Эрээнтэй, бараантай жижиг дунд үйлдвэрийнхний дүр зураг

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Эрээнтэй, бараантай жижиг дунд үйлдвэрийнхний дүр зураг

 “Жижиг, дунд үйлдвэр-хоршоо-2010” үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспод үүдээ нээлээ. Үзэсгэлэнд 150 гаруй байгууллага, 27 хоршоо, дөрвөн олон улсын байгууллага, есөн банк санхүүгийн байгууллага, 350 гаруй иргэн оролцож байна. Оролцогчдын нэлээд нь хөдөө орон нутгаас, тухайлбал 14 аймгаас хүрэлцэн иржээ. Үзэсгэлэн дөрвөн хоног үргэлжилж, 10 гаруй номинацаар шилдгүүдээ тодруулах юм байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн онд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ердөө том зургаа, жижиг 40 аж ахуй нэгжид хүрчээ. Хэдийгээр ийм төрлийн үйлдвэр эрхлэх төсөл бичиж Жижиг, дунд үйлдвэрийн газраар дэмжигдсэн ч зээл авч чадаагүй иргэн, аж ахуй нэгж нэлээд байдаг юм байна. Тэдний нэг бол “Хөнгөн цагаан эдлэл” ХХК. Эднийх хөдөө аж ахуйн өргөн хэрэгцээний 100 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг. Бараа бүтээгдэхүүн нь борлуулалт сайтай ч эргэлтийн хөрөнгөгүй учир нөөц бололцоогоо 100 хувь ашиглаж чаддаггүй гэнэ. Гурван жилийн өмнө 50 сая төгрөгийн зээл авахаар төсөл бичсэн нь өнгөрсөн онд ЖДҮГ-аас дэмжлэг авсан. Гэвч Улаанбаатар банк төсөлтэй танилцаж үзээд уг зээлийг олгоогүй аж. Энэ талаар компанийн захирал Х.Ухнаа ийн ярьж байна.

-Бид зээл авах гэж их хичээсэн. Банкныхан төсөлтэй танилцаад үйлдвэрлэгчдэд болон хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ гэдгээс илүүтэй барьцаа хөрөнгийг хэмждэг. Манай үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үнэлгээ 280 орчим сая төгрөг хүрнэ. Гэвч банкныхан үүнийг барьцаа хөрөнгөд аваагүй. Тэд хоёр давхар байшин эсвэл хоёр өрөө байрыг л барьцаа хөрөнгөд тооцох юм.

-Таны бодлоор жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэхэд юу тээг болж байна?

– Манайхан жижиг, дунд үйлдвэр гэхээр нарийн боов эсвэл эсгий эдлэлийн төслүүдэд зээл олгодог. Метал боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмждэггүй, банкны эдийн засагчид нь бүр мэддэггүй.

Зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болж үйлдвэрлэл эрхлэхэд юуны өмнө барьцаа хөрөнгө том асуудал болж байна. Үүнээс болж зээл авч чадахгүй байгаа бизнесмэнүүд олон бий. Мөн зээлийн хүү өндөр хэрнээ хугацаа богино байгааг харж үзэх хэрэгтэй байна гэсэн юм.

Манайхан эсгий хийж янз бүрийн бүтээгдэхүүн хийх болсон. Гадна дотныхны нүдийг хужирлах донжтой бараанууд дэлгүүрийн лангууд элбэг үзэгддэг, заримыг нь ч экспортолчихдог. Иймэрхүү аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын үр дүн ч гэж болно. Гэвч тэдэнд бас бэрхшээлтэй асуудал байна. Монголд ноос боловсруулж байгаа аж ахуй нэгж шарласан, даахирсан хамгийн муу ноосыг боловсруулдаг. Харин сор нь урд хилийг “чиглэдэг”. Үүнд төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж түүхий эдийн экспортыг бүрэн хараа хяналтдаа аваасай гэж эсгий эдлэл үйлдвэрлэгчид хүсч байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэх саналыг “Мон-Эс” компанийн захирал Ц.Балжинням хэлсэн. Татварыг тэглэснээр худалдан авалт сайжирч, энэ төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоотой аж. Түүний компани Хас банкнаас 1.8-2.2 хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэлээ хөгжүүлдэг ба энэ жил зургаа дахь зээлээ хоёр жилийн хугацаатай авсан байна. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкнаас авсан зээлийн хүү өндөр байгаа нь нэлээд бэрхшээл учруулдаг гэнэ. 20-30 сая төгрөгийн зээл авахад сард зөвхөн хүүнд нь 600 мянган төгрөг төлдөг аж.

Арьс, ширээр үйлдвэрлэл явуулдаг хувь хүнтэй уулзлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгааг сонсдог, телевизээр хардаг. Гэвч яг яаж авахаа мэддэггүй, бид мэдээлэл муутай байдаг. Хөөцөлдөж үзсэн л дээ, гэхдээ бүтэхгүй юм билээ. Арын хаалгаар л олгогддог”  гэсэн зовлон тоочив. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад эргэлтийн их хөрөнгө хэрэгтэй ч одоогоор эргэлтийн хөрөнгөгүй байгаа гэнэ. Бараа бүтээгдэхүүнээ зарсан орлогоороо түрээс, лангууны төлбөр төлөөд ашиг ч үгүй, хуримтлал ч байх болсон гэнэ. Нэгэн банкнаас өөр чиглэлээр 15 сая төгрөгийн зээл нь авч,  зээлийн хугацаа дуусахад үндсэн мөнгөнөөсөө гадна 16 сая, нийтдээ 31 сая төгрөг төлөх болсон гэнэ. Тиймээс Монголд банкнаас зээл авах маш хүнд гэж хэлж байлаа.

Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл ямар байгаа бол. Энэ талаар Хэнтий аймгаас ирсэн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг Б.Даваатай уулзаж ярилцлаа.

-Та үйл ажиллагаагаа анх яаж эхэлсэн бэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, банкуудаар дамжуулж зээл олгож байна. Үүнд хамрагдаж чадаж байна уу?

-Зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаарддаг. Миний эрхэлж буй аж ахуй жижиг үйлдвэрлэл биш дунд үйлдвэрлэл ч биш. Бид долоон өрхийн 24 хүнтэйгээр ногоо тарьж, даршилж, савлан худалдаалдаг. Мөн жимс түүж хатааж зардаг юм. Дорвитой ажил хийе гэхээр барьцаа хөрөнгөгүй болохооор зээл авч чадахгүй байна.

Гэхдээ бид Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр өрхийн үйлдвэрлэл явуулж амьжиргаагаа залгуулах чадвартай болсон.

-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө гэж бий. УИХ-ын гишүүний чинь багцын хөрөнгө ч орон нутагт очиж байгаа шүү дээ?

-Үнэндээ тэр мөнгийг чинь намын хүмүүс, захиргааныхан л авчихдаг. Биднийг төслөө бичээд очихоор дууссан гэдэг юм. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого бидэнд үгүйлэгдэж байна. Дунд үйлдвэрлэл ч биш, тэгээд аль нэг намд ороогүй болохоор бидэнд зээл тусламж олдохгүй юм. Харин Дэлхийн зөнд баярлалаа гэж хэлэх байна. Тэд орон нутгийн засаг захиргааныхнаас илүүтэй бидэнд анхаарч ажилладаг.

-Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Миний бодлоор бидэнд хөрөнгө мөнгө өгдөггүй юм аа гэхэд ядаж техник тоног төхөөрөмжийг минь зээлээр өгч, орон нутгийн зүгээс үйлдвэрлэл явуулах байр гаргавал бидний ажилд нэлээд нэмэртэй. Бидэнд үйл ажиллагаа явуулах бэрхшээлтэй асуудал ийм л байдаг.

Үзэсгэлэнд орон нутгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Е.Наранцэцэг оролцож байгаатай таарлаа. Нуруундаа гэмтэл авч, мэс засал хийлгэснээс хойш хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ. Харин ажилгүй гэртээ байхад нь 2008 онд Дэлхийн зөнгөөс талх хийх аргыг зааж, талх хийдэг шарах шүүгээ авч өгснөөр түүний өрхийн үйлдвэрлэл эхэлсэн гэнэ. Өдгөө талхнаас гадна нарийн боов, сумынхаа иргэдийн захиалгаар пицца хийх болжээ. Харин хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв иргэддээ хүрч ажилладаггүй талаар гомдоллосон. Эргэн төлөгддөггүй эсвэл хөнгөлөлттэй зээл хөөцөлдөхөөр байхгүй, эсвэл дууссан гэж амыг нь тагладаг гэнэ. Энэ мэтчилэнгээр жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд мундахгүй бэрхшээл учирдаг гэнэ. Юутай ч тэд аргыг нь олоод үйлдвэрлэлээ дэвжээхийг чармайж байна. Энэ талаар холбогдох албаныхан анхааралдаа авна биз ээ. Бас энэхүү үзэсгэлэн ч үр дүнгээ өгч, тэдэнд бага ч болтугай нэмэр болоосой гэж найдаж байна.  

Ингээд эцэст нь зээл авахыг хүсч байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ зориулж барьцаа хөрөнгөгүй жижиг дунд үйлдвэрлэгчдэд Вишн Фанд банк санхүүгийн байгууллагыг товчхон танилцуулъя. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй үйлдвэрлэгчдэд барьцаа шаардахгүйгээр нэг сая хүртэл төгрөгийг зээлүүлж байгаа гэнэ. Хамгийн гол нь оршин суугаа хаяг дээрээ байх, үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байх, бүтээгдэхүүний борлуулалт сайн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газраас дэмжлэг авсан байх шаардлагагүй ажээ.

Б.Бямбасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж