mn/ тогтмол хэвлэгддэг 150 гаруй сонин сэтгүүл, өдөрт 3000-аас дээш хандалттай 50 орчим сайт үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээллийн хэрэгслийн энэ тоог харахаар Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хангалттай мэт санагдана. Гэвч бодит байдалд Монголын сэтгүүл зүй эздийн хэтэвчинд багтаж, тэдний захиалгат мэдээллээр олон нийтийн тархи угаартаж дууслаа.
Сэтгүүлзүй нь нийтийн эрх ашигт үйлчилж, зөвхөн үнэнийг олон түмэнд мэдээлэх үүрэгтэй, бас иргэдийн мэдэх эрхийг дээдлэх ёстой учраас тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчид нь ил байх учиртай юм. Ингэж байж хараат бус эрүүл сэтгүүлзүй хөгжинө. Эзэмшигчдийг зарлах ажил эхлэл шатандаа байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Гэхдээ эзний бодлого бол редакцийн бодлого биш юм. Тиймээс эзэн, редакц хоёр тохиролцож хараат бус байдлын гэрээ байгуулснаар хэвлэлийн эрх чөлөө хангагдах нэг үндсэн нөхцөл бүрдэх учиртай.
АНУ-ын Freedom House байгууллагаас жил тутам зарладаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний тайланд Монгол улс 1990-ээд оны туршид Бүрэн эрх чөлөөтэй хэмээн тэмдэглэгддэг байхад яруу найрагч Ц.Гайтавын шүлгийн “Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан …” тухай мөр тун тохирмоор санагддаг байлаа. Харин 2000 оноос хойш бид элдэв шалтгаанаар (хамгийн сүүлчийнх нь 7-р сарын 1) ухарч ихэнхдээ Хагас эрх чөлөөтэй яваа тул одоо учир зүггүй гялалздаггүй юм аа гэхэд огт Эрх чөлөөгүй хоёр их хөрштэйгээ харьцуулахад ядахдаа гэрэлтсээр байх учиртай. /www.ajiglagch.mn/
“Хэрвээ сэтгүүлчид авлигал, ядуурал, айдас болгоомжлолын нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй”