
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг эцэслэнэ. Ямар ч байсан одоо тодорхой болоод буй харьцаагаар сайд Ц.Нямдорж сайдын суудалдаа үлдэх нь тодорхой болоод байна. Энэ нь ИЗНН-ын гурван гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж хариуцлага хүлээлгэхээс бултаад буй бол анх огцруулах төслийг мэдүүлсэн есөн гишүүнээс хоёр нь байр сууринаасаа ухран урваад байгаатай холбоотой. Урвагчид хоёроор тогтохгүй гурав ч болж мэдэх талтайг улстөрийн хүрээнийхэн мэдэгдэх болов. Одоогоор огцруулах төслийг өргөн мэдүүлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Р.Раш нар огцруулах кноп дарахаа больсон гэж мэдэгдээд байна. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хооронд өрнөх тулааныг 39х34 гэсэн харьцаанд хүргээд байна. Тодруулж хэлбэл, Ардчилсан намын бүлэг 27 гишүүнтэй, үүн дээр огцруулах төсөл мэдүүлсэн долоон гишүүнийг оруулаад тооцохоор сайд Ц.Нямдоржийг огцруулах кноп дарах нь 34, огцруулахгүй гэж хамгаалж авч үлдэх МАН-ын бүлгийн гишүүдийн тоо 39-д хүрээд байна.
Г.ДАРЬ