Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг хэлэлцэх гэж байгааг сонгогч олон энэ өдрүүдэд анхааралтай ажиглаж байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан үйл явдалтай холбогдуулан гаргаж тавьсан билээ. Тэдний шаардлага төдийлэн үндэслэл сайтай биш ч Ц.Нямдоржийн зүгээс өөрийг нь огцруулахад хангалттай үндэслэл болохоор бусармаг үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулсаар иржээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь 2008 оны 7 дугаар сарын 1-нд сонгуулийн булхайг эсэргүүцсэн сонгогч олны жагсаалыг зэвсгийн хүчээр тарааж, 5 хүний амь үрэгдсэн аймшигт хэргийн буруутныг тогтоох, шүүх үйл явцыг саатуулах, үгүйсгэхийг оролдох, сонгуулийн будлианыг ахин гаргуулахгүйн тулд шинэчилсэн бүртгэл, ухаалаг үнэмлэхийг сонгуульд ашиглахаар бэлтгэх явцад зориуд саад учруулж, хуучин үнэмлэхээр санал өгүүлэх, тэр ч битгий хэл 16 мянган сонгогчийг иргэний үнэмлэхгүйгээр сонгууль өгүүлэх тухай ярьж эхэлсэн нь улс төрийн ноцтой үр дагавар авчрах нь тодорхой байна. Иймд МоАХ нь  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг  дэмжиж байгаа байр суурийг сайшааж байна.  

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр тухайн үеийн СЕХ-ны удирдлагаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад санал өгөх явцыг будлиантуулах шийдвэр гаргаж 160 мянган хуурамч санал өгүүлсэн гэмт үйлдлийг өдөөсөн байдаг. Энэ нь бүх шатны шүүх хурлаар нотлогдсон хөдөлбөргүй үнэн баримт билээ. Яг ийм байдлыг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж давтах, сонгуулийг ахин будлиантуулахаар завдаж байна. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулиар гадаадад амьдарч байгаа иргэд санал өгөх боломжтой болсон. Одоогоор монгол улсын нутаг дэвсгэрээс гадна 200 мянга орчим сонгогч байна. Тэдний нэрсийн жагсаалтыг ухаалаг иргэний үнэмлэхтэй тулгаж санал хураалтыг явуулбал ямар ч булхай луйвар гарах үндэс байхгүй болох юм. Гэтэл үүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүсэхгүй байна. Тэрээр намынхаа даалгавраар гадаадад болон дотоодод сонгууль будилуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа учраас МАН түүнийг огцруулах сонирхолгүй байгаагаа хурц тод илэрхийлсээр байгаа билээ.

Бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол 2012 оны 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн дагуу байгуулагдсан сонгуулийн хэсгүүдийн дүн мэдээгээр Монгол Улсад нийт 1 сая 700 мянга орчим сонгогч бүртгэгдээд байгаа. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бүртгэлийн ажилд хуруу дүрж, ухаалаг үнэмлэхийн ажлыг гацаасны дараахнаас 1 сая 830 мянга гаруй сонгогч сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл тараах боллоо. Хоёр сар гаруйхны дотор сонгогчдын тоо 10 гаруй хувиар өссөн, 16 мянган сонгогч үнэмлэхгүйгээр сонгууль өгөх, эсвэл өгөхгүй байх нөхцөл байдал үүсээд байхад “харилцан тооцоо бодох, өс хонзон тайлах гэлээ” гэх мэт явуургүй үндэслэл хэлж хойш суулгүй асуудалд нухацтай хандах, сонгогчдын эрх ашгийг эрхэмлэж хандахыг УИХ-д суудалтай намууд, бие даагчдад уриалж байна.

Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 22 жилд, хэдэн парламент дамжин сонгогдож, ХЗДХЯ-ыг хэдэнтээ толгойлж байгаа Ц.Нямдорж сайдын үед онц ноцтой гэмт хэргийн тоо улам бүр өссөн,  С.Зоригийн амь насыг хөнөөсөн зохион байгуулалттай улс төрийн зорилготой аллагын хэргийг илрүүлэхгүй байгаа зэрэг нь ч түүнийг огцруулах, хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно гэж үзэж байгаа юм.

УИХ дахь МАН-ын шударга гишүүд, ИЗНН, ХМХН, МАХН-ын төлөөлөл, бие даагч гишүүн та бүхнээс Монголд Улсад шударга сонгууль явагдах эсэх шууд хамаарах хариуцлагатай цаг тулж ирээд байгааг ухамсарлаж, сонгогчдын төлөө ухаалаг шийдвэр гаргана гэдэгт найдаж, шударга бус үйлдэл давтагдаж болзошгүйг ахин сэрэмжлүүлье.

Монголын Ардчилсан Холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж