НҮБ Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгав

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

НҮБ Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгав

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан  бөгөөд өмнө нь авсан зарим хоригийн хүрээг чангатгасан талаар НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Сюзан Райс лхагва гаригт мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, шинэ багц хориг нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авч байгаа хариу арга хэмжээ юм. Эхний ээлжинд баллистик пуужингийн болон цөмийн технологийг шинэчлэх хоёрдмол  зориулалттай шийдвэрийг Хойд Солонгос улсад дамжуулах эсвэл тус улсаас гаргахыг хориглоно. Мөн тус улсад энэ хууль бус үйл ажиллагааг явуулж байгаа Хойд Солонгосын гурван томоохон компанийн активийг царцаана гэсэн юм.

АНУ, Европын Холбоо, Өмнөд Солонгос болон Япон улсууд шинэ хориг арга хэмжээний талаар шийдвэр гаргахад оролцсон бөгөөд саяхан Хойд Солонгос “Ынха-3” пуужинг хөөргөхөд оролцсон байж болох тус улсын 40 компанийн нэрсийн талаар хэлэлцсэн байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орны саналыг харгалзан хориг арга хэмжээний  шийдвэрийг гаргах ёстой байдаг аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд буюу “Ынха-3” пуужинг хөөргөхөөс гурван хоногийн өмнө пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж зарласан юм. Түүнчлэн Хойд Солонгосыг цөмийн болон пуужин хөөргөх бүх хөтөлбөрөөсөө татгалзахыг зөвлөлөөс шаардсан билээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж