Оюутны спортын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Оюутны спортын хурал боллоо

Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр Улаанбаатар хотноо “Өргөө” зочид буудалд боллоо. Хуралд тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан удирдсан байна. Хурлаар холбооны 2011 оны ажлын тайлан, 2012 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, саяхан Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын дүнг авч үзэн, тэмцээн  амжилттай явагдсан гэж дүгнэв.

МОСХ-ны зургадугаар чуулганыг 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр хуралдуулахаар тогтсон байна. Мөн оюутны улсын аварга шалгаруулах 2012 тэмцээний явцын тайланг хэлэлцэн, одоогоор зургаан төрөлд 33 сургуулийн 700 гаруй тамирчид оролцоод байгаа ба ШУТИС, ҮБТДС, Мон-алтиус, ХААИС, МУБИС, Аварга БТДСургуулиуд эхний зургаан байрт явж байна. Цаашид модон бөмбөг, аялал, сагсан бөмбөгийн тэмцээнүүд болох юм. Архангай аймагт 2012 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спорт, урлагийн XV их наадмыг МУБИС-ийн Архангай дах сургуультай хамтран явуулах ба 20 орчим сургуулийн 400 орчим тамирчид оролцуулахаар төлөвжээ.

Саяхан тус холбооноос “Универсиадын танхим”-ыг МУБИС-ийн Биеийн тамирын сургууль дээр байгуулсан ба цаашид энэ танхимыг улсын хэмжээнд болзолт уралдаан зарлах хэлбэрээр байгуулан ажиллуулахаар болжээ. МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь Засгийн газрын тогтоолоор 2013 онд зохиогдох Монгол улсын оюутны спортын III дугаар их наадмын заавар, төрлүүдийн асуудлыг хэлэлцэж, 20 спортын төрлөөр зохион байгуулахаар БТСГазарт санал хүргүүлэх гэнэ. Түүнчлэн 2013 оны долдугаар сард ОХУ-ын Казаньд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” их наадамд Монголын баг тамирчдыг спортын 16 төрөлд 236 хүний бүрэлдэхүүнтэй оролцуулахаар болсон байна.  

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж