Саркози, Олланд нар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Саркози, Олланд нар байр сууриа илэрхийлэв

Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Николя Саркози болон Социалист намын тэргүүн Франсуа Олланд нар анх удаа нүүр тулан өөрсдийн сонгуулийн хөтөлбөрийн талаар ярилаа. Телевизийн шууд эфирээр нэр дэвшигчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Ф.Олланд хэрвээ сонгогдвол Афганистанд байгаа франц цэргүүдийг ойрын найман сард татна, учир нь Афганистанд байгаа дайчид өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн гэж хэлсэн байна. Франц улс цэргээ ирэх жил татахаар төлөвлөсөн юм. Харин Олланд дайчид энэ онд гэртээ ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Саркози түүний энэ үгийг эсэргүүцэн, Афганистанд байх цэргийн үүрэг хараахан дуусаагүй байгааг тэмдэглэсэн юм. Тэрээр Франц улс холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлэх хэрэгтэй гэжээ. Тэгээд ч энэ онд дайчдаа бүрэн татах техникийн нөхцөл байхгүй байгааг Ерөнхийлөгч анхааруулсан юм. Цэргээ татахын тулд дайчдын аюулгүй байдал болон цэргийн зэвсэг техникийн тээвэрлэлтийн нөхцөл байдлыг хангах ёстойг тэрээр нэмж хэлсэн байна. Одоогийн Ерөнхийлөгч Саркози хэрвээ сонгогдвол Афганистанд байгаа цэрэг дайчдыг ирэх 2013 оны сүүлч хүртэл цэргийн ажиллагаагаа гүйцэд дуусгах АНУ-ын төлөвлөгөөтэй өмнө нь тохиролцсон зөвшилцлөө хадгална  гэж онцолсон юм. Саркози харин исламын орнуудад “Аль-Каеда” террорист бүлэглэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ гэж хэлсэн бөгөөд Африкийн хойд бүс нутагт  терроризмын аюул занал ихэсч байгааг сануулсан аж. Терроризмтэй тэмцэх нь Франц улсын эн тэргүүний үүргийн нэг бөгөөд энэ бүс нутагт хүмүүсийг барьцаалж байгаатай бид хатуу тэмцэх ёстой хэмээсэн байна. Эхний ээлжинд терроризмтэй тэмцэх ажиллагаандаа  Франц улс Мавритани, Нигери, Сенегал болон Мали улсуудтай хамтрах хэрэгтэй гэсэн бөгөөд мөн Алжир улсаас дэмжлэг авах нь чухал гэж онцолсон юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж