Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Нохойн орон 1

1990-ээд оны дундуур хаврын нэг өдөр төр засгийн бодлогыг эсэргүүцэж  нэг нөхөр өөрийгөө шатаахаар зарлав. Яг  баасан  гаригийн  14 цагт их жанжин  Сүхбаатарын  талбай  дээр  зулын  гол  болохоор тов тодорхой зарлав. Нилээд их хэмжээний хөвөн марль  бензин, есийн тос   мод  түлээ  бэлдсэнийгээ зурагтаар үзүүлэв. Тэр өдөр  тэр  хугацаа  нь ч  болов.

    Харин монголчууд болохоор мууд дуртай, бас нэн сониуч тул хүн хэрхэн  өөрийгөө  шатаах,  хиншүү  шарвас яаж үнэртэх гал нь хэрхэн дүрэлзэх хаанаасаа эхлэн хэрхэн  шатаж дуусах, шатаж байх үедээ хэрхэн орилох, яаж амь тавих, зулын цөгц нь хэр зэргийн  томыг харахаар талбай дээр харин нэг хүмүүс дүүрэн байлаа.

Гэтэл ажиллагаа эхэлдэггүй нэг цаг өнгөрөв, хоёр цаг өнгөрөв. Ахиад хагас цаг өнгөрлөө.  Хүлээж ядсан зарим нь:

     “Манайхан ингээд цагаа барьдаггүй  юмаа” гэхэд нөгөөдөх нь “Харин тиймээ    манайхан дэндүү, шал худалч!” хэлсэн амандаа хүрэхгүй хэрэг алгаа! хэмээн тун харуусангуй үглэх ажээ. 

     Ингээд бүхэл бүтэн хүнээр гол хийсэн том зул ассангүй. Ер бусын үзвэр үзэж чадалгүй хулхидуулсан үзэгчид гурван цагийн  дараа  урам  муутайхан  чиг  чигтээ  гэрийн  зүг тарж билээ.    

    Бидний монголчууд улс төрийн  тэмцлийн олон  хэлбэрийг эдүгээ андахгүй. Эсэргүүцлийн  цуглаан хийх, жагсаал хийх, шаардах бичиг хүргүүлэх, Төрийн ордныг гороолох, улс төрийн суулт хийх, өлсгөлөн зарлах, хуурай өлсгөлөн зарлах, хамгийн хурц  хэлбэр нь өөрийгөө шатаах буюу зулын гол болох юм байна. Энэ бүгд ул болж “Хаврын синдром” гэсэн өвчний онош тавиад жагсахыг ч бас өлсөхийг  төр нь ч ард олон ч  нэгэнт тоохоо больжээ. Жагсаал цуглаанаас таван хүн буудан хороож нөгөө муу Баасан авгайг хүртэл долоон удаан шоронд хийж томоожуулсан тул болж бүтэхгүйгээ коммунизмийн үеийнх шиг гэр орондоо л ярьж суудаг болжээ.

 Саяхан эвсэл хөдөлгөөнүүд дахин нэгдэж аваад УИХ тараах тухай мэдэгдэж нилээд олон хүн жагсч, улмаар өлсгөлөн зарласан авч “бөөсөнд хутга” гаргаж шөнө дөлөөр арван мянган  цагдаагаар бүслүүлж  өлсөж буй хэдийг чононы үүрнээс бэлтрэг суйлж буй маягтай нэг нэгээр нь суйлж сарвайтал дамжилж “Фургон” машинд чихэж аваад мөнөөх “Синдром” өвчнийг нь  албадан эмчлэх нэрээр эмнэлгүүдэд тарааж өлсгөлөнг хүчээр зогсоов.

Гэтэл байдал ямар байна вэ.

Монгол орон ядуурлын хэмжээгээр дэлхийд сүүл мушгив. Нэг хүн амд оногдох ДНБ орлогоороо  дэлхийн 200 гаруй орноос сүүлээсээ 17-д жагсч байна. Монголчуудын 40 хувь нь ядууралд орж, шудрага бус явдал газар авч  хууль шүүх прокурор нь ерөнхийдөө бүрэн дампуурчээ.

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Энэ өдрөөс Монголд шударга бус явдал  цэглэгдэж авилгачид гишгэх газаргүй болно” хэмээн  гэж сүртэй өндөр дуугаар зарлан тунхагласан авч  хүчин мөхөсдөж одоо тэрбээр ерөнхийдөө томоотой хүн болжээ.

   Хойт эцэг  нь  байнга хүчирхийлсэнээс охин гэрээсээ дүрвэж, өлсөж үхэхгүйн  тулд 5000 төгрөг хулгайлжээ. Монголын  шүүх тэр охинд 10 жилийн  ял өгөв.  Гар утас хулгайлаад 5 жил ял авсан тохиолдол ч байна. Харин Хадгаламж зээлийн хоршоодын эзэд  хэдэн тэрбумаар нь идчихээд бүгд 5-6 жилийн ялтай салж байх юм

 Чимэдцэрэн 14 тэрбум гав ганцаараа залгичихаад мөн л 10 жилийн ял үүрэв. Та сард 250000 төгрөгийн цалин авдаг бол юу ч идэхгүй, бас хэрэглэхгүйгээр 4666 жил  насалж байж энэ их хөрөнгийг цуглуулна. Мөнгө албан тушаал хоёр хуулиас тохой өндөр  болсон тул Монголын хууль ийнхүү гууль болсон хэрэг. Хариуцаж  буй  сайд нь өөрийгөө өмөөрөөд хүн боож унагаад байдаг.

Тээр жил Дэмбэрэл гэдэг  нөхөр хоёр том даргыг хулгайд сэрдэв. Өөрөөр хэлбэл, улсын сан хөмрөгөөс туусан, “Цайрт минерал”-ын ордыг хятадуудад ашиглуулаад улсаа 100 тэрбумаар хохироосон гэж сэрджээ. Угтаа  Хятад улс Монголд 50 сая ам.долларийн зээл тусламж үзүүлжээ. Гэтэл тэр зээлийг нь манай “их гар”-ууд монголчууддаа биш  хятадуудад өгчихсөнд хэргийн учир илэрхий сэжиг оршиж байлаа. Цаадуул нь гэмгүй намайг гүжирдлээ хэмээн шүүхэд гомдоллов. Нөхөр Дэмбэрэл  худал  хэлж хүн  гүжирдсэн эсэхийг тогтоохын тулд хүссэн  ч  хүсээгүй  ч эрхэм нөхдийг шалгахаас өөр зам байхгүй.  Шалгаж  байж л тэр хоёрыг хиргүй ариун явдалтай,  харин Дэмбэрэл  хүн  гүтгэгч өөдгүй шаар болохыг батлана.   

Гэтэл манай шүүхийнхэн  болохоор огт  шалгахүйгээр энэ нөхөр Дэмбэрэл бол  хүн  гүжирддэг этгээд, харин манай хоёр дарга болбоос ариун  явдалтан  хэмээн тогтоогоод  Дэмбэрэлийг шууд шоронд  хийгээд дараа нь 10 саяар  торгов.

             Өнгөрсөн онд УИХ хувийн банк дампуурвал дампуурлыг төр /ард түмний татварын мөнгөөр/ даана гэсэн хууль гаргав. Ингэхдээ банк дампууруулсан хэргийн эзэдэд хэрхэн хариуцлага тооцох тухай ойлголт захын долоон буудлын  чавганцын толгойд  ч ормоор доо. Үүнийг зориудаар цоорхой болгон орхисон тул хэдүүлээ нийлж банк зориудаар дампууруулчихаад төрөөр даалгах маш өндөр унцтай 140 гариу тэрбумын бизнесийг  томчууд хийх нь тэр. Дээгүүрээ ийнхүү байхад тэр доогуур юу болж байна вэ.

 Монголын 3 хүн бүрийн нэг нь гэмт халдлагад өртөж гэмт хэргийн улмаас жил дутам 3000 шахам хүн цаг бусаар нүд аньж хорвоог орхих болов. Зодуулж боолгуулж, дээрэмдүүлнэ, хулгайчид гэр орноо, аль бүхнээ тонуулна, хутгалуулна буудуулна, хүчиндүүлнэ, машинд дайруулна, хурдны зам дээр аваарт орж үхнэ, машин галт тэрэг хоорондоо мөргөлдөж хүн эндэнэ, усанд унаж үхнэ, хэдэн малынхаа хойноос шуурганд үхнэ, бүр хүүхдээ тэврээд осгож үхнэ, согтуугаар гудамжинд хөлдөж үхнэ, траншейд үхнэ, зарим нь өөрийгөө боож, дүүжилж бүр 12 давхраас үсэрч амиа хорлоно. Гудамжны угаадас, зам талбайн мөс цасанд хальтарч,  нүхэнд унаж, согтуу жолоочийн машинд мөргүүлж гар хөлөө хугалж, тахир дутуугийн групт орно. Мартаар хэтрүүлж найрласан хүүхэн жолооч,  айлын гэр дайрч хүн ална. Гол нуурын  мөс цөмөрч машинтайгаа живнэ.   Уусан архиндаа хөлчүүрч зодолдож, нанчилдаж бие биенээ хөнөөнө,  архинаас хордож нэгдсэн журмаар бөөнөөрөө  үхнэ, идсэн хоолноосоо хордож амь тавина, Хүүхдүүд үдийн цайнаас хордож хэдэн зуугаараа  эмнэлэг бараадана. ДОХ тусаж үхнэ, цианитад хордож амиа алдана, нисдэг тэрэгтэйгээ сүйрэлд орно. Тавхан настай балчир үр мөнгөнөөс болж хойлоогоо хэрчүүлнэ. Насанд хүрээгүй охидыг хүчирхийлж ална.Төрсөн эхийгээ нүдийг нь сохолж  ална. Шуудай нүүрс, ширхэг алтны төлөө уурхайн шороонд даруулж үхнэ. Үе үе үйлдвэрлэлийн ослоор талийгаач болно. Гал түймэрт шатаж үхнэ.Эх орны хил дээр монгол цэргүүд бие биенээ буудаж, бас амиа хорлож цаг бусаар явна. Хөдөөд хятадууд машинаараа дайрч ална. Ирак, Афганы дайн л гэсэн үг. Байсхийгээд нярай хүүхдийн цогцос, эзэнгүй цогцос энд тэндээс олдоно.  Бүр сүүлдээ хүний эд эрхтэн зуучихсан нохой хүртэл захын гэр хороололд явж байх нь тэр. Уутанд хийсэн хүний толгой хашааны  булангаас ч олдож байх шиг. Энэ одоо юу гээч  болж байнаа. /Эс үнэмшвэл зөвхөн 2008-2010 оны өдөр дутмын сонины дугааруудыг сөхөж үз, ЦЕГ-ын тоо бүртгэлийг  үз/ 

     Хөдөөд малчид амь зуулгын хэдэн  малаа шуурганд тавьж тууна, бас сүүлгүй чононд тавьж  тууна. Хотод зарим нь Солонгос луйварчинд байдаг хэдийгээ зальдуулж хэтэвчээ гөвнө. Захын хорооллын ядуус орой үдэш овоолсон хогонд бүдэрч, хар утаан дунд зүг чигээ алдаж ханиалгаж  бүгшүүлж, уушигны төв, хавдрын эмнэлгт урт дараалал үүсгэж өдрийг барна. Бүр зарим нь өөд болсон нэгийгээ оршуулах зардалгүй гэртээ сар хадгална. Зарим нь айлын зуслангийн  хашааны дэргэд тавьчихаад арилж өгнө. Түүнийг нохой шувуу зооглож хэрзгэр яс үлдэснийг зурагтаар үзүүлэв. Гудамжаар машины түгжрэл дунд жолооч нар хараалыг  ерөөл шиг урсгана. Зам гэж там тул өр зээлээр авсан  машин нь төдөлгүй ямбийрч үнэтэй сэлбэгэнд нь хэтэвчээ гөвж  дуусна. 

Гэтэл тэдний хажуугаар дарга нар, дээдсийн хөлөглөсөн гялалзсан хар жип машинуудын цуваа гэрэл дохиолол чарлуулан түгжрэл бөөгнөрлийг хага зүсэн хуй салхи  лугаа довтолгон одоход тоосонд нь үлдсэн түмэн олон араас нь залбирч Тэнгэрлэг заяат дээдэс минь авралдаа багтаа. Энхрий хайрт нам  минь бидэндээ сая таван зуугаа болгоож хайрла хэмээн залбирч сүсэглэнэ. Шар ордонд суугаа ихэс дээдэс болохоор Айвенхо майнз, Бороо Гоульд, гаднынханы өмнө сөхөрч авралдаа  багтааж  болгоож хайрал  хэмээн   сөгдөж мөргөнө. Цаадуул нь  Манж амбан шиг аашилж гэдийхээрээ гэдийнэ. Зарим сайд  Айвенху Майнзийн компанийн орлогч захирал, менежерийн ажлыг давхар хашиж, албаа сайн гүйцэтгэсэн тул өндөр ашиг хүртэнэ. Ерөнхий сайд харь орноор  хэсүүчилж нүүрээ улалзуулан мөнгөний  бадар барина. Их өрийг тэгэлсэнийхээ хариуд их өндөр хүүтэй их өр тавина. Хөдөөгийн  уул тал үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ лиценз нэрээр харийн мэдэлд очиход, гол мөрөн нуур ус ширгээд овоолсон шороо ухсан нүх болон үлдээд авилгач түшмэлийн түрийвч түнтийж, гаднын луйварчин тэрбумтан болоод нисэж одно.  Байгаа жаахан  ой нь түймэрт бас хулгайд хуйхлагдаж хожуул болон  ярайна. Хотын захад бульш ухаж тонож  төмрийг нь тушаадаг байхад хөдөөд бүр Хүннү Сүннүгийн бульшийг ухаж, хүн чулуун хөшөөг хоёр гурваар нь  хулгайлаад зарчихдаг болов.

 Монголын идэр залуу эрчүүд аргагүйн эрхэнд боолын хөдөлмөр эрхэлэхээр хэдэн мянгаараа авралын од болсон харь гүрнийг зорин одоход гэртээ хоцорсон охид бүсгүйчүүдийг нь баян хужаа, солонгос эрчүүд эргүүлдэж  амраглана. Эрхтэн дарга нар Сүхийн талбай тойруулаад албан конторийн сүрлэг шилэн байшинг хэд хэдээр нь   босгож түүндээ ямбалж суухад хүүхдийн төрөх эмнэлгүүд нь нурж унах шахаад нярайн эндэгдлээр  бөөнөөрөө үхнэ.

Хүнлэг энэрэнгүй шудрага нийгэм,  шудрага ёс зүүд зэрэглээ болон хоцорчээ. Үүнд дургүйцэж бухимдахдаа л залуус чулуу  нүүлгэж, цонх хагалж байшин шатаахдаа хүрснийг ойлгоход тийм их ухаан шаардагдахгүй. Тахианы тархи ч хангалттай

Төрийн  зайлах аргагүй  эрхэм үүрэг бол ард түмнээ айх аюулгүй амар жимэр гэдэс цатгалан амьдруулах  үүрэгтэй байдаг. Үүний тулд  энэ 76 нөхрийг сонгож, дэвшүүлж, шүүх, арми, цагдаа, прокурор хийгээд төр хэмээх дэндүү нүсэр байгууллагуудыг  бид нуруун дээрээ дааж ядан үүрч  явна. Гэтэл төр үүргээ огт биелүүлдэггүй. 

Авилгын хэмжээ сая ам.доллараар яригдаж  бүхэл бүтэн улсаа худалдах хэмжээнд  хүрч байна. Оюутолгойн гэрээнээс авилга нэвт ханхалж үнэртэж байна. Айлд очоод авдранд  байгаа 10 үе дамжсан үнэтэй хөөрөгийг тань олон  саяар борлуулж өгье. Зараад  34 хувийг  гэрийн эзэнд үлдээж 66 хувийг нь авья гэвэл та зөвшөөрөхүү 34 хувийг нь ч бас эзэнд зүгээр өгөхгүй гэрийн эзэн мөнгө төлж байж өөрт ноогдох хувиа авна гэж байгаа. Авилга  аалзны  тор лугаа  хэрсэн  тул улстөрчид “Надад баримт  бий,  цаг нь  болохоор  хэлнэ” хэмээн айлддаг болов. Энэ  өгүүлбэрийг орчуулбал “Чиний булхайг би мэднэ.  Хэрэв миний булхайгаар оролдвол чиний  булхайг дэлгэнэ шүү” гэсэн үг юм. Авилга ард  түмний  нүдэн  дээр  хэнд ч ойлгомжтой  дэндүү ил харагдаад  байдаг  гэтэл АТГ нүсэр том байгууллага нэг ч авилгачинг илрүүлж бардаггүй дээ. Уг нь хариугүй  илрүүлэх гэж  байтал Элбэгэдорж өршөөчихсөн гэнэ. Илрүүлсэн нь бригадын тоо бүртэгч, сум багийн засаг даргын хахуульд авсан ганц нэгэн мянган төгрөгний жараахайнууд.  Нэгэнт хийх ажил хомс тул зарим дарга нь хүүхэн хүчиндэж, порнодож  цагийг нөхцөөнө.      
  
     Угтаа хариуцлага хүлээнэ гэдэг нь хор идсэн мэт хаширахыг л хэлнэ.  Ганц худагт сууж  шоронд  ял  эдлүүлэхийг хэлнэ.  Би  шудрага  ажллахгүй бол, би эх орноо  худалдвал,  би хуулийг завхруулбал би луйвар хийвэл би  авилага  авбал намайг  шоронгийн төмөр  тор, дүүжлүүрийн  олс, цаазын давцан хүлээнэ гэж  зүрхэнд нь шар ус хуруулж  тархинд нь айдас дагаж  байх ёстой.  Авилага луйварт холбогдсон улстөрчийг нийгмийн бүх амьдралаас үүрд зайлуулагдаж улс төрийн үхдэл болгох ёстой. Ингэж байж төр цэвэршинэ. Өөр зам үгүй.
                                Үргэлжлэл бий

                        Г.Алтангэрэл  /инженер багш/
Жич: Монголын хамгийн олон уншигч, хандалттай www.news.mn сайтын хаягаар захидал илгээж  өөрийн байр суурь, үзэл бодлыг хуваалцах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Та эдгээр хүмүүсийн байр суурьтай санал нийлэх албагүй ч өөрийн байр суурийг илэрхийлэх эрхтэй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж