Эрхэм нөхөд өө,
Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ,
Та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрье,
Манай нам улс эх орныхоо хөгжил, хойч үеийнхээ ирээдүйн өмнө хүлээх хариуцлагатай, энэ хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй улс төрийн хүчин билээ. Бид холыг харж, учрыг нарийвчилсан тулхтай бодлого боловсруулах ёстой. Тиймээс эх орныхоо ойрын ирээдүй, хэтийн төлөв, эрсдэл боломжийг зөв төсөөлж МОНГОЛ ХҮНЭЭ хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулахыг зорилоо. Ингэхдээ Монгол орны хөгжлийн хөтөлбөрийг Монгол хүний оролцоотойгоор боловсруулах зорилт тавин ажиллаж “Монгол хүн 2020” хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрийн хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж хэлэлцүүлэгт олон мянган хүмүүс оролцлоо. Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгарч буй саад бэрхшээл, төрийн бодлогын алдаа дутагдал иргэдийн амьдралд хэрхэн тусч байгааг нүүр тулан ярилцлаа. Түүнчлэн хүндрэл бэрхшээл, саад тотгорыг даван туулах арга замын талаар чамгүй олон санал сонссон. Ард иргэдийнхээ амьдралд тулгарсан болохгүй бүтэхгүйг шийдэж, буруу зөрүүг засахад манай намын бодлого чиглэх учиртай.
Улс орны хөгжил нь улс төрийн тогтвортой байдлаас гадна эдийн засгийн тасралтгүй хөгжилтэй шууд хамааралтай. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд “Эдийн засгийн хувьсгал”-ыг амжилттай хэрэгжүүлэх эхлэл болгон цуврал лекцийг төрийн ордонд найман удаа, өдөө орон нутагт нийт есөн удаа амжилттай зохион явууллаа.
Мөн бид оночтой шийдлийн гогцоог олох эрэл хайгуулаа эрдэмтэн судлаачдын хүчээр өргөжүүлж нягталсан юм. Судлаачдын дунд эдийн засгийн хувьсгал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын чиглэлээрбүтээлийн уралдаан зарласан нь шинэ санаа, шилдэг шийдлээр дүүрэн байлаа. Эдгээр бүтээл нь шийдлээ хайсан олон асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, практик туршлагын нотолгоотой хариулт өгч чадсан гэж үзэж байна. Ардчилсан намаас зохион байгуулсан бүтээлийн уралдаанд оюун ухаанаа сорьж, мэдлэг чадвараа дайчлан оролцсон нийт эрдэмтэн судлаачиддаа энэ индэр дээрээс гүн талархал илэрхийлье.
Хэдийгээр бодлого нь зөв байвч хэрэгжих шатандаа алдаа дутагдал гарч үр дүнгүй болдог олон тохиолдлыг бид мэднэ. Тиймээс долоо хоног бүр салбарын мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулсан асуудал шийдвэрлэх хэлэлцүүлгийг гурван сарын хугацаанд зохион байгууллаа. Арван найман удаа зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт давхардсан тоогоор гурван зуу шахам мэргэжилтэн оролцож, дөч орчим сэдвийг тойрон ярилцаж асуудлыг шийдлийг олход томоохон нэмэр хандив оруулжээ.
Боловсруулсан бодлого, ирэх дөрвөн жилд хийж бүтээх ажлын талаар санал солилцох зорилготой “Dem Talk” нээлттэй ярилцлагыг намын болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд арван удаа зохион байгуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрт дэвшүүлсэн таван үндсэн зорилтын хүрээнд асуудлаа багцлан ярилцлаа. Энэ ярилцлагад ҮЗХ-ны гишүүд маань идэвхтэй оролцож Ардчилсан намын тодорхойлж байгаа бодлогод өөрийн байр суурийг илэрхийлж, санал шүүмж өрнүүлсэн юм. Асуудлын шийдлийг хамтдаа хайж, зөв шийдлийг олж чаддаг намын нөхдөөрөө бахархаж байна.
Ард түмнийхээ амьдралаас учигласан эрэл хайгуулаа төрийн бодлогод тусгалаа
Эрхэм нөхөд өө,
Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Ардчилсан нам бодлогоо цэгцэлж, ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа цар хүрээг тодорхой болголоо. Бид иргэдийнхээ амьдралд тулгарсан асуудлаас учигласан эрэл хайгуулыг төрийн бодлогод тусгах нөр их ажлыг гүйцэтгэх УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг буюу Үндэсний хороог (УИХ-ын ажлын хэсэг)-ийг байгуулан ажиллуулсан. Мөн мөрийн хөтөлбөрийг эцэслэн боловсруулах, нэгтгэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийг зохион байгуулж, 2012-2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж дууслаа.
Мөрийн хөтөлбөрийг боловсруулах бүх шатны ажилд идэвхтэй оролцож, санал бодлоо тусгасан бүх хүнд талархлаа илэрхийлье. Бид
- Шударга ёс алдагдаж, олон нийтийн итгэл суларч байгааг засч залруулахад зайлшгүй шаардлагатай шинэтгэлийг хийх талаар зоримог санал боловсрууллаа.
- Эрүүл мэндийн даатгалыг цогцоор нь шинэчлэх замаар Монгол хүнийг өвдөхөөр нь эмчилдэг бус өвчлүүлдэггүй байх тогтолцоог бий болгох шинэлэг санааг томьёоллоо.
- Мэдлэгт суурилсан сургалтын тогтолцоог бий болголоо.
- Иргэдийгээ ажил хөдөлмөртэй болход нь дэмжиж туслах төрийн бодлогын арга замуудыг оновчтой томёолсон олон арван санал, шийдэл, шийдвэрлэх гарцуудыг гаргасан УИХ-ын гишүүддээ, АН-аас Засгийн газарт ажиллаж байсан Сайд нартаа талархал илэрхийлье. Мөн ҮЗХ-ны гишүүд, Ардчиллын төлөө зүрх сэтгэл нь үргэлж дүрэлзэн байдаг Ардчилсан намынхаа гишүүдэд баярлаж байгаагаа хэлмээр байна.
Энэхүү мөрийн хөтөлбөр нь алдаа оноогоо цэгнэж, амжилт бүтээлд тэмүүлсэн Монгол төрийн оновчтой бодлого болсон гэдэгт итгэлтэй байна.Мөрийн хөтөлбөр маань ард түмний үнэн амьдрал, хүсэл тэмүүлэл дээр өндийсөн Монгол орны онч бодлого болсон гэдэт итгэлтэй байна. Энэхүү мөрийн хөтөлбөр нь Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах түлхүүр болсон гэдэгт итгэлтэй байна.
Монголын төр өнөөдөр юунд хөрөнгө оруулалт хийх, юунд оролцох, ямар үүрэг хүлээх эсэхээ ялгаж салгах хэрэгтэй болжээ. Төр бол юм бүхэнд хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлдэг дундардаггүй сан биш ээ. Төр бол хүн бүрийн амьдралыг заан чиглүүлэгч гэгээнтэн ч биш. Төр бол түмэн олны төлөө зүтгэх үйлчлэгч болохоос төвлөрөл үүсгэж, дараалалд зогсоодог эрхтэн дархтан бүр ч биш. Энэ бүхэн манай намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр өөрчлөгдөх болно.
Өнөөдөр Ардчилсан нам Монголын төр хөрөнгө оруулалт хийх ёстой зөв хөгжлийн үндэс нь МОНГОЛ ХҮН гэж үзэж байна. Бид ХҮНЭЭ ярихгүйгээр яам тамгын газар, барилга байшин ярьсаар 22 жилийг өнгөрөөжээ. Өнгөрсөн түүх үүнийг зөвшөөрсөн ч, маргаашын Монгол зөвшөөрөхгүй. Тиймээс бид машин техник, сандал суудлаас илүүгээр ХҮН, МОНГОЛ ХҮН гэж гайхамшигт эрдэнийг ярьж Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм болгон баталж байна. Хүний хамгийн үнэтэй, хамгийн чухал салшгүй үнэт зүйл бол эрх чөлөө. Тиймээс бид эрх чөлөөт МОНГОЛ ХҮНИЙГ энэ мөрийн хөтөлбөрийн таван хэсэгт оруулж байна. Уг эрх чөлөөний хамгийн гол дайсан бол авилгал юм.
- Авилгал бол улс төрийн ялгаварлан гадуурхалын үндэс,
- Авилгал бол төсөвнэрээр ард түмний хөрөнгийг үргүй зарж, үгүйрүүлэн завшихын эхлэл,
- Авилгал бол хүн хүнийхээ эрх чөлөөнд халдаж, улс орон ялзрахын хамгийн гол шархлаа,
- Авилгал бол Ардчиллын, Ардчилсан намын ирэх дөрвөн жилд үгүй хийх ёстой эрх чөлөөний дайсан юмаа.
Монгол хүний бас нэгэн салшгүй чухал үнэт зүйл бол ажилтай, орлоготой амьдрал. Одоо Монголчууд маань ажиллах, хөдөлмөрлөх цаг ирсэн.
- Монголын төр дахин хөдөлмөрлөх чадвартайгаа халамжилж, хөдөлмөрийн чадваргүйчүүдийн эгнээг зузаалахгүй ээ,
- Монголын төр хөдөлмөрлөх сонирхолтой иргэдээ хөсөр хаяалгүй бизнесийн нөхцлийг сайжируулах болно,
- Монгол хүн ажилтай байна гэдэг Монголын дархлаа юм аа,
- Монгол хүн ажилтай байна гэдэг харийн нэгний идэш болохгүй ээ,
- Монгол хүн ажилтай байна гэдэг 7-р сарын 1 дахин давтагдахгүйн баталгаа юм аа,
- Монгол хүн ажилтай байна гэдэг Ардчилсан намын мөнхийн зорилго юм аа, Тиймээс энэ бүгдийг бид хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн бас нэгэн чухал сэдэв бол Боловсролын салбар. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн нэг гол тулга нь боловсрол юм. Улс орны оршин тогтнох нь улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтөөс гадна Иргэн хүний, Монгол хүний боловсролтой шууд холбоотой. Хэрэв бид боловсролгүй баян байсан ч маргаашын ирээдүй харанхуй байна. Харин бид боловсролтой байвал Монгол маань газрын баялаггүй ч, тархины баялагтай Азийн цээжин дэх Израйл болж чаднаа.
Нөхөд өө,
Монгол хүн хөтөлбөрийн дараагийн нэг багана бол Аюулгүй орчинтой Монгол хүн. Тэр дундаа эцэг өвгөдөөс өвлөн ирсэн усны тунгалаг, уулсын үзэсгэлэнт говь хангай, хээр тал, Бидний төрсөн нутаг Монголын сайхан орны минь байгаль орчин бүрэн бүтэн байх нь аюулгүй орчны амин сүнс билээ. Мөн хүний анхдагч хэрэгцээ болох хүнсний аюулгүй байдал маш чухал. Эцэст нь бидний амьдарч буй нийгэм, улс төрийн тогтвортой байдал тэр тусмаа хууль шүүхийн шударга систем гэдэг хамгийн чухал аюулгүй байдал билээ. Тиймээс бид Монголын орныхоо сайхан байгалийг хамгаалж, нутгийнхаа шимт хөрсөнд улс орноо 100 хувь хангах хүнсээ тариалж, шударга хуулийн системд хариуцлагатай хандаж амьдарна гэдэг аюулгүй орчны амин чухал бүрдэл юм аа.
“Монгол хүн 2020” хөтөлбөрийн маань хамгийн сүүлийн чухал сэдэв бол Эрүүл мэндийн тогтолцоо юм. Хүн амын дундаж наслалт доогуур, суурь өвчлөлт их гээд эрүүл мэндтэй холбоотой олон арван муу мэдээг бид сонсохоороо л нэг боллоо. Гэвч энэ бүхнийг түүх болгохын тулд эрүүл мэндийн үндэс болсон эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, архигүй орчин, оншилгооны нэгдсэн энгийн систем, гэр бүлд хүрсэн эрүүл мэндийн даатгал гээд олон ажлыг эхлүүлж Япон шиг урт наслалттай, Европ шиг эрүүл, Азийн Монгол болгохын төлөө ажиллах болно оо.
Эрхэм журмын нөхөд өө,
Монгол төр цагийн зүү мэт оновчтой, чадварлаг, цомхон бүтэцтэй байх ёстой. Монгол төр аалзны тор мэт сүлжилдсэн авилга, аливаа будлианы аранга байх ёстой. Монгол төрийн ажил булхай луйвраар бялхах бус бүтээн байгуулалтаар цалгих ёстой. Энэ бүхний түүчээ бол өнөөдөр та бидний батлах гэж байгаа манай намын мөрийн хөтөлбөр юм. Та бидний боловсруулж, ард олноороо шүүн хэлэлцүүлсэн энэ хөтөлбөр амлаж аргацаах бус андгайлж хэрэгжүүлэх Ардчилсан намын зорилго байж, Монгол төрийн бодлого болох учиртай.
Хэрэгтэй зүйлийг, хэрэгтэй газар нь, хэрэгтэй цагт нь байлгана гэдэг хамгийн чухал ажил. Өнөөдөр Монголын хөгжлийн хөтөлбөрт ус агаар шиг хэрэгтэй тэр зүйл бол Шударга ёс юм. Тиймээс эх орондоо шударга үнэнийг авчирхын тулд Бид:
- Газрын доорхи баялагыг шударгаар хувиарлах болно. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж Ард түмэн нэг л удаа мөнгө авдаг гал унтраасан аргаас хагацаж, насан туршдаа газар доорхи баялагаасаа хувь эзэмших болно.
- Бид ДНБ-ний улсын төсвийн эзлэх хувийг багасгаж Данхар төрийг цомхон болгоно. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж ард түмэн биш Монгол төр бүсээ чангалах болно.
- Бид улсын төсвийн аливаа худалдааг ил тод, ард түмний хяналтан дор явуулдлаг болгоно. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж тендерийн булхай түүх болж, төрийн нэрээр луйвар хийгчдийн нуруу бөхийх болно.
- Бид хувийн хэвшил, тэр дундаа жижиг бизнес эрхэлэгчдийн татварыг 10 хувь авлаа ч 9 хувийг нь буцаан өгч татварыг хэмжээг 1 хувьд хүргэнэ. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж дундаж давхарга мөрөөдлийн жагсаалтанд биш, бодит амьдрал дээр биеллээ олох болно.
Шаардлагатай зүйлийг, шаардлагатай газарт нь байлгана гэдэг дараагын чухал ажил юм. Энэ бол Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах. Үүний хүрээнд Монголчуудаа хөдөлгөж, Монголчуудаа ажилуулах замаар Монголыг дархлаажуулах болно.
Бид шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэхийн төлөө ажиллана. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж, хүнсний аюулгүй байдлын баталгааг эрхэмлэсэн үндэсний үйлдэрлэлийн бүтээлч аян өрнөх болно. Малаар баян монгол махаар гачигдаж болохгүй ээ. Ийм гажиг тогтолцоог өөгшүүлэгч дотно гадны бохир бизнесийг хазаарлах болно.
Бид архины зүй бус хэрэглээтэй тэмцэнэ. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж архинаас дайжсан айл гэрийн аз жаргал, амьдралын итгэл тэмүүлэлтэй хамт буцаж ирнэ.
Бид шударга ёс, зөв хөгжлийг боомилсон учирзүйн уялдаа холбоогүй хуулийг өөрчилнө. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж, дарамталдаг далайлгадаг, далимдуулдаг гуйвуулдаг биш Монгол хүнд ээлтэй, Монгол хөрсөнд нутагшсан тийм л хуультай болж, биелүүлж, хэрэгжүүлэх болно.
Бид Монголын баялагыг Монголын хамгийн үнэтэй тэр л баялагт өгөх болно. Бидний хөтөлбөр хэрэгжих цаг мөчөөс эхэлж Хүүхдийн мөнгө дахин Монголын үрсэд олгогдох болно.
Түмэн олны минь итгэл түшиж, төрийн жолоог атгуулах цаг мөчөөс эхэлж, Ардчилсан Монголд төр засгийн зөв жишиг тогтож, шударга ёс, хариуцлагатай сайхан амьдралын үүр цайх болно. Чухамдаа тэр үүрийн түүчээ, гэгээ болсон бид бүгдийг чиглүүлэгч луужин нь өнөөдөр бидний хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр юм.
ҮЗХ-ны гишүүдээ, Өнөөдөр бид энэхүү хөтөлбөрөө баталсанаар, Монголын маргааш Монгол хүнийг ивээх болно
Анхаарал тавьсанд баярлалаа