
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сайд Ц.Нямдоржид хандан “Тантай холбоотой маш олон асуудлууд яригддаг, зөвхөн энэ удаагийн огцруулах үндэслэлийг оруулахгүйгээр MCS-ийн орон сууцанд амьдардаг, өндөр үнэтэй хаус бариулж байгаа, хөнжилдөө хууль зассан гээд. Энэ бүх асуудал дээр ухамсраараа хариуцлага хүлээж болдоггүй юм уу. Сандал ширээтэй зууралддаг нь би биш гээд зарлаад байсан. Тэгтэл өнөөдөр яагаад сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдаад байгаа юм бэ. Бүртгэлийн байгууллагын ажлыг санаатайгаар нураасан, яриад байвал паян их. Тийм учраас сайн дураараа сайдын суудлаасаа нэр төртэйхэн огцорчихвол яасан юм бэ” гэсэн юм. Үүнд Ц.Нямдорж сайд “Сайдын албыг хэзээ өгөхийг УИХ шийднэ гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр байр сууриа дахин илэрхийлье. Би энэ төрд шургалсан муу сүлжээг таслах гэж явж байгаа, 2006 онд 250 сая ам.долларын сүлжээг тасалсан. Төрд орсон болгон хулгай хийх ёсгүй, нууц гэрээ байгуулах ёсгүй, бөгсөө худалдах ёсгүй. Нууц гэрээ байгуулахгүй байхыг, хууль биелүүлэхийг ёс зүй гэж боддог. Энэ удаагийн сонгуулийг аль болох луйваргүй, зөрчил багатай зохион байгуулчихаад явъя гэж бодож байгаа хүн. Үүнийгээ намынхаа бүлэгтээ ч илэрхийлсэн. Ер нь хууль зөрчсөн УИХ-ын гишүүд харин намайг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах төсөл мэдүүлчихээд сууж байгаа” гэж хариулсан юм.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дахин асуултаа лавшруулж “Таныг гэмт хэргийн хар дэвтэр өвөртөлж явдаг гэж сонслоо. Мөн тэр хүмүүс таны дохио зангаагаар хөдөлдөг гэсэн. Үүнийгээ тодруулж өг” гэхэд Ц.Нямдорж сайд “Ярих төвшинд нь бүх юмаа ярьсан. Нууц гэрээний тухай хаваржин л та нар сонсоо биз дээ. 300 сая ам.долларын зээлийг хувийнхаа зөвлөхөд өгч болохгүй гэж. Тэгж ярих юм бол энэ асуудлыг би жилийн өмнө Засгийн газрын хуралдаан дээр холбогдох хүнийх нь улаан нүүрэн дээр хэлж байсан, сонирхлын зөрчлийн тухай хуулиараа бол энэ буруу” гэсэн хариулт өгсөн юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.