УИХ-ын гишүүн байх тавилантай төрсөн мэт удаа дараа сонгогчдын итгэл хүлээгээд зогсохгүй сайдын албанд хэдэнтээ дэвшин ажилласан Ч.Улаан нарын улстөрчид МАН-аас гарч МАХН руу урвалаа. Гэтэл Ч.Улаан, Б.Тэрбишдагва, О.Чулуунбаттай хамт МАН-аас гарч, МАХН-ы гишүүнчлэлээ сэргээхээр ярьж байсан Д.Балдан-Очир, Р.Раш, Ц.Даваасүрэн нар мөн санаа нэг нөхдөөсөө урвачихав. Ярьсан, хэлснээсээ буцсан, эргэж хургасан улстөрчдийн байр суурь хаана яваа, үзэл бодол юу болохыг үнэхээр ойлгохоо байлаа.
Урваж шарвахааргүй төлөвшиж, нам, төрийн өндөр албанд ачаа даахаар болсон гэж үнэлэгдэж явсан төдий насны эрчүүд л ингэж байхыг бодоход улстөрчид увайгүй улс юм даа. Угаасаа улстөрчдөд л байдаг нийтлэг зан чанарууд олон л доо. Өөрийгөө өргөмжлөх, өрөөл бусдаа доош нь хийх. Үнэнийг мэдэж байвч өөрт ашигтай л бол гуйвуулж дүйвүүлэх, гүтгэж муучлахаа юман чинээ тоодоггүй шижээргүй байдал гээд олон нийтлэг зан улстөрчдөд ажиглагддаг. Нэг үгээр бол энгийн үедээ эгээ хүн шиг байснаа улс төрөө яриад ирэхээр өөр хүний баг өмсч, өрөөл бусдын дүрд хувилдаг. Олон жил улстөрийн “жүжиг” үзэж, тэр ааш аягийг нь гадарлахтайгаа болсон монголчуудад үнэндээ улстөрчид нь гологдож эхэлсэн. Муу дээр муухай гэгчээр одоо урвах, шарвахаа гоёд тооцдог, үүгээр “очков” авдаг увайгүй байдал нь ил цагаандаа гарах шив дээ…
Уран яруу донгодох, уйлж хайлах наад зах нь байв. Сүүлдээ заль мэх, хуйвалдаан зөвшилдөөнөөр гоёж гангарч эхэлсэн. Одоо бүүр урвах, шарвахдаа хэн нь уран, дархан мэхтэйгээрээ уралдах нь байна. Улс төр өө гэж.