АНУ-ын Оранж мужид бохирдсон усыг Номхон далайд хаядаг байснаа 2008 оноос GWR /ground water replenishment/ системээр цэвэршүүлж унд, ахуйн хэрэгцээгээ хангах болжээ. Оранж мужийн цэвэрлэх байгууламжид өдөрт 70 сая галлон буюу 265.000м3 унданд хэрэглэх боломжтой усыг GWR системээр цэвэршүүлэн үйлдвэрлэж байна. Энэ нь тус мужийн төв болон хойд хэсгийн 600 мянга гаруй оршин суугчдад хангалттай хүрэлцдэг аж.
GWR ус цэвэршүүлэх үйл явц нь 3 дамжлагатай. Эхний цэвэршүүлэлтийг Микрофилтэр шүүлтүүрээр шүүнэ. Микрофилтэр шүүлтүүр нь 0.2 микро диаметр буюу хүний үсний ширхгийг 300 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй нарийн нүхнүүдтэй. Тус нүхээр ус нэвчихэд хатуу бодис, элдэв эгэл биет нян бактери шүүгддэг байна. Хоёрдугаар дамжлага нь Эсрэг осмосис мембраны шүүлтүүр. Мембран нь полемид молимерийн хагас шүүлтүүрийг бий болгодог. Эсрэг осмосисийн процессийн үед өндөр даралттай мембраны молекулын бүтцээр усанд нөлөөлж, химийн бүтцийг нь задалж вирус болон бичил нянг устгадаг.
Энэ шүүлтүүрийн дүнд цэвэрхэн нэрмэл шинж чанартай ус бий болдог. Эсрэг Осмосис дамжлагыг 1970-аад оны дунд үеэс Оранж мужийн Усны роайнд хэрэглэж иржээ.Гуравдугаар дамжлага нь Эсрэг Осмосис шүүлтүүрээр цэвэршүүлсэн нэрмэл усыг хүний унданд хэрэглэж болохуйц хэмжээнд хүртэл ариутгадаг устөрөгчийн исэлтэй, хэт ягаан туяаны гэрлээр цэвэршүүлэх үйл явц юм. Оранж мужийн ус цэвэршүүлэх байгууламжид өнөөдрийн байдлаар 86 тэрбум гаруй галлон ус үйлдвэрлэжээ. Энэ тоо өдөр бүр өссөөр байна.
Дэлхийд гайхагдсан нөөцтэй алт эрдэнэсийн ордтой байгаад усгүй бол түүнийгээ ашиглах боломжгүй болно. Ус бол тогтвортой хөгжлийн үндэс хэмээн улс орнууд усыг цэвэршүүлж, нөөцөлж байгааг дээр дурдсан. Бид саван, угаалгын нунтаг төдийхнөөр бохирдсон усаа эргүүлж цэвэршүүлэн ундны биш юмаа гэхэд ахуйн хэрэгцээгээ хангах цаг аль хэдийн болсон. Цэвэршүүлэх системийг амжилттай хэрэгжүүлж буй олон улсын туршлагаас судалж, нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.
О.Хосцэцэг